Өсвөрийн теннисчид Узбекистанд өрсөлдөж байна

Өсвөрийн теннисчид Узбекистанд өрсөлдөж байна

Узбекистан улсын Ташкент хотод 14 хүртлэх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Монгол Улсаас Ч.Маралгоо, Ч.Марта нар охидын ганцаарчилсан болон хосын төрөлд тивийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Манай тамирчин ганцаарчилсан төрлийн эхний тоглолтод Ч.Маралгоо Леван /7:5, 6:3/, Ч.Марта БНСУ-ын тамирчид хожигдож эхний тэмцээнийхээ гарааг амжилт муутай эхлүүлсэн. Гэхдээ манай тамирчид дараагийн тэмцээнийг хожлоор эхлүүлсэн.

Ч.Маралгоо энэ сарын 8-ны өдөр Кыргизстаны тамирчин Аида Пасоноваг /5:3, 4:1/, Ч.Марта Узбекистаны Камола Амановаг /5:3, 4:5, 5:3/ тус тус хожсон юм. Улмаар Ч.Маралгоо Энэтхэгийн Марури /5:3, 4:2/, Ч.Марта тус тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглож байгаа Тайландын тамирчин Вимуктанадаг /4:0, 4:2/ хожигджээ.

Манай тамирчид өнгөрөгч амралтын өдрүүдэд дөрөв, тав дахь тоглолтоо хийсэн. Ч.Маралгоо Узбекистаны Мунисаг 5:3, 5:3-аар хожсон бол Ч.Марта Тайваны Ч.Чэнд 4:0, 5:3-аар хожигджээ.

Манай тамирчдын тэмцээн дуусаагүй байгаа бөгөөд ганцаарчилсан төрлөөс гадна хосын төрлийн тэмцээн хүлээж байна.

14 хүртлэх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://atf.tournamentsoftware.com/sport-с авна уу.