ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдрөөс эхлэн ТАРААНА

ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдрөөс эхлэн ТАРААНА

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ сарын 20-ны өдөр дуусч, өчигдөр шалгалтын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвийн сайтад бүрэн байршуулж дуусчээ.

2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр 09:00 цагт монгол хэл, 13:00 цагт орос хэл, 16:30 цагт Нийгмийн тухай мэдлэг шалгалтыг зохион байгуулж, шалгалтын материалыг шалгалт өгсөн даруйд нь шууд засаж, анхны оноог шалгуулагчдад мэдээлжээ.

Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хаягийн шалгуулагчийн булангаар нэвтэрч харах боломжтой юм. Анх удаа шилэн технологи ашиглан шалгуулагчдын дүнг гаргасан энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 18130 шалгуулагч бүртгүүлсний 80.2 хувь нь энэ оны төгсөгч 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байжээ.

ЭЕШ-ЫН ШАЛГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдрөөс /2019.06.22/ эхлэн тараана. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас батламж хуудсаа авах бол орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авна. Харин нийслэл хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах аж.