Реппер Mrs M: Ямар нэгэн байдлаар доромжлох гээгүй. Зүгээр л “joke” байсан юм

Реппер Mrs M: Ямар нэгэн байдлаар доромжлох гээгүй. Зүгээр л “joke” байсан юм

Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж буй эмэгтэй репперүүдийн төлөөлөл бол Mrs M. Давтагдашгүй хоолой, өвөрмөц өнгө төрхөөрөө аль хэдийн залуусын сонсох дуртай реппер болсон Mrs M-тэй ярилцаж, түүний үзэл бодол, ертөнц хийгээд уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцлаа. 

СОНСОХ:

-“ГАНЦХАН УДАА ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ДУУ ХИЙЕ” ГЭЖ АНХНЫ
УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ БАЙСАН-

-Mrs M сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ, ямар шинэ бүтээлээр сонсогчдодоо бэлэг барихаар төлөвлөж байна?

-Яг энэ сард гэвэл соло нэг дуу, Гинжинтэй хамтарсан нэг дуу мөн Америкийн “B2” компанийн “Лейбел”-тэй хамтарсан хоёр дуу гээд нийт дөрвөн уран бүтээлийн клипний зураг авалтын ажилд ханцуй шамлан орсон байна.

-B2 компанийн талаар яривал. Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм бэ?

-Америкт “B2” буюу “Talent Asia” гээд Дэлхий даяар уран бүтээлчдийн маркетинг хийж өгдөг компани байдаг. Тэр компанитай хийсэн гэрээний дагуу Америкийн алдарт Фарри Форуд  /Farry Forud/ гэдэг продюсертой хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байна. Фарри Форуд   нь Америкийн нэртэй олон уран бүтээлчдийн продюсероор ажилладаг. Олны мэдэхээр French Montana-г гаргаж ирсэн продюсер юм.

-Таны хувьд анх удаа гадаадын уран бүтээлчидтэй хамтарч дуу хийж байна шүү дээ. Ер нь гадаадын уран бүтээлчидтэй хамтрах хэр байна, ямар туршлага хуримтлуулж байна?

-Мэдээж маш гоё байгаа. Өөр хөгжмийн зах зээлийн уран бүтээлчидтэй ажиллахад өөрийнхөө байгаа түвшинг мэдэж, цаашид яах ёстой, юун дээрээ илүү анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэдгээ сайн ойлгож байгаа.

-Та анх “Unicorn” гэдэг амьд хөгжмийн хамтлагт бөмбөрчин байсан шүү дээ. Бөмбөрчнөөс реппер болсон түүх тань их сонирхолтой санагдаж байна. Энэ талаар бидэнд ярьж өгөөч.

-Би ер нь амьд хөгжим сонсдог, рок охин байсан л даа. “Unicorn” хамтлаг маань пост-рок, дрийм-поп /dream-pop/ чиглэлээр тоглодог охидын хамтлаг  юм. Бид 2008 оноос 2012 он хүртэл зохион байгуулагдсан “Playtime”-д амьд хөгжмөөр дагнаж, алгасалгүй оролцсон. Миний хувьд хамтлагтаа бөмбөр тоглодог байсан бол яваандаа гитарчин болж, удалгүй дуулдаг гэдгээ мэдэж, хувьсаж явсаар байгаад өдийг хүрсэн.

-Хөгжимчин охин өөрийгөө дуулах авьяастай гэдгээ хэзээ мэдэж байсан бэ?

-Намайг 14 настай байхад манай гэр бүл Герман руу нүүсэн юм. Тэр үед би нэг их дуулдаггүй байсан. Германд очоод ямар ч найзгүй, гэртээ ганцаараа ихэнх цагийг өнгөрөөдөг байлаа. Ганцаараа байдаг болохоор ч тэр үү янз бүрийн хөгжим сурч, өөрийгөө нээж, дуулах авьяастай гэдгээ анх мэдэж байсан.

-Та 2016 онд анхны уран бүтээлээ хийж байсан. Эмэгтэй репперүүд тэр үед цөөн байлаа шүү дээ. Нийгэм яаж хүлээж авах бол гэсэн айдас төрж байв уу?

-Тэр үед үнэндээ хүмүүс намайг юу гэх бол, яаж хүлээж авах бол гэж огт бодогдоогүй. Би ерөөсөө л дуунд маш их дуртай, реппер болохыг хүсдэг охин байсан. Тэр хүсэлдээ автаж, “ганц удаа өөртөө зориулаад дуу хийчихье, тэгээд л болоо” гэж анхны дуугаа хийсэн. Хүмүүс ч маш гоёоор хүлээн авсан болохоор өөртөө илүү итгэлтэй болж, цаашаа дуу хийх урам зориг төрсөн юм.

-ХҮН ӨӨРИЙНХӨӨ ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ АМЬДАРВАЛ
ЯВАХ ЗАМ НЬ ДАРДАН БАЙДАГ-

-Анх тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрч байв?

