“Никелодеон” сувгийн цорын ганц Монгол жүжигчин С.Чингүүн хүүтэй ярилцлаа

“Никелодеон” сувгийн цорын ганц Монгол жүжигчин С.Чингүүн хүүтэй ярилцлаа

13-хан настай монгол хүү “Никелодеон сувгийн алдарт “All That” инээдмийн цувралд дүр бүтээнэ” гэсэн мэдээ нэгхэн жилийн өмнө хэвлэлүүдээр “цуурайтаж”, бяцхан хүүгээр Монголчууд бахархаж байлаа. Түүнийг Сэргэлэнгийн Чингүүн гэдэг. Чингүүн хүү орон орны 20 мянга гаруй хүүхдүүдтэй өрсөлдөж  “All That” цувралын үндсэн долоон жүжигчний нэгээр шалгарчээ. Хэдий 14 настай ч аль хэдийн өөрийн авьяас, чадвараараа Холливудад танигдаж буй С.Чингүүнтэй ярилцах боломж бидэнд олдсон юм. Түүнтэй ярилцахад 14 настай хүүтэй биш, аль хэдийн туршлагажсан, чадварлаг жүжигчинтэй ярилцаж буй мэт мэдрэмж төрж байлаа.

-ДҮРИЙН ШАЛГАРУУЛАЛТАД 20 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД
САНАЛ ЯВУУЛСАН БАЙСАН -

-Сайн уу Чингүүн ээ. Таныг “Никелодеон” сувгийн үзэгчид андахгүй таньж байгаа байх. Сүүлд “Никелодеон” сувгийн инээдмийн цуврал “All That” шоунд дүр бүтээж байгааг тань дуулсан. Киноны талаар яриагаа эхэлье.

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө намайг зочноор урин ярилцлага авч буйд их баяртай байгаагаа хэлмээр байна. Намайг Чингүүн гэдэг. Энэ жил 14 нас хүрч, ахлах ангийн сурагч болсон. Никелодеон сувгийн /Nickelodeon talent/ жүжигчин. 2019 оны гуравдугаар сараас эхлэн “Никелодеон” сувгийн инээдмийн цуврал “All That “ шоуны гол дүрийн долоон жүжигчний нэгээр сонгогдож, бүтэн жилийн турш зураг авалттай байлаа. “All That“ гэдэг нь телевизийн “скетч комеди” буюу инээдмийн цуврал шоу юм. Энэхүү шоу нь 1994-2005 он хүртэл их хит болж байсан, Америкчуудын маш сайн мэддэг шоу юм байна лээ. Хамгийн анхны хүүхдийн инээдмийн цуврал гэдгээрээ алдартай бөгөөд Kenan Thompson, Kel Mitchel, Nick Canon, Gabriel Iglesias зэрэг алдартай одуудыг төрүүлсэн шоу. Ийм нэр хүндтэй шоунд ажиллаж байгаадаа үнэхээр их баяртай байгаа.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ. Хэр ачаалалтай ажиллав?

-Зураг авалт нилээн ачаалал ихтэй, хүнд байсан. Бид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бэлтгэлдээ гарч, тавдугаар сараас зураг авалтаа эхлүүлсэн юм. Нийт 34 ангийн зураг авалт хийгдэж, цар тахлаас болж 2020 оны гуравдугаар сард зураг авалт маань түр зогссон. Киноны зураг “Multi camera” буюу олон камераар /нэг дор 4-10 камер/ зэрэг авагддаг. Миний хувьд анх удаа ийм олон камертай харьцаж байгаа учраас эхэндээ  хэзээ нь аль камертай, хэрхэн харьцах учраа олох гэж зүдэрсэн. Маш олон хурц гэрэлд скетчний хүнд хувцаснуудтай удаан зогсож, нэг үйлдлээ дахин дахин  давтаж, нэг нь алдахад бүгд дахин эхлүүлэх болдог учир аль болох алдаа гаргахгүй байхыг хичээх гээд л зөндөө бэрхшээл тулгарч байсан. Эхний 3-5 долоо хоног зураг авалтад орсны дараа л учраа олж, туршлагажин ачааллаа бага багаар дааж сурсан. Бүтэн жилийн турш маш олон хүнтэй танилцаж, нэр бүхий одуудтай хамтарч ажиллах, уулзах боломж олдож, зөндөө олон үе тэнгийн жүжигчин хүүхдүүдтэй найзууд болж бас өөрийн гэсэн фэнүүдтэй болсон. Холливудад анх хөл тавин маш чадварлаг туршлагатай мэргэжлийн уран бүтээлчид дунд ажиллаж, сайхан дурсамж бүтээсэн.

