SCMP: Монгол нүүрсний үнэ өндөр, чанар муу, тээврийн зардал их байгаа нь толгойны өвчин болоод байна

SCMP: Монгол нүүрсний үнэ өндөр, чанар муу, тээврийн зардал их байгаа нь толгойны өвчин болоод байна

Саяхан БНХАУ-ын эрх баригчид өөрийн улсын гангын үйлдвэр, цахилгаан станцууддаа Австрали улсаас нүүрс импортлохыг хориглосон билээ. Үүнийгээ дагаад манай улсын нүүрсний экспорт өсч, хоногт мянган машин нүүрс хил давж буй юм. Тэгвэл БНХАУ-ын Өмнөд мужуудын хувьд манай улсаас нүүрс авахад олон асуудал үүсч байгаа тул удахгүй Бээжингээс дээрх шийдвэрээ эргэн харахаас аргагүйд хүрнэ хэмээн SCMP сайтын нийтлэлд дурьджээ. Ингээд тус нийтлэлийг орчуулан хүргэе.

Бээжингийн эрх баригчид Австралиас коксжих болон эрчим хүчний нүүрс импортлохыг хориглосон. Үүний улмаас Хятадын гангийн үйлдвэр, цахилгаан станцууд Монголоос нүүрс худалдан авах нь ихэсч, нэг өдөрт л гэхэд мянган машин нүүрс хилээр давж байна. Гэвч монгол нүүрсний үнэ өндөр, чанар муу, тээврийн зардал хэт их зэрэг нь зарим худалдан авагчдын “толгойны өвчин” болоод байна.

Хэдий Монгол улстай хил залгаа Хятадын умард хэсгийн мужуудад дээрх өөрчлөлт төдийлөн хүндээр тусахгүй байж болох ч, өмнөд нутгуудад зохион байгуулалт, тээврийн өртөг зэрэг нь гол асуудал болсон. Тиймээс Бээжин дээрх шийдвэрээ эргэн харахгүй бол өмнөд Хятадын хэрэглэгчид илүү үнэтэй дотоодын нүүрсээ ашиглахаас өөр сонголтгүй болох юм. Тиймээс цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрх баригчид дээрх шийдвэрээ эргэн харахаас гарцаагүй болно хэмээн шинжээчид үзэж байна.

Монголын нүүрсний талаар ажиглагч Жеффери Лью, Иле Вен нар ““Монгол нүүрсний нэг сайн тал нь хатуу коксжих нүүрсийг орлож чаддагт оршиж байна. Далайд гарцгүй Монгол Улсад Бээжингийн шийдвэр ашгаа өгч, сүүлийн үед Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт эрс өсч, нэг өдөрт мянган машин хил давах болсон байна” хэмээн хэлжээ.

Ийнхүү экспорт эрчимтэй нэмэгдэж байгаа нь CRU группийн түүхий эдийн зах зээлийн шинжээч Саймон Вугийн хэлснээр хөрш хоёр улсын улс төрийн дотно харилцаа Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд том түлхэц болсон байж магадгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Гэсэн ч уг шийдвэрийн үр дүнд Хятадын өмнөд нутгууд, тэр дундаа далайн эргийн мужуудад хүндрэл үүссэн. Учир нь тэдний хувьд далайн тээврээр нүүрс авах нь амар байдаг бол Монголоос нүүрс худалдан авснаар төмөр замаар тээвэрлэх явцад осол гарах, төмөр замын даацын асуудал зэргээс шалтгаалан олон янзын хүндрэл үүсээд байна.

Ийнхүү Бээжингийн эрх баригчид шийдвэрээ эргэн харахаас аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаа бол Австралийн талаас Бээжинтэй сөргөөцөлдөлгүй, цар тахлын дараа эдийн засгаа сэргээх өөр зах зээл эрчимтэй хайж эхэлжээ.