Гар утсаараа “U-money” картаа цэнэглэх боломжтой боллоо

Гар утсаараа “U-money” картаа цэнэглэх боломжтой боллоо

Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ “U-money” картаа цэнэглэх тал дээр багагүй асуудалтай тулгардаг. Тэгвэл “Улаанбаатар самрт карт” компаниас автобусны “U-Money” картыг гар утсаараа цэнэглэх боломжтой болсон талаар мэдээллээ. Тодруулбал, “Hi-Pay Wallet” аппликейшныг гар утсандаа суулгаснаар та картаа гар утсаараа цэнэглэх боломжтой болох аж.

Ингэхийн тулд “Hi-Pay Wallet” аппликейшнийг “AppStore” болон “PlayStore”-оос татаж аван арилжааны банкны дурын картыг холбоно. Үүний дараа нэг удаа пин код хийнэ.  Аппликейшний голд байршиж байгаа “U-Money  картаа цэнэглээрэй” хэсэгт дарна. Ингээд картаа утасныхаа ар талын NFC уншигч  хэсэгт байршуулна.  Ингэснээр картанд хэзээ автобусанд суусан мэдээллүүд байршина. Цэнэглэх хэсэгт дараад үнийн дүнгээ 5000 төгрөг гэж оруулахад хормын дотор цэнэглэгдэх аж.

Энэхүү карт нь өөрөө NFC технологитой байдаг аж. Сүүлийн үеийн буюу 2014 оноос хойш хийгдсэн iPhone 6 болон Samsung Galaxy S3 утаснаас хойших загварууд өөр дээрээ NFC  уншдаг төхөөрөмж гар утасны хойно суурилсан байдаг. Утасныхаа ард NFC картаа барьж уншуулахад дотор нь хэдэн төгрөг байгаа нь харагдах юм.

“High Payment solutions” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранбат “Манай аппликейшныг ашиглаад бидний зааварчилгааг үзсэнээрээ 100 төгрөг бэлгэнд авах, 20 найзаа урьснаар 2000 төгрөг дансанд авах боломжтой. Хэрэглэгч болсон даруйд 2100 төгрөг өгнө. Ингэснээр 300 төгрөгийн троллейбусанд долоон удаагийн аялал хийх нөхцөл бүрдүүлж байгаа юм. Мөн Улаанбаатар смарт карт компанитай хамтраад сугалаат аян явуулж байна. Долоо хоног болгон U-Money  картаараа нэгхэн удаа цэнэглэсэн хэрэглэгч болгондоо бид автоматаар сугалаа өгнө. Долоо хоног болгон таван азтанг бүтэн жил автобусаар үнэгүй аялах эрхээр шагнаж байна. Нийтдээ 10 долоо хоногийн турш 50 азтан шалгаруулж бүтэн жил автобусаар үнэгүй зорчих эрхээр шагнана. Энэ сугалаанд оролцохын тулд иргэд 7 хоногт нэг удаа ямар нэгэн үнийн дүн харгалзахгүйгээр U-Money картаа "Hi-Pay"  аппликейшнээр цэнэглээд сугалаанд оролцох боломжтой" гэлээ.