Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг. Үүний адилаар мөнгийг бага гэлтгүй хадгалж хуримтлуулахын ач холбогдлыг хүүхдүүддээ хэлж ойлгуулснаар тэдэнд бүхий л амьдралынхаа туршид мөнгөө хуримтлуулж, зөв зохистой зарцуулах дадлыг суулгах том алхам болдгийг санаарай. Үр хүүхдээ санхүүгийн сахилга баттай, ухаалаг иргэн болгон төлөвшүүлэхэд хэрэгтэй дараах бяцхан зөвлөмжийг хүргэж байна. Хүүхэд бидний ирээдүй.
- Хадгаламж үүсгэ
Та хүүхдэдээ тодорхой зорилготойгоор мөнгөө хадгалж, хуримтлал үүсгэхэд нь туслан ирээдүйд юунд зарцуулахыг нь хамтдаа ярилцаарай. Дуртай тоглоом, дугуй, Эльза гүнжийн даашинз гээд бяцхан үрсийнхээ дуртай басхүү өөрт нь хэрэгтэй зүйл авахаар тохирч, үүний тулд мөнгөө цуглуулах хэрэгтэйг зааж өг. Олон зүйл авахыг хүсэж байвал “Ийм мөнгөөр үүнийг авч болно, харин ийм бага мөнгөөр энийг л авч хүрнэ” гэх маягаар харьцуулах аргыг ашиглаж болно. Ийн тайлбарлаж ойлгуулбал хүүхэд тань мөнгөний тухай өөрийн гэсэн үнэлэмжтэй болж, хуримтлал үүсгэх ёстойг ухаарч, зорилготойгоор цуглуулж эхэлнэ.
- Урамшуул
Банк таны хадгалуулсан мөнгөнд урамшуулал болгож хүү өгдөг шиг та ч бас хүүхдэдээ урам зориг өгч байгаарай. Томчууд бид хүртэл хадгаламж маань өссөнийг хараад илүү их мөнгө нэмж хуримтлуулмаар санагддаг шүү дээ. Үүний тулд хадгалсан мөнгө нь тодорхой үнийн дүнд хүрвэл тэр дүнтэй нь тэнцэх мөнгө нэмж өгч болно. Жишээ нь, хүү, охиндоо “Мөнгөө үрэхгүйгээр хадгалж 20,000 хүргэж чадвал чамд нэмж 20,000 төгрөг өгнө” гэх зэргээр болзол тавибал тэд урамтайгаар мөнгөө цуглуулах болно.
- Сонголт өг
Мөнгөө оновчтой зарцуулж сургахын тулд хүсэл, хэрэгцээ хоёрын ялгааг ойлгоход хүүхдэдээ туслах хэрэгтэй. Сайтар ойлгомжтой тайлбарлаж чадвал ухаалаг сонголт хийхэд нь ихээхэн нөлөө үзүүлнэ гэдэгт итгээрэй. Удаан цуглуулсан мөнгөөрөө амттан авах уу, хэрэгтэй зүйлээ авах уу гэж дунд нь зуун удаа эргэлзэх нь лавтай. Таны үүрэг бол хүлээцтэй хандаж, чиглүүлэг өгөх юм шүү.
- Үнэ цэнийг ойлгуул
Хүүхдэдээ мөнгөний үнэ цэнийг ойлгуулахын тулд гэрээ цэвэрлэх болзолтойгоор багахан цалин өгөөд үз. Ингэснээр мөнгө зүгээр ч нэг бий болдоггүй, үүний төлөө хөдөлмөрлөх хэрэгтэйг тэд мэдэх болно. Үүнээс гадна, хүүхэд тань үнэтэй бэлэг авахуулахыг хүсвэл тодорхой хугацаанд бага багаар эргүүлж төлөх болзолтойгоор гэрээ байгуулж, мөнгөний үнэ цэнийг ойлгоход нь дэмжлэг үзүүлээрэй.
- Зардлаа бич
Хэрэглээний мөнгөө юунд зарцуулсан тухайгаа жижиг дэвтэрт бичин, тэмдэглэл хөтлүүлээд үзээрэй. АФАкадемийг үүсгэн байгуулагч, сургагч багш Ш.Амартүвшин зардлаа тэмдэглэснээр сар бүр 18,000, жилд 216,000 гаруй төгрөгөөр бохь авдгаа мэдсэн тухайгаа дурдаж байсан удаатай. Үүний адилаар зардлаа дүгнэх нь санхүүгийн сахилга баттай хүмүүжихэд нь тусалдаг байна.
- Банканд хадгал
Таны хүүхэд мөнгөө хадгалж, хуримтлуулж нэгэнт хэвшсэн бол жижиг шилэн сав эсвэл мөнгөний гахайнд биш, банканд хадгалуулж, илүү найдвартайгаар өсгөх боломжийг эрэлхийлээрэй. Хуримтлалын ач холбогдлыг ойлгож, мөнгө цуглуулж үзсэн хүүхэд том болоод банканд мөнгөө хадгалуулдаг. Найдвартай, тогтмол урамшуулалтайг нь мэддэг болохоор ийм сонголт хийдэг байна. Та ч гэсэн туршаад үзээрэй.
- Алдахыг нь зөвшөөр
Нэг ч удаа үр ашиггүй зардал гаргалгүй, хариуцлагатайгаар мөнгөө цуглуулдаг хүүхэд бүү хэл, насанд хүрсэн хүн ч байхгүй биз ээ. Мөнгөө зөв зүйтэй зарцуулж сурах бас нэг арга бол алдаж үзэх. Удаан хугацаанд цуглуулсан мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулчихаад харамсах нь бас л нэг сургамж шүү дээ. Ийм болохоор, аав, ээж та хүүхдэдээ хүлээцтэй хандаж, хуримтлалаа захиран зарцуулахыг эерэгээр зааж өгөөрэй.
Ийнхүү хуримтлалын ач холбогдлыг хүүхдэдээ аль болох багаас нь ойлгуулах нь санхүүгийн боловсролтой иргэн болох хамгийн үр дүнтэй арга билээ. Та эдгээр зөвлөмжийг яг өнөөдрөөс туршаад эхлээрэй.