Сүүлийн үед Япон улсаас гаралтай анимэ төрлийн киног дэлхийн мянга мянган хүүхэд залуус шимтэн үздэг болсон билээ. Тэгвэл үзсэн анимийнхаа дүрд чадварлаг хувирч, бүтээлч санаагаараа уралддаг урлагийн төрөл буюу косплей хүүхэд залуусын дунд эрчимтэй хөгжиж байна. Бид энэ удаад анимийн дүрд чадварлаг хувирдаг Б.Хонгорзул хэмээх охинтой ярилцлаа. Түүний хувьд одоо төгсөх ангийн сурагч бөгөөд косплей хийхээс гадна чадварлаг зурдаг нэгэн юм.
-КОСПЛЕЙ ХИЙХЭД НҮҮР БУДАХ, ХУВЦАС ОЁХ, ШИНЭ САНАА ОЛОХ
ГЭЭД МАШ ТӨРЛИЙН ЧАДВАР ШААРДАГДДАГ-
-Сайн байна уу, юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн, сайн байна уу, намайг Б.Хонгорзул гэдэг. Би нийслэлийн 33-р сургуулийн төгсөх ангид сурдаг.
-Зарим хүмүүс коспллей хийх талаар сайн ойлголтгүй байгаа байх. Тэдгээр хүмүүст косплей урлагийн талаар тайлбарлавал?
-Cosplay гэдэг үг нь costume play гэсэн үгийн нийлбэр. Анх Япон улсад үүсч байсан. Ерөнхийдөө тоглоомын баатруудын дүрд хувирдаг хобби болон мэргэжил байж болох урлагийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Ихэнх хүмүүс өөрийнхөө сонирхлынхоо хүрээнд хийж, өөрийгөө хөгжүүлдэг юм билээ.
-Чиний хувьд хэзээнээс косплей хийж эхэлсэн бэ?
-Би хоёр жилийн өмнөөс хийж эхэлсэн. Анх найз маань косплей хийдэг багт ороод намайг хамт хийж үзэх үү гэж асууж байсан юм. Эхлээд хүмүүсийн нүүр будаж байсан ч өөрөө хийж үзмээр санагдаад хийж үзсэн. Анх Цахирмаагийн өвлийн өдөрлөг дээр “Gugure! Kokkuri-san” анимийн Tama муурын дүрээр оролцоод 3-р байранд орж байсан юм. Анхны дүрээрээ байр эзлээд их урамшсан л даа.
-Монголд энэ төрлийн урлаг хэзээнээс хөгжсөн бэ. Тэмцээн уралдаан их зохиогддог гэж сонссон?
-Монголын анхны косплей хийдэг "Монгол Косплей" баг 2011 онд үүсгэн байгуулагдсан. Тэр цагаас хойш анимэ сонирхдог хүүхэд залуус тодорхой хэмжээнд энэ урлагийг хөгжүүлж байна. Харин тэмцээний хувьд Япон поп соёлын өдөрлөг хамгийн өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагддаг. Үүний дараа "Kitsune" багийн нэрэмжит өдөрлөг бас томдоо тооцогдоно. Ер нв багууд тэмцээн их зохиодог.
-ЗАРИМ ХҮҮХДҮҮД ДҮРЭЭ БҮТЭЭХИЙН ТУЛД 8-20 КГ ХАСАЖ
БАЙСАН ТОХИОЛДОЛ Ч БИЙ-
-Хоёр жилийн хугацаанд хэр их тэмцээн уралдаанд оролцов. Чиний хувьд бүтээж байсан хамгийн гоё дүр ямар дүр байсан бэ?
-Миний хувьд косплей тэмцээнүүдэд нийт 8 удаа оролцож байсан. Энэ хугацаандаа 8-9 дүрд хувирч байсан юм байна. Харин гэртээ тест хийх маягаар олон дүрд орж байсан шүү. Миний хамгийн сайн болсон дүр бол сүүлд хийсэн Kindred гээд дүрийн маань хувцас хамгийн гоё санагддаг. Би анх удаа гэрэл холбож хувцас хийж үзсэн. Ер нь маш их хүчин чармайлт гаргасан санагддаг.
