Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, ОХУ руу гарсан эрэгтэйд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргажээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн Т нь энэ оны долдугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэр хилийн дугаар тэмдгийн баруун хойд талаар 800 метр зайд байх хилийн зурвасаар нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-ын хил рүү мотоциклтой нэвтэрч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт холбогдсон байна.
Хил хамгаалах байгууллагаас ОХУ-тай холбоо тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар харилцан тохиролцож Монгол Улсын иргэн Т-ийг хүлээн авсан аж.
Ингээд тухайн хэргийг мөрдөн шалгахад улсын хилийн хууль бусаар нэвтэрсэн Т гэгч нь "Байнга дэмийрэх" оноштой, хэрэг хүлээх чадваргүй нэгэн байжээ. Гэсэн ч прокуророос тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт холбогдуулан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах санал үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Харин Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд Т-ийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт гурван сарын хугацаагаар хэрэглэх шийдвэрийг гаргажээ.
Ташрамд өгүүлэхэд, энэ оны нэгдүгээр сард нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийг "Органик дэмийрлийн эмгэг, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж" сэтгэцийн эмгэгтэй М.Батчулуун гэгч үйлдсэн болох нь тогтоогдож, анхан болон давж заалдах шатны шүүх түүнд бүх насаар нь хорих ял шийтгээд байгаа юм. Харин дээрх хэрэг гарсны дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулж, СЭМҮТ-ийн дэргэд төв байгуулна" гэдгийг мэдэгдэж байсан ч уг асуудал өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байна.