-“All That “ шоунд ямар дүр бүтээв. Таны өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс хэр ялгаатай байсан бэ?

-“All That” шоу нь инээдмийн комеди цуврал учраас урьд өмнө тоглож байсан дүрүүдээс маш их ялгаатай байсан. Урьд өмнө би Чикаго хотын театруудад тайзны дүрд тоглож байсан бол энэ шоунд дэлгэцийн дүрд тоглож олон камертай харьцаж сурч байна. Тайз болон дэлгэцийн уран бүтээл нь тэс өөр текник, жүжиглэх ур чадварыг шаарддаг. Нэг долоо хоногт нэг анги гарах бөгөөд, анги дотроо өөр өөр дүрд тоглодог учир театраас үнэхээр өөр байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай шоуны “season” 11 зураг авалтаа хийж дууслаа. Анх “season” 1 нь 13 ангитай байхаар санхүү төсөвлөгдөж, нийтэд зарлагдсан. Гэсэн ч шоу гарч эхлэнгүүтээ л хандалт сайтай байсан учир нэмэлт ангиудын захиалга ирж нийтдээ 36 анги хийгдэх төсөв батлагдаж, бид маш амжилттай ажилласан. Харин ковид гарснаар сүүлийн хоёр долоо хоногийн ажил буюу хоёр ангийн зураг авалт хийгдэж амжилгүйгээр нийт 34 ангийн зуралт авалт хийгдэж, season 1 маань  өндөрлөөд байна. Он гараад season 12-н зураг авалт эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Миний хувьд хамгийн анхны дэлгэцийн томоохон уран бүтээл байсан учир бүх л зүйл шинэ, бөгөөд анхных байж маш их зүйлийг суралцсан. 

-МОНГОЛ КИНОНД ТОГЛОХ БОЛОМЖ ГАРВАЛ
ДУРТАЙ ХҮЛЭЭН АВНА-

-Шоуны дүрийн шалгаруулалтын талаар яръя. Ялангуяа жүжигчин болохыг хүсдэг залуу үеийнхэнд сонирхолтой байгаа байх. Шалгаруулалт яаж явагдсан бэ. Тэнцсэн гэдэг хариу сонсоход ямар мэдрэмж төрсөн бэ?

-“All That” шоу нь маш алдартай шоу тул дахин хийгдэх  тухай хоёр жилийн өмнөөс дуулдаж, зарим агентлаг болон эцэг эхчүүд хүүхдүүдээ шалгаруулалтад бэлдэж эхэлсэн гэдэг. Миний хувьд  тэнцэх хүртлээ яг ямар шоунд ярилцлага өгч байгаа талаараа тодорхой ойлголтгүй байсан. ТВ-н инээдмийн шоуны гол дүр гэсэн шалгаруулалтад орж байснаа л мэдэж байсан болохоос тухайн үед яг ямар шоу гэдэг нь нууц байсан. Шалгаруулалт эхлэнгүүт Америк болон Канад, Австралиас 20 мянга гаруй хүүхэд саналаа ирүүлсэн гэж сүүлд жүжигчин хариуцсан найруулагчаасаа сонссон юм. Харин эдгээрээс 5000 хүүхэд эхний шатанд тэнцэж шалгаруулалтад орох эрхээ албан ёсоор авсан. 3000 хүүхэд өөрсдийн  биеэр Лос Анжелест хүрэлцэн ирж шалгаруулалтад орж байхад, 2000 хүүхэд видео хэлбэрээр оролцсон. “Никелодеон” сувгаас манай менежер рүү холбогдож, “Чингүүнийг энэхүү шалгаруулалтад оруулна уу” гэж урьсан байсан. Ингэж ярилцлагад уригдах нь маш ховор боломж байдаг учир бид нар маш их баяртайгаар хүлээж авсан. Шалгаруулалт өнгөрсөн оны 1-3 сарын дунд үе хүртэл маш олон хүнд шат дараалалтайгаар явагдаж, би тэнцсэн гэдгээ сонсоод хязгааргүй их баярласан. Даваа шат болгонд л өөр өөр өрсөлдөгчтэй, хүнд сорилттой байсан тул явцын дунд сандрах, айх явдал ч гарч байсан. Тэнцсэнээ сонсох үгээр илэрхийлэшгүй хамгийн гоё мэдрэмж байсан.  Яг тэнцсэн хариугаа ээж бид хоёр менежертэйгээ хамт утсаар  сонссон юм. Бид гурав учиргүй баярлаж, үсэрч харайн, уйлж хашхиралдаж, тэврэлдэж  бөөн юм болсон/инээв/.