-Хамгийн анх “Gandan view” лаунжд цомгийн нээлтээ хийх үеэр Mrs M гэдэг артистаар  тайзан дээр гарч байсан. Тухайн үед маш их сандарч байлаа. Одоо ч тайзан дээр гарахдаа их сандардаг.

-Mrs M гэдэг "артист" гэснээс Тамир гэдэг хүний тайзны нэр яаж яваад Mrs M болсон юм бэ?

-Хамгийн анх би “Цор ганц” гэдэг дуугаа эмээгээсээ нууж хийж байсан юм. Яагаад гэвэл тухайн үед эмээ маань намайг урлагийн хүн болохыг дэмждэггүй, хуулийн мэргэжлээр сурч, дипломатч болгохыг хүсдэг байсан. Тиймээс эмээдээ танигдахгүйн тулд үсээ буржийлгаж, цаашаа харж зогсоод дуулсан. Мэдээж өөрийнхөө нэрээр дуу гаргачихвал эмээ таньчихна шүү дээ. Тэгээд л өөр нэр бодож олох хэрэгтэй болсон. Эхэндээ Mrs A, Мrs O, Mrs  P гэх мэтээр олон хувилбараар хэлж үзтэл нэг л зохимжгүй сонсогдсон. Харин Мrs М гэхэд сонсголонтой бас М үсэг хоёр суурьтай, эмэгтэйлэг юм шиг хирнээ Монгол, “music” гэх мэт надтай холбогддог зүйлсийг илэрхийлж байсан. Тэгээд л Mrs M гэдэг нэрийг сонгосон юм. Одоо бол эмээ маань намайг маш их дэмждэг, надаар бахархдаг. Ер нь хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийж, байгалиас заяагдсан өгөгдлөө нээн, өөрийгөө таньж, түүнийгээ дагавал явах зам нь илүү дардан байдаг юм шиг санагддаг.

-Таныг дууны үгүүд их өвөрмөц санагддаг. Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?

-Тийм ээ.  Ямар сэдвээр дуулах вэ гэдгээ сайн бодож, тухайн аян дээрээ давхар үгээ зохиогоод явдаг. Эхлээд сэдвээ “барьж” аваад, дараа нь дууныхаа үгийг зохиодог гэсэн үг.

-Дуу гэдэг хүнд янз бүрийн мэдрэмжийг төрүүлж байдаг шүү дээ. Таны уран бүтээлээс хүмүүс ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг вэ?

-Ямар ч уран бүтээлч, ялангуяа үгээ өөрөө бичдэг репперүүдийн дууны утга санаанд өөрсдийнх  нь үзэл бодол, ертөнцийг харах өнцөг тодорхой хэмжээгээр шингэсэн байдаг. Миний дуунуудад ч адилхан миний үзэл бодол, аливааг харах өнцөг шингэсэн байдаг. Би дуугаараа хүмүүст дуртай зүйлээ хийгээрэй, гоё байгаарай, хаана ч байсан жаргалтай байгаарай, амьдрал гоё шүү гэсэн мессежүүдийг л өгөхийг хүсдэг.

-Энэ зуны хит дуу яалт ч үгүй реппер Гинжинтэй хамтарсан “Бороо” дуу байлаа. Дуу бүтсэн түүхийн талаар ярьж өгөөч. 

-Гинжин бид хоёр Татарын Заяа ахтай цомгийн гэрээтэйгээр хамтран ажиллаж байгаа. Цомгийн хүрээнд ярилцаж байгаад борооны тухай дуу хийхээр болсон юм. Бага байхад “Бороо бороо ороосой, Оросын маамуу ирээсэй” гэж их дуулдаг байсан шүү дээ. Тэр дуунаас санаа авч хүмүүсийн дурсамжийг сэдрээе гэж ярилцаж дууныхаа үгийг бичсэн. Гэхдээ бид хоёр өнгөрсөн зун тэгж их бороо орно гэж мэдээгүй. Бүх юм цаанаасаа болох ёстой байсан юм шиг гоё таарсан.

-Реппер Гинжинтэй хэд хэдэн уран бүтээл хийлээ. Та хоёрыг хамаатан гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?

-Тийм. Бид хоёр бие биенээ ойлгож, хүндэлж, санаа нэгддэг учир нь  тэр юм болов уу гэж бодож байна. Хамгийн анх “Энэ мөч” дууг Гинжинтэй хамтарч дуулахад бүхий л зүйл дээр санаа нэгдэж, хурдан хугацаанд ажилласан. Тэгээд ер нь цаашдаа хоёулаа цомог гаргая гэж ярилцан, цомгийнхоо хүрээнд хэд хэдэн уран бүтээл хийсэн. Одоо цомгийн ажил 60 хувьтай явж байна. Хүмүүст сонсгоогүй  хэд хэдэн дуу ч багтсан байгаа.

