АНУ-ын Төрийн департаментаас Киевт худалдаалахыг зөвшөөрсөн агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийн 500 пуужинг Украин улс 2030 оны 4-р улирлаас нааш авч чадахгүй тухай Украинская правда мэдээлжээ.
Түүнээс гадна Patriot системийн пуужин худалдах-худалдан авах гэрээг АНУ-ын Конгресст хэлэлцэж баталж байж уг гэрээ хэрэгжих аж. Өнгөрсөн сарын 30-нд АНУ-ын Төрийн департамент Украинд Patriot системийн PAC-3 пуужинг худалдаалахыг зөвшөөрч, уг худалдан авалтын гэрээний өртөг болох 2.1 тэрбум ам.долларыг бүхэлд нь Украины түнш орнууд төлнө гэдгийг мэдэгдсэн юм.
Украины эрх баригчид ОХУ-ын агаарын цохилтоос хамгаалахад шаардлагатай Patriot системийн пуужингийн нөөц нь хангалтгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж, Ерөнхийлөгч В.Зеленский НАТО-гийн дэмжлэгээр авсан пуужингуудынх нь нийлүүлэлтийг Вашингтон санаатайгаар удаашруулж байна гэж хүртэл буруутгасан юм.