Э.Дашням: Цаашдаа ч ажиллах бодолтой байгаа

Э.Дашням: Цаашдаа ч ажиллах бодолтой байгаа

“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч, уртын дуучин Э.Дашням Шунхлай шатахуун түгээх станцад ажиллаж байгаа тухай мэдээлэл сошиал орчинд тархаад байгаа билээ. Тэгвэл бид түүнийг Тасганы овоон дахь Шунхлай шатахуун түгээх станцад ажиллаж байхад нь зорьж очин ярилцлаа. 

-Шунхлай ШТС-д хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ, одоо хэд хонож байна?

-Даваа гарагаас ажиллаж эхэлсэн. /2020.10.05/ Одоо тавдахь хоногтоо ажиллаж байна.

-Дуучин хүн, олны танил хүн шатахуун түгээгчээр ажиллаж байхад хүмүүс яаж хүлээж авч байна вэ? Таныг таньсан байх?

-Таньдаг болохоор их сайхан хүлээж авч байна. Өөрийн ахан дүүс, хамаатан садантайгаа таарахаар сэтгэлд дотно байдаг даа. Түүнтэй адил намайг таниад, маш сайхан хүлээж авч байгаа.

-Шатахуун түгээгчээр ажиллахад ачааллын хувьд ямархуу байна вэ? Өдөрт дунджаар хэчнээн машин үйлчлүүлж байна?

-Ерөнхийдөө өдөртөө 200 гаруй машин үйлчлүүлж байгаа.

-Анх шатахуун түгээгчээр ажиллаж эхлэхэд будлих, алдаа гаргах тохиолдол байв уу?

-Эхэндээ бензиний мөнгөн дүнгээ хийгээд, НӨАТ-ын баримт гаргаж өгөхөд бага зэрэг хүндрэлтэй байсан. Олон машинтай үед их анхааралтай байх хэрэгтэй юм билээ.

-Тав хоног шатахуун түгээгчээр ажиллах хугацаанд өөрт тань мэдрэгдсэнээр энэ ажлын хэцүү болоод сайхан тал нь юу байсан бэ?

-Хэцүү нь гэвэл шатахуун түгээгч нар өглөөөнөөс орой хүртэл 24 цаг хүйтэн цемент дээр зогсоод ард түмэнд үйлчилдэг. Үүний дээр бензин ямар хортой билээ дээ. Харин сайхан тал нь олон хүнд буян болж байгаа нь юм даа.

-Өнөөдөр /өчигдөр/ та Шунхлай шатахуун түгээх станцаар үйлчлүүлсэн хүмүүст гарын бэлэг өгсөн гэсэн. Энэ ямар учиртай үйл ажиллагаа вэ?

-Манай монголчууд цагаан идээгээ дээдэлдэг, алсын замд явах хүнийхээ дөрөөнд сүү өргөж мордуулдаг уламжлалтай. Түүнтэй адил төмөр хүлэг ч мөн мориноос ялгаа юу байхав. Энэ утгаар нь бэлэгшээж шатахуун түгээх станцаар үйлчлүүлсэн хүмүүстээ аян замын ерөөл өргөн 300 орчим сүү тараасан юм.

-Өнөөдөр таны ажлын сүүлийн өдөр болохоор үйлчлүүлэгчдэдээ сүү тараав уу? Эсвэл цаашдаа энд ажиллах бодолтой байна уу?

-Цаашдаа ч мөн ажиллах бодолтой байгаа.