Б.Заяабал: Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр тараахад хууль, зах зээлийн нөлөөллийг тооцох шаардлагатай

Б.Заяабал: Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр тараахад хууль, зах зээлийн нөлөөллийг тооцох шаардлагатай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудаж уулзаад "Оюу толгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэд бэлнээр авах санаачилгыг гаргасан билээ.

Улмаар Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах нь зөв, буруу эсэх талаар гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагчтай амжилттай яриа хэлэлцээр хийж, Оюу толгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Засгийн газар төсвийн төсөлдөө тусгаж оруулж ирсэн гурван их наядаасаа хоёр их наядыг нь бүтээн байгуулалтад, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг суурь дэд бүтцэд зарцуулахаар тусгаж, энэ талаараа ард нийтээс санал асуулга авсан. Үүнийг иргэдийн олонх дэмжээгүй учраас Засгийн газраас уг саналаа буцаан татсан. Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.2-ын А заалтын дагуу Оюу толгойгоос орж ирэх бүх ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх хууль эрх зүйн заалттай. Энэ хуулийнхаа дагуу зохицуулагдах журамтай. Хуримтлалын санд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрөх юм байна гэсэн төсөөлөлтэй байсан.  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хурамтлалын санд орж ирэх мөнгийг бэлнээр тараахаар болбол Үндэсний баялгийн сангийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж таарах байх. Хэрэв Оюу толгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараавал эдийн засагт ямар нөлөө үзүүлэх юм бэ, гурван их наяд төгрөгийг шууд зах зээлд нийлүүлвэл ямар эффект үзүүлэх вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийж, энэ асуудал шийдэгдэх болов уу. Өнөөгийн хуулиар бол ногдол ашиг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд байрших, цаашлаад иргэн бүрийн нэр дээрх хуримтлалын дансанд байршуулж, орж ирэх нөхцөлтэй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар 2030 он энэ мөнгийг захиран зарцуулахгүй, иргэдийн дансанд татан төвлөрүүлж хадгалах юм. 2030 оноос бусад менежмент буюу мөнгөний зарцуулалтын менежмент хийх хууль эрх зүйн орчин үйлчилнэ. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу ард түмэнд Оюу толгойн ногдол ашгийг тараана гэвэл Үндэсний баялгийн сангийн хуульдаа өөрчлөлт оруулах байх. Олон жилийн өмнөх судалгаагаар зах зээлд нэг их наяд төгрөгийн нийлүүлэлт хийвэл инфляцад 0.5-1 хувийн нөлөөтэй гэдэг байсан. Одоо энэ нөлөөлөл илүү нэмэгдсэн болов уу. Иргэдийн амьжиргаанд бодит хэрэгцээ болж байгаа эсэхийг сайтар тооцох ёстой” гэлээ.