Ч.Хүрэлбаатар: “Мазаалай” бондыг хоёр дахин бага хүүтэй “Номад” бондоор сольж арилжлаа

Ч.Хүрэлбаатар: “Мазаалай” бондыг хоёр дахин бага хүүтэй “Номад” бондоор сольж арилжлаа

Манай улс ирэх 2021 онд төлөх ёстой “Мазаалай” бондын мөнгийг дахин өөр бонд босгох замаар төлөх гэж байгаа талаар бид мэдээлж байсан билээ. 

Тэгвэл өнөөдөр Засгийн газраас “Мазаалай” бондыг хоёр дахин бага буюу 5 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын “Номад” бондоор сольж, олон улсын зах зээлд арилжаалсан тухайгаа мэдээллээ. Тус бондын хугацаа 5.5 жил бөгөөд 2026 онд бондыг эргүүлэн төлөх юм байна.

Шинэ бондын талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Бонд гаргаад бидэнд мөнгө орж ирэхгүй. Гол ач холбогдол нь бид өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажиллагаа хийсэн. Тухайлбал, 2016 онд гарсан, 2021 онд төлөх ёстой “Мазаалай” бонд жилийн 10 хувийн хүүтэй. Харин 2012 онд гаргасан, 2022 онд төлөх Чингис бонд 5 хувийн хүүтэй байгаа. Тэгвэл бид шинэ бондын 600 сая ам.доллараар үндсэндээ ирэх 2 жилд төлөгдөх тус 2 бондыг сольж, арилжаалж авсан гэсэн үг юм гэлээ. Засгийн газар ийнхүү бонд гаргах шийдвэрт хүрсэн шалтгаан нь энэ оны наймдугаар сарын байдлаар улсын төсөв 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан ба “Оюутолгой”-оос бусад шууд хөрөнгө оруулалт татарсантай холбоотой гэж тайлбарлалаа.