-Сүүлийн үеийн сонин сайхангаасаа хуваалцаач. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Сүүлийн үед бид нар шоугаа сурталчлах төрөл бүрийн арга хэмжээнд оролцохоос гадна, Ник/nickelodeon/ телевизээ төлөөлж өөр телевизийн тусгай нэвтрүүлгүүдэд оролцох, зарим нэг киноны улаан хивсний ёслолд уригдах, ярилцлага өгөх, олон нийтийн сүлжээн дээр янз бүрийн контент хийх гэх мэт нэлээн завгүй ажиллаж байна. Никелодеон сувгаас янз бүрийн контентууд зохиож, цахим орчинд бид нарыг завгүй бас идэвхтэй байлгахыг хичээж байгаа. Бид нар гэр гэрээсээ бичлэг явуулж сошиал орчинд идэвхтэй байж, нийгэм рүүгээ чиглэсэн сайн үйлсийн аянд үзэл бодол дуу хоолойгоороо нэгдэж байдаг. Мөн 12 сард томоохон ТВ сувгаар цацагдах нэвтрүүлгийн зураг авалт Нью Иорк хотод хийгдэж дууссан. Одоохондоо  нууцын гэрээтэй  учир цаг нь дөхөөд ирэхээр тодорхой мэдээлэлүүдийг түгээж, зарлах болно.

-Чингүүний хувьд кинонд дүр бүтээхэд авдаг хамгийн гоё мэдрэмж юу вэ?

-Нэг үгээр илэрхийлбэл “HAPPҮ“ л гэж хэлнэ дээ. /инээв/

-Анх кинонд тоглож байсан Чингүүн, одоогийн Чингүүнд ямар ялгаа байгаа бол. Хэр зэрэг ахиц дэвшил гарсан гэж бодож байна?

-2016 онд анх жүжгийн сургалтын төвд хичээл авч урлагийн салбарт хөл тавьснаас хойш таван жил өнгөрсөн байна шүү. Энэ хугацаанд маш олон төрлийн  хичээл сургалтад хамрагдаж, нэлээн их “кастинг”/дүрийн шалгаруулалт/ өгч олон сорилтуудыг давж, уран бүтээлд оролцох бүрдээ шинээр олон зүйл сурч бүх талаараа өсөн дэвжсэн байна. Хамгийн наад захын зүйл гэвэл агентлагаас мэйлээр “кастинг“ ирэхэд уншаад юуны кастинг гэдгийг харж, ялгах чадвартай болсон. Кино, телевиз, театр болон зар сурталчилгаа, дуу оруулалт гэх мэт өөр өөр жанрын кастингууд ирэхэд тухайн жанр, дүрүүдийн дурдсан онцлогуудаа эхэлж уншиж ойлгож байж зохиол дээрээ ажиллах нь зүйтэй гэсэн арга текник сурсан байна. Мэргэжлийн багшаас зөвлөгөө авдаг байсан нь багассан. Хаана ч ямар нөхцөлд камерын өмнө сандрахгүй байх болон гэнэтийн саатал алдаа гарахад түүртэхгүйгээр, үзэгчиддээ мэдэгдэхгүйгээр, юу ч болоогүй юм шиг алдаагаа цэвэрхэн авч гарах аргууд гээд л зөндөө ихийг сурчээ.

-Монгол кинонд тоглох санал ирж байв уу?

