Дотоодоосоо газрын тос авах боломжийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж хаасан уу

Дотоодоосоо газрын тос авах боломжийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж хаасан уу

Монгол улс 2020 он гэхэд шатахууныхаа хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой болно гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд хоёр жил өнгөрчээ. Үе үеийн Засгийн газар сүүлийн 20 гаруй жил газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар тасралтгүй ярьж сая нэг Дорноговь аймгийн Алтанширээ сумнаа барьж байгуулаад ажил нь 60 орчим хувьтай явж байна.

Уг үйлдвэр 2022 онд ашиглалтад орж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж албаныхан мэдэгдсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр рүү хүрэх 27 км төмөр замыг барьж дуусгасан бөгөөд бусад ажлууд хийгдэж байна.

Бид Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум доллароор Газрын тос боловсруулж нефть болгох үйлдвэртэй болж байгаа. Яаж, ийж байгаад үйлдвэртэй боллоо гэхэд газрын тосоо хаанаас авах гэдэг асуудалд мэргэжилтнүүд одооноос санаа зовж эхэлжээ.

Учир нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар манай улс дотоодоосоо газрын тос авах боломжгүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлснээр дотоодоосоо газрын тос авах боломжийг нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж Газрын тосны тухай хуулийн шинэчилсан найруулгыг боловсруулах ажлын хэсгийг ахалж байхдаа хаасан байна. Тус ажлын хэсэг дотоодоос газрын тос авахгүй байхтай холбоотой заалтыг тус хуульд тусгаж өгчээ.

Тодруулбал, Өртөгт газрын тосыг тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр худалдаж авах гэсэн заалт болох өөрсдөө олборлох гэсэн заалтыг оруулж өгсөн байна.

Манай улс Зүүнбаян болон Тамса­гийн ордыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ашиглаж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ­гээр нийт олборлосон  газрын тосны­хоо 26 хувийг л өөрсдөө захиран зарцуу­лах эрхтэй. Хятадтай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа 20-30 жилийн дараа дуусна. Тэр үед газрын тосны нөөц нь хэр байх вэ гэдэг нь эргэлзээтэй.

Манай улс дотооддоо боловсруу­лах үйлдвэр байгуулбал компа­ниу­дын олборлосон тосыг худал­даж авна гэж заасан ч үүнийг Хята­дын компаниуд бүрэн хүлээн авах нь эргэлзээтэй. Учир нь, Хятадын сонирхол нь түүхий газрын тос худалдан авах юм. Тус улсын газ­рын тосны хэрэгцээ жилд 7-8 ху­виар өсч, дотооддоо олборлож бай­гаа газрын тос нь хэрэгцээгээ хангаж чадахгүй байдалтай бай­гаа юм байна. Хятад улс жилд ойрол­цоогоор 100 гаруй сая тонн газрын тос импортоор авдаг.

Хятад улсыг гэ­рээнд заасны дагуу олборлосон тос­ныхоо 50 хувийг авна гэж тооцоолсон ч хоёр сая тонны үйлдвэрийг түү­хий эдээр хангахад хүнд байгаа юм. 1.5 сая тонн олборлосон газ­рын тос­ны 50 хувь болох 750 мянган тон­ныг нь дотоо­­­доосоо хангана гэж бодъё. Харин үлдсэн 1.2 сая тон­ныг нь ямар эх үүсвэ­рээр хангах вэ. Засгийн газар болон холбогдох мэргэжилтнүүд Оро­соос газрын тос импортоор авна гэж ярьж байгаа. Гэхдээ Орос манай улсад олборлосон тосоо өгөхөөс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ л өгөх илүү сонир­холтой байгаа юм.