-ЭМЭГТЭЙ РЕППЕРҮҮДИЙГ ИЛҮҮ ОЛОН БОЛООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ-

-Сүүлийн үеийн залуу репперүүд барууны хэв маягийг дуундаа шингээж, мөнгө, эд хөрөнгийн талаар их дуулах болжээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ тал дээр хүмүүсийн нийтлэг хэлдэг хариулт бол “мөнгө чухал биш, мөнгөний араас битгий хөө” гэдэг. Миний хувьд аль алиныг нь л тэнцвэртэй авч явах хэрэгтэй гэж боддог. Аль алинаар л хүмүүс аз жаргалыг олж авна. Тиймээс нэг талд нь хэтэрхий туйлшрах хэрэггүй байх. Мөнгө битгий тоо, мөнгө хөөсөн хүн хэзээ ч өөдлөхгүй гэдэг ч бид тодорхой хэмжээгээр идэж, ууж, өмсөж, хэрэглэж буй зүйлсээсээ “кайф” авч байгаа шүү дээ. Нөгөө талаар өөрийнхөө хүн чанар, мөн чанараа ч хадгалж явах хэрэгтэй. Хоёуланг нь тэнцвэртэй авч явж гэмээн хүн амьдарна гэж бодож байна.

-Бусад эмэгтэй реппертэй харьцуулахад юу таныг илүү онцолж, ялгарч харагдуулдаг гэж бодож байна?

-Бусадтай өөрийгөө харьцуулах боломжгүй гэж бодож байна. Бид бүгдээрээ л өөр өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцтэй хүмүүс шүү дээ. Харин  өөрийнхөө хэмжээнд гэвэл би 100 хувь хип хопоор дагнадаггүй. Анхны цомгийг маань сонсвол жазз сөүл, хаус, поп, хип хоп гэх мэт бүхий л төрлийн дуунууд байгаа. Үүгээрээ онцлог юм болов уу гэж бодож байна.

-Монголд эмэгтэй реппер байх ямар байдаг вэ. Нэг талаар хип хоп гэдэг эрэгтэйчүүдийн “хийх” зүйл гэж боддог хүмүүс байдаг шүү дээ.

-Монголд эмэгтэй репперүүдийн “сцень” цөөхөн шүү дээ. Jennie эгч, NMN, бас сүүлийн үед Nene гээд мундаг охин гарч ирж байна. Миний хувьд эмэгтэй репперүүдийг улам олон болоосой гэж хүсдэг. Яагаад гэвэл би бяцхан “феминист” үзэлтэй хүн. Тэр утгаараа эмэгтэй хүмүүс салбар бүрт гарч ирээсэй гэж хүсэж эмэгтэй репперүүдийг маш их дэмждэг. Бас эмэгтэй хүн болж төрсөндөө маш их баяртай байдаг.

-Солонгосын Кай гэх дуучны талаар таны сошиалдаа оруулсан “story” /стори/ зарим залуусын дунд маргаан дагуулаад байх шиг.  Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Тэр бол зүгээр л “joke” /наргиан, хошигнол/ байсан. Би Кай гэдэг тэр дуучныг мэддэг. Үнэхээр хөөрхөн болохоор нь түүнийг нь дурдаж, story /стори/-доо хийсэн. Үүнийг хүндээр тусгаж авах ямар ч шаардлагагүй. Ямар нэгэн байдлаар доромжлох гэсэн юм биш. Зүгээр л “joke” /наргиан, хошигнол/ байсан шүү дээ.

-Ярилцлагаа өндөрлөх тийшээ хандъя. Таныг сонсдог, фенүүдтэй хандаж юу гэж хэлмээр байна?

-Миний бодлоор хүн үргэлж одоо цагтаа амьдрах ёстой. Одоо цагаа үргэлж жаргалтай байлгавал, чиний амьдрал жаргалтай л болно. Тиймээс хаана ч явсан өөрийгөө жаргааж сураарай гэж хэлмээр байна.

-Тэгвэл тан шиг реппер болох мөрөөдөлтэй залууст хандаж юу гэж хэлмээр байна. Та тэдний нэг үлгэр дууриалал нь шүү дээ.

-Би хүн учраас бүх зүйлийг төгс хийж чадахгүй, бас бүхнийг мэдэхгүй.  Тиймээс өөрийнхөө туулж өнгөрөөсөн туршлагаас л ярих нь зүйтэй гэж бодож байна. Реппер болох мөрөөдөлтэй залууст хандаж өөртөө маш их цаг завыг гаргаж байгаарай, ганцаараа байж сураарай. Өөрийнхөө юу чаддагийг, би юу хийвэл аз жаргалтай байхыг, юу сонирхдогийг мэдэж, өөрөө өөрийгөө олоход цаг заваа гаргаж байгаарай. Хэн нэгнийг даган дуурайх биш, өөрийнхөө давтагдашгүй онцлогийг гаргаж ирвэл энэ чиний маш том давуу тал болно шүү гэж хэлмээр байна.