-Монгол киноны санал хэд хэдэн удаа ирж байсан. Энд зураг авалттай байх хугацаанд таарсан тул амжаагүй. Мөн би “ Nickelodeon talent “ гэж овоглож байгаа учир гэрээт хугацаандаа заавал ТВ сувгаасаа зөвшөөрөл авах учиртай. Хүүхдийн ТВ-ийн сувагт ажиллаж байгаа учир миний ажиллах төслүүд хүүхдийн сэдэвт  харшлах эсэх нь юуны өмнө шалгагдана. Мөн өөр төсөлд ажиллаж байгаад ямар нэгэн гэмтэл бэртэл авах ч юм уу, өвдөх юм бол үндсэн өөрийнхөө ажлын зураг авалтад орж чадахгүй шүү дээ. Тиймээс зарим нэг спортын эрсдэлтэй дүр бүтээх эсэх олон нөхцөл болзлуудыг магадлаж байж саналыг хүлээж авдаг. Гэхдээ боломж олдвол дуртай хүлээж авна.

-МАШ ОЛОН ТӨРЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОХОД “ТЭНЦСЭНГҮЙ” ГЭСЭН ХАРИУ АВАХ ТОХИОЛДОЛ ОЛОН ГАРДАГ. ГЭХДЭЭ ҮҮНИЙГ ЭЕРЭГЭЭР ХҮЛЭЭН АВАХ НЬ ЧУХАЛ-

-Таныг хүүхдийн шууд нэвтрүүлгээр хэд хэдэн удаа үзэж байсан. Шууд эфир, энгийн эфирээс хэр ялгаатай санагдаж байна?

-Шууд нэвтрүүлэгт орох тийм ч амархан биш ч гэсэн догдлол ихтэй гоё байдаг. Гол нь юуны тухай нэвтрүүлэгт яах гэж орж байгаагаа сайн ойлгочихсон, асууж магадгүй гэсэн сэдвүүдэд хариулах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөө  чөлөөтэй сайн илэрхийлж чадаж байвал сайн хэрэг. Хамгийн анхны шууд ярилцлагыг өнгөрсөн оны тавдугаар сард Нью Иорк хотод шоуныхаа нээлтийг хийх үеэр өгч байсан. Нью-Иоркийн Манхэттэнд байрладаг “BUILD studio”-д манай “All That” шоуны анхны долоон жүжигчин хамтдаа шууд ярилцлагад орж, “Gen Z”-н төлөөлөл бид та бүхний дуртай шоуг дахин шинээр үргэлжлүүлэх боллоо гээд л зарлаж байсан. Сонирхуулахад энэхүү  “Build studio”  бол Дэлхийн соёлын төв бөгөөд энтертаймэнт,технологи, загвар, бизениссийн салбарын шилдгүүд шууд ярилцлага өгдөг студи учир бид нарт нэр төрийн хэрэг байлаа. Бас энэ шууд ярилцлагыг миний эмээ, нагац эгч нар, үеэл болон ээж маань үзэгчдийн суудлаас үзэж байсан нь бүүр ч гоё дурсамжтай байсан. Маргааш нь та бүхний сайн мэддэг NBC сувгийн “TODAY“ шоунд ярилцлага өгч байсан. Эдгээр шууд ярилцлага Америк даяар шууд цацагдаж  байсан тул маш их хөөрч, сэтгэл хөдөлж байсан.

-Монгол хэлээр хэр ярьдаг вэ?

-Намайг сургуульд орох хүртэл ээж маань монголоор ярьж байсан гэсэн. Гэхдээ би нэг настайгаа эхлээд ясли, өдөр өнжүүлэхэд явж англи хэл дээр хүүхэлдэйн кино үзэж эхэлсэн учир англи-монгол холимог хэлээр хэлд орсон гэсэн. Гэхдээ 7,8,9 настайдаа бямба гариг бүрт монгол сургуульд явж уншиж, үсэг холбож бичиж сурч байсан. Одоо бол монголоор сайн ярихгүй ч хүмүүсийн яриаг сайн ойлгодог. Харин ээж монголоор загнаад байвал ойлгохоо байчихдаг. /инээв/

-Жүжиглэхээс өөр чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ. Морин хуур тоглож байгаа зургийг тань харсан юм. Морин хуур тоглодог юм уу?

