Хятад хүүхдүүдэд монгол дээл өмсгөн, баяр хөөртэйгээр хичээлдээ явж буй мэт бичлэг хийжээ

Хятад хүүхдүүдэд монгол дээл өмсгөн, баяр хөөртэйгээр хичээлдээ явж буй мэт бичлэг хийжээ

Сүүлийн үед цахим сүлжээгээр “Монголоороо байгаасай” дууг уйлан дуулж, сөгдөн мөргөж байгаа Өвөрмонголчуудын бичлэг тарж, олон хүнийг эмзэглүүлээд буй. Учир нь тэдний үндэсний эх хэл бичгийг хятад хэлээр солих шийдвэр гаргасан бөгөөд үүнээс болж тус улсын ихэнх аймаг хошуудад эсэргүүцлийн жагсаал өрнөөд байна.

-ӨВӨРМОНГОЛ СУРАГЧИД СУРГУУЛИАСАА ДАЙРАН ГАРЧ,
ГЭР ГЭР РҮҮГЭЭ ЗУГТААЖ ЭХЭЛЖЭЭ-

2020 оны зургадугаар сарын эхээр Тунляо хотын (хуучинаар Жирэм аймгийн төв) монгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгон өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал ирсэн тухай мэдээ тархав. Зургаа долдугаар саруудад эдгээр нь ихэвчлэн дам яриа байсан бөгөөд тодорхой бодлого, зааварчилгаа нийтэд мэдэгдээгүй байсан боловч идэвхтэй хэлэлцүүлгийг өдөөсөн билээ. Энэ хугацаанд орон нутагт эсэргүүцэл гарах эсэхийг тандах зорилгоор төвөөс туршилт явуулсан байж болзошгүй байна.

Хятадын Засгийн газраас ӨМӨЗО-ын үндэсний бичгийг хятад хэлээр солих шийдвэр гаргаж бүх ном сурах бичгийг хятад хэлээр хэвлэн тарааж эхэлсэн бөгөөд үүнийг эсэргүүцсэн эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас нь авахаар очсон боловч цагдаагийн бүрэн хамгаалалт гарч, нэг ч сурагчыг гаргахгүй байгаа юм. Харин ахлах ангийн сурагчид өөрсдөө үсэрч гаран зугатааж буй бол, бага ангийн сурагчдыг эцэг эх нь авахаар одоо ч тэмцсээр байна.

-ӨЧИГДӨР ТЭМЦЛИЙГ ЗОГСООХООР ӨВӨРМОНГОЛЫН ХОТУУДАД
ЦЭРГИЙН ХУЯГТ МАШИНУУД ОРЖ ИРЖЭЭ-

Өчигдөр энэхүү тэмцлийг дарахаар Өвөрмонголын хотуудад цэргийн хуягласан машинууд олноор явах болсон бөгөөд Хятадын засгийн газраас байж болох бүхий л арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

Тодруулбал, нийтийн сүлжээгээр Хятад хүүхдүүдэд монгол дээл өмсгөн, монгол хүүхдүүд сургуульдаа баяртай хөөртэй явж байгаа дүр эсгүүлсэн зураг авалт хийж байгаа тухай мэдээлэл цацагджээ. Харин ингэхдээ монгол дээлийг буруу өмсгөсөн нь олны анхаарлыг ихээхэн татсан байна. Энэхүү асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж Европын томоохон хэвлэлүүд мэдээллэж эхэлсэн юм.

-ХЯТАДУУД ТАВИЛТТАЙ БИЧЛЭГ ХИЙХДЭЭ МОНГОЛ ДЭЭЛИЙГ
БУРУУ ӨМСГӨСӨН БАЙЖЭЭ-

Наймдугаар сарын дунд хүртэл монгол бичгээс татгалзах тухай хэд хэдэн албан бичгээс гадна хувь хүмүүсийн утасны ярианы бичлэг задарч мөн боловсролын салбарын удирдагч нар хүртэл байр сууриа олон нийтэд илэрхийлсэн нь томоохон хэлэлцүүлэгт хүргэж, эрх баригчдын эсрэг эсэргүүцэл гарч эхлэсэн юм. Түүнчлэн энэ бодлого хэрэгжсэн тохиолдолд багш нар ажил хаях болохоо мэдэгдсэн бөгөөд зарим захирлууд хүртэл албан тушаалаас татгалзахаа зарлаж, нутаг нутгийн нэр бүхий хүмүүс дургүйцлээ сошиалаар дамжин илэрхийлжээ. Мөн наймдугаар сарын 23-ны өдөр монгол сошиал апп Bainu-г тодорхой шалтгаангүйгээр хориглосон бөгөөд WeChat, DouYin (Хятадын TikTok) дээрхи бичлэгүүд алга болж эхлэжээ. Наймдугаар сарын сүүлчээр энэхүү бодлого нь Өвөр Монголын ихэнх хэсэгт буюу аймаг бүрийг хамарч, 2020 оны 9-р сарын 1-нд хэрэгжих тухай албан ёсны мэдээ ирсэн юм. Өвөрмонголын хэд хэдэн хошуу, аймгуудаар хүчтэй үргэлжилж буй уг тэмцэлд манай улсын иргэд төдийгүй, дэлхий даяар тархсан бүхий л монголчууд нэгдэж, эх хэл, бичгээ хамгаалан үлдэхээр тэмцэж байна.

Олон нийтэд задарсан утасны бичлэгт яригдсан зүйлс дээр үндэслэн үзвэл энэ бодлого нь монгол сургуулиудыг ирэх жилүүдийн туршид зөвхөн хятадаар хичээллэх сургуулийн систем руу аажмаар шингээж, монгол хэл дээр орох хичээлүүдийг үе шатлалтайгаар устгах зорилготой болох нь тодорхой юм. Хэдийгээр албан ёсны мэдэгдэлд хятад хэл рүү шилжих хичээлийн тоо нь хязгаартай, мөн монгол хэл дээр хичээл заах нь (хэсэгчлэн) үргэлжилнэ гэж тайлбарлаж байгаа боловч сургуулийн захирлуудын өгсөн мэдэгдэл болон бусад WeChat мессежүүд нь Өвөрмонгол дахь монгол үндэстний боловсролын тогтолцоог бүхэлд нь Хятаджуулахад чиглүүлж байгааг харуулж байна. Үүнээс гадна БНХАУ-ын үндэсний бодлого болон бодит хэрэгжүүлсэн ажлыг нийтэд нь авч үзвэл энэ байдал нь баттай нотлогдож байна.