Коронавирусээр далимдуулан гадны улсаас авсан зээл, тусламж хэрээс хэтэрчээ

Коронавирусээр далимдуулан гадны улсаас авсан зээл, тусламж хэрээс хэтэрчээ

Монгол улс коронавирусийн халдварын улмаас хилээ хааж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад долоон сарын нүүрийг үзэж буй. Үүний  улмаас гадаадад гацсан олон мянган иргэд эх орондоо чөлөөтэй нэвтрэх эрхгүй болсон бөгөөд тэд гадны улс орнуудад удаан хугацаанд гацаж, санхүүгийн хүнд байдалд орсон юм. Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж байгаа иргэд онгоцны хоёр талын тийзны төлбөр төлөхөөс гадна, тусгаарлалтын төлбөрөө өөрсдөө төлж байгаа.

Харин энэ хугацаанд Монгол улсын Засгийн газар коронавирусээр далимдуулан байж болох бүхий  л гадны зээл тусламжийг авсан боловч өөрийн улсын нэг ч иргэнээ үнэгүй авчирсан тохиолдол үгүй. Тодруулбал,

  • Азийн хөгжлийн банкнаас зээл 100 сая доллар,
  • ОУВС-аас буцалтгүй тусламж 99 сая доллар,
  • Европын холбооноос буцалтгүй тусламж 50.8 сая евро буюу 59.7 сая доллар
  • Дэлхийн банкнаас  26.2 сая доллар,
  • Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу 9 сая 319 мянган доллар,
  • АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.2 сая доллар,
  • НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган долларын зээл тусламж авчээ.

Үүний зэрэгцээ Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш иргэд болон албан байгууллагууд Улсын Онцгой комисс, ЭМЯ-нд бэлэн болон бэлэн бусаар хандив өгч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 289 аж ахуйн нэгж байгууллага, 256  иргэдээс нийт 7.4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ. Хандивын 3.5 тэрбум нь мөнгөн хөрөнгө, 3.9 тэрбум нь бараа, материал байна.

Тэд энэхүү цугласан хандивыг эм эмнэлгийн тоног төхөөрөмж, ажилчдын хамгаалалтын хувцас, хоол хүнсэнд зарцуулж буй гэсэн хэдий ч өдийг хүртэл ХӨСҮТ 2500 ортойгоо, хүчин чадал, тоног төхөөрөмж муутай хэвээр байгаа юм. Монголдоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга гаруй  иргэнээ бүрэн татаж авахад дээрх хандив тусламж хангалттай хүрэлцээтэй. Гэсэн хэдий ч 10 мянга гаруй иргэн бүү хэл нэг ч иргэн эх орондоо үнэгүй ирээгүй. Төр засгийн тусламж,урамшуулал хүртээгүй. Харин өрөнд орж, байдаг бүхнээ зарсаар эх оронруугаа тэмүүлсээр байна.  Үүнийг үл тоон Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Монгол улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт хандаж, “Тусгаарлах байрны төлбөр төлөөгүй иргэдийг автобусанд суулгасан тохиолдолд хариуцлага тооцох болно” гэсэн албан бичгийг илгээсэн юм. Энэ их зээл тусламж юунд зарцуулагдав, хэзээ монгол хүн эх орондоо өр зээлэнд оролгүйгээр ирж болох вэ УОК-ын удирдлагууд аа, Ерөнхий сайд аа...?