-Би уг нь хөл бөмбөгийн хорхойтой хүүхэд л дээ. Харамсалтай нь надад хөл бөмбөг “хөөх” боломж олдоогүй. Чөлөөт бөх,  таеквондо, тулааны урлаг, “kick boxing”-р бага сага оролдож байсан. Жүжгийн мэргэжил сонгосонтой холбоотойгоор цаг зав бага гардаг учир дээрх спортоор тууштай хичээллэх цаг хомсхон, сонирхлын төвшинд л бага сага суралцаж байхыг хичээдэг. Хөгжим гэвэл төгөлдөр хуур сурах дуртай. Анхан шатны хичээлийг мэргэжлийн багш дээр авч анхны дөр суусан. Завтай үедээ таалагдсан аяуудаа бие дааж сурах дуртай.

Морин хуурын тухай “монгол хүн байна даа, морин хуураа хуурдаад сурчихвал” гээд ээж минь намайг 10 настайд анх н.Отгонбаатар багшид шавь оруулж байсан. Нэлээн хол явж хувиараа хичээл авдаг байсан. Жилийн дараагаас Морин хуур чуулгын морин хуурч н.Уянга багш руу шилжиж хувийн хичээл авдаг болсон. Үүний дараа Лос Анжелес руу жүжгийн мэргэжлээ “хөөсөн” учраас морин хуур үргэлжлүүлэн сурах боломжгүй болсон доо.

-Залуу жүжигчний хувьд харахад жүжигчин хүнд байх шаардлагатай хамгийн чухал чадвар юу гэж бодож байна?

-Жүжигчин хүний хамгийн чухал чанар бол сэтгэл зүйн хувьд ямар ч сорилтыг даах чадвартай байх шаардлагатай гэж боддог. Яагаад гэвэл бид нар маш олон төрлийн кастинг /проб -дүрийн шалгаруулалт/ өгч, ихэнх тохиолдолд “энэ удаад тэнцсэнгүй ээ” гэдэг хүндхэн, таагүй  хариуг сонсож байдаг. Жишээ нь миний хувьд гэхэд л бүтэн гурван жилийн турш өчнөөн олон кино, жүжиг, тв-н цувралын дүрүүдийн шалгаруулалтад шантралгүй орсны үр дүнд 2019 онд “ТВ гол дүрд тэнцлээ” гэдэг хариу авсан. Мэдээж “тэнцсэнгүй” гэдэг хариуг сонсох хамгийн хүнд, урамгүй байдаг ч гэсэн энэ шалгаруулалтад орсноор ийм зүйл сурлаа, туршлага боллоо, жүжигчин шалгаруулдаг найруулагчид нүдлэгдлээ, өөрийгөө таниулах сайхан боломж олдлоо гэх мэтээр эерэг боломжуудыг нь олж хардаг. Эерэгээр харж, бодож чаддаг байх нь чухал байдаг.

-Чингүүн хүүгийн мөрөөдөл, ирээдүйн зорилго болон жүжигчин болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд хандаж хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөе.

-Энэ удаад ТВ гол дүр авч томоохон мөрөөдөл минь биелэн, амжилттайгаар дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байна. Харин дараагийн мөрөөдөл бол “feature film” буюу уран сайхны киноны дүр авах. Намайг инээдмийн шоунд тоглож байгаа учраас, хүмүүс драмын дүрд тоглох уу гэж сонирхож асуудаг. Драмын дүрд өөрийгөө сорих сонирхол, хүсэл байгаа учраас  жүжигчний ур чадварын мэргэжлийн хичээлүүдэд хамрагдаж суралцаж байгаа. Харин жүжигчин болохыг мөрөөддөг  хүүхдүүдэд юуны өмнө өөрийгөө хаана ч ямар ч нөхцөлд нээлттэй, чөлөөтэй илэрхийлж сурах хэрэгтэй  шүү гэж хэлмээр байна. Тэгэхийн тулд өөртөө итгэлтэй байх шаардлагатай. Өөртөө итгэлтэй болохын тулд чөлөөт цагаараа сонирхсон дугуйландаа явж, өөрийгөө хөгжүүлж нээхийг хичээгээрэй.  Дуртай зүйлдээ цаг зарцуулж, алхам алхмаар сайжруулж байхад мөрөөдөл заавал биелдэг юм шүү.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

-Баярлалаа.