-Бүх хувцас, хэрэглэлээ өөрсдөө хийж оролцдог юм байна. Тэгэхээр хүнээс их бүтээлч, шинэлэг санааг шаарддаг байх?
-Тийм ээ, тэгэлгүй яахав. Ер нь косплей хийнэ гэдэг хүнийг маш олон талаас нь хөгжүүлдэг юм шиг санагдсан. Миний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон хүмүүстэй уулзаж, ярилцаж тэднээс их юм сурч авсан гэж боддог. Мөн нүүр будах, хувцас оёх, хувцсаа хийхдээ юу ашиглаж, яаж хийх үү гээд олон зүйлсийг бодож, сэтгэх шаардлага гардаг.
-Косплей хийхэд хамгийн чухал зүйл юу вэ. Зарим хүмүүс дүрдээ сайн орохын тулд турах шаардлага ч гардаг гэж сонсож байсан?
-Тийм ээ, миний хувьд нэг дүрдээ орохын тулд 8 кг турж байсан удаа бий. Косплей хийдэг өөр нэг охин 20 кг турсан ч удаа бий. Хараад үнэхээр их гайхаж, бахархаж байсан. Ер нь бүтээх гэж буй дүрээ маш сайн судлаж, түүнийхээ дагуу өөрийгөө бэлдэх нь их чухал. Гаднаас нь өнгөцхөн хараад бүтээх нь тийм ч сайн зүйл биш.
-Энэ төрлийн тэмцээн яг ямар журмаар явагддаг вэ. Хэр их хүмүүс оролцдог бол?
-Ер нь нэг тэмцээнд 50-иад хүн оролцдог. Тэмцээний шүүлт нь нүүр будалт, хувцас хэрэгслийн цэвэр цэмцгэр байдал, үзүүлбэр, тайзны соёл гэсэн зүйлүүд дээр оноо өгөх журмаар явагддаг. Үзүүлбэр нь дүрээ илэрхийлсэн киноны хэсгээс ч юмуу үзүүлдэг. Илүү бүтээлч байхыг шаарддаг.
-ХҮМҮҮСИЙН ЮУ ГЭХ НЬ ХАМААГҮЙ. ӨӨРТӨӨ ИТГЭЖ,
БИТГИЙ ШАНТРААРАЙ-
-Цаашид хэр их тэмцээнд оролцохоор зорьж байна. Бүтээхийг хүсдэг ямар дүр байдаг вэ?
-Ер нь цаашид өөрийгөө хөгжүүлээд явна гэж бодож байна. Тэмцээнд оролцохыг их хүсч байгаа ч энэ жил төгсөх анги учраас хичээлдээ илүү их анхаарна гэж бодож байгаа. Гэхдээ Animax дээр гардаг Mario-ийн дүрийг дайчны хувцастайгаа бүтээж үзэхийг хүсдэг.
-Чиний хувьд бас их гоё зурдаг юм билээ. Дижитал хэлбэрээр зурдаг юм уу?
-Тиймээ, зураг зурах бол миний бас нэг сонирхол. Би компьютер дээр зургаа зурдаг. Зарим хүмүүс их амархан гэж боддог юм шиг байна лээ. Миний хувьд яг л уламжлалттайгаа адил хэцүү юм шиг санагддаг.
-Цаашид ямар мэргэжилтэй хүн болохыг зорьж байна?
-Ямар ч байсан косплей урлагаа орхилгүй цаашид хобби болгоод хөгжүүлээд явна гэж боддог. Харин программ хангамж юмуу архитектурын мэргэжлийг эзэмшихээр бэлдэж байна.
-Косплей хийх гэж буй хүүхдүүдэд зориулж ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Ямар ч дүрээ чин сэтгэлээсэй бүтээгээрэй, хүмүүсийн юу гэх нь чухал биш шүү гэж хэлмээр байна. Бас хүмүүсийн юу гэхийг сайн сонсоорой. Бусадтай ярилцаж, өөрийгөө таньж мэдээрэй. Эхлэл бүхэн амархан байдаггүй. Тиймээс битгий амархан шантраарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.