УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулахдаа өнгөрсөн 15 жилийн мөнгөний бодлого, төсвийн алдагдал, инфляцын шалтгаан болон Монголбанкны санхүүгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр “УИХ-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ асуудалд нухацтай хандсан. Бид үндсэн чиглэлийг боловсруулахдаа өнгөрсөн 15 жилийн сургамжид дүгнэлт хийж, хуримтлагдсан суурь асуудлыг цогцоор нь шийдэх багц арга хэмжээг санал болгосон” гэв.
-ИНФЛЯЦЫН 61 ХУВЬ НЬ ШАТАХУУН, МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛЖЭЭ-
Сүүлийн 15 жилийн хугацаанд ердөө таван жилд нь инфляц зорилтот түвшинд хүрсэн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн сарын байдлаар инфляц 13.3 хувьд хүрч, зорилтот түвшнээс хоёр гаруй хувиар давжээ. Үүний 61 хувь нь шатахуун болон махны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Гэхдээ зөвхөн шатахуун, махны үнийн өсөлтөөр инфляцыг тайлбарлах боломжгүйг Монголбанкны Ерөнхийлөгч онцоллоо. Тухайлбал, суурь инфляц энэ оны хоёрдугаар сард 4.2 хувьтай байсан бол 7.4 хувь болж өссөн нь үнийн өсөлтийн дарамт эдийн засгийн бусад салбарт ч тархаж байгааг харуулж байгаа аж.
-МОНГОЛБАНК ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮДЭД 15.8 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖЭЭ-
С.Наранцогтын танилцуулснаар бүтээмжгүй мөнгөний нийлүүлэлт, илүүдэл нь үндсэн гурван сувгаар бий болжээ.
Нэгдүгээрт, Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд юм. Тухайлбал, 2012 оноос хойш ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, цар тахлын үеийн арга хэмжээнүүдэд нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэ нь төв банк төсвийн шинжтэй зардлыг санхүүжүүлж ирснийг харуулж байгаа аж.
Хоёрдугаарт, валютын зах зээл дэх Монголбанкны оролцоо нөлөөлжээ. Монголбанк валютын зах зээлийн зохицуулагч байхаас илүүтэй хамгийн том худалдан авагч, нийлүүлэгч болсон нь мөнгөний зах зээлд богино хугацаат төгрөгийн илүүдлийг байнга бий болгож байна гэж үзсэн байна. Мөн урт хугацаат своп хэлцлүүд валютын улсын нөөцийг нэмэгдүүлдэг ч 2013-2022 онд эдгээр хэлцлээс Монголбанк 1.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ.
Гуравдугаарт, төсвийн алдагдал байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас давсан төсвийн алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн гэв.
Эдгээр сувгаар бий болсон мөнгөний илүүдлийг татахын тулд Монголбанк үнэт цаас гаргаж, 2012-2025 онд нийт зургаан их наяд төгрөгийн хүүгийн зардал төлсөн байна. Гэвч уг зардлыг өөрийн орлогоор нөхөх боломжгүйгээс мөнгө шинээр бий болгох шаардлага үүсэж, улмаар дахин мөнгөний илүүдэл бий болдог тойрог тогтжээ.
-МОНГОЛБАНКНЫ ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛ 6.8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ-
Монголбанкны 2025 оны аудитлагдсан жилийн тайлангаар хуримтлагдсан алдагдал 6.8 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэж байгаа аж. Иймд төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлэх, Төв банкны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг С.Наранцогт онцоллоо.
Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг мөрдөх шаардлагатайг дурдав. Төсвийн дүрмийн хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээг бууруулах, Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.
-2027 ОНД ИНФЛЯЦЫГ ӨДӨӨЖ БУЙ ЗУРГААН СУВГИЙГ ХЯЗГААРЛАНА-
Ирэх онд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хязгаарлаж, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
-
Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хуульчлах;
-
Төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлэх;
-
Валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох;
-
Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих;
-
Банкны салбарын засаглалыг сайжруулах;
-
Санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ багтаж байна.
Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны тухай, Банкны тухай, Зээлийн мэдээллийн тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Валютын зохицуулалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг танилцууллаа. Түүнчлэн Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.