Б.Бат-Орших: Арбитрын шүүхээр цол сэргээх шийдвэр эцэслэгдсэн ч ХЗДХЯ буруугаа хүлээхгүйн тулд “Харцага” цолыг маань сэргээж өгөхгүй байна

Б.Бат-Орших: Арбитрын шүүхээр цол сэргээх шийдвэр эцэслэгдсэн ч ХЗДХЯ буруугаа хүлээхгүйн тулд “Харцага” цолыг маань сэргээж өгөхгүй байна

2020 оны Улсын баяр наадмаар Баянхонгор аймгийн Богд сумын харъяат аймгийн арслан Б.Бат-Орших зургаа даван, Улсын харцага цолын болзол хангаж байсан билээ. Гэтэл түүнийг допинг хэрэглэсэн хэмээн үзэж барилдах эрхийг нь 11 сараар хасаж, харцага цоыг нь хураасан байдаг. Харин 2026 онд тэрээр гомдол гаргаж Арбитрын шүүх эцэслэн шийдвэрлэж цолыг нь сэргээхээр болоод буй аймгийн арслан Б.Бат-Оршихтой бид энэ удаа ярилцлаа.

ВИДЕО:

-ШИНЖИЛГЭЭНИЙ А СОРЬЦЫН ХАРИУТАЙГАА ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ТАНИЛЦСАН-

Энэ жилийн наадмаар Улсын наадамдаа зодоглох уу?

Энэ жилийн төрийн наадамдаа зодоглоно. Заавал түрүүлж үзүүрлэхийн төлөө биш ч гэсэн сайхан барилдаж хийморио сэргээнэ гэж бодож байна.

2020 оны наадмаар та зургаа даван олон жил хүлээсэн харцага цолоо хүртсэн байдаг. Энэ наадмынхаа талаар дурсаач.

2020 он гэдэг бол ковидын үеийн наадам гэсэн үг. Төв аймгийн Эрдэнэ суманд  болж байсан наадам. Тэр жилийн наадмаар олон жил хөдөлмөрлөсний үр дүнгээ гаргаж зургаа даван Монгол Улсын харцага гэх сайхан цолыг хүртсэн байдаг.

Тус наадам дууссаны дараа таныг допинг хэрэглэсэн гэж мэдэгдээд, таны эрхийг 11 сараар хассан байдаг. Өөрөөс тань сэргээшийн төрлийн бодис илэрснийг хэзээ мэдсэн бэ?

Цол хүртсэний дараа допингийн шинжилгээгээ өгөөд хариу нь есдүгээр сард гарсан байдаг. Намайг есдүгээр сарын 5-ны өдөр ХЗДХЯ дээр дуудаж байна гэхээр нь очсон чинь “Өөрөө допинг хэрэглэсэн байна” гэж хэлсэн. Гэтэл надад шинжилгээний хариу гээд зүгээр л албан бичиг өгсөн. Миний хувьд жүдо бөхийн төрлөөр олон улсын тэмцээнүүдээр барилдаж байсан болохоор шинжилгээний талаар сайн мэднэ л дээ. Сэргээшийн бодис илрээгүй бол тухайн бөхөд мэдэгдэл ирдэггүй юм. Би өөрөө олон улсын тэмцээнд яваад шинжилгээ өгөөд үзчихсэн байсан болохоор албан бичгээр надад хариуг танилцуулах ёсгүй гэдгийг мэдэж байсан.

No description available.

“АЯТАЙХАН БАЙЖ БАЙГААД 11 САРААР ЭРХЭЭ ХАСУУЛААД ДАРАА ЖИЛИЙН НААДМААР БАРИЛДАХАА БОД” ГЭЖ НАДАД ХЭЛСЭН-

Ийм маргаантай үед Б сорьцыг шинжлүүлдэг. Та яагаад Б сорьцоо тухайн үед шинжлүүлээгүй вэ?

Иймд би ХЗДХЯ-наас шинжилгээний хариуны эх хувилбарыг өг, тэгэхгүй бол би итгэхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл ХЗДХЯ Допингийн эсрэг үндэсний төвөөс хариугаа аваарай гэж хэлсэн. Тухайн байгууллага руу очиход эхний өдөр хүнгүй байсан. Харин хоёр дох өдөр очоод уулзсан чинь “Манай байгууллага шинжилгээний хариуг танилцуулах эрх байхгүй” гээд буцаасан. Энэ мэтчилэн А сорьцынхоо эх хувь, хариуг авахын тулд ийш тийшээ явсаар байтал Б сорьц авах 14 хоногийн хугацаа чинь дууслаа гээд залгахаар нь би “А сорьцын хариуг бүрэн эхээр нь хараагүй байж Б сорьцыг өгөх үндэслэл байхгүй” гэж хэлээд удаагүй цахимаар Б.Бат-Оршихын барилдах эрхийг 11 сараар хаслаа гэж мэдэгдсэн байдаг. Үүний дараа Үндэсний бөхийн салбар хорооны нэг ажилтнаас асуусан чинь, “Аятайхан байж байгаад эрхээ 11 сараар хасуулаад дараа жилийн наадмаар барилдахаа бод” гэж хэлсэн. Би тухайн үед дараа жилийн наадмаар барилдах юм байна, цол хураахгүй юм чинь гээд хэлсэн хугацаанд нь барилдаагүй.

Таны эрхийг 11 сараар хассан ч гэсэн та дараа жилийнх наадам болон намар өвлийн олон барилдааныг өнжсөн байдаг. Тэр үед таныг барилдаж болохгүй гэх мэт зүйлс яригдсан уу?

Ингээд дараа жилийнх нь наадам буюу 2021 оны МЗХ 100 жилийн барилдаанд барилдах гэсэн чинь МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, “Энэ жилдээ наадамд барилдаж болохгүй. “No Naadam” жагсаал гээд наадам хийх эрхээ арай гэж авсан учир хэрүүл, талцал болгомооргүй байна” гэж хэлсэн.

No description available.

-Б СОРЬЦОО ШИНЖЛҮҮЛЭХ ГЭСЭН БОЛОВЧ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР УСТГАСАН БАЙСАН-

2020 онд таны эрхийг хасаж байхдаа цол хураах талаар огт дурсаагүй байдаг. Гэтэл 2021 оны арваннэгдүгээр сард танд өвдөг шороодсон бөхчүүдэд цол нөхөж олгоход үед танд юу гэж бодогдож байсан бэ?

Миний цолыг хураана гээд яригдаж эхлээд 11 сард наадмаар надад өвдөг шороодсон бөхчүүдэд цолыг нь олгосноор би харцага цолгүй болсон. Ийм нөхцөлд хүрсэн учир асуудлыг шийдвэрлүүлэхээр Шүүхэд хандан хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл шүүхээс “допингийн шинжилгээний хариу, намайг шийтгэж, цолын хураах болсон бичиг гээд бүх зүйл байхгүй” байна гэсэн. Ингээд хөөцөлдөж явсаар байгаад таван жилийн дараа анх удаа А сорьцын хариугаа харсан. Сорьцын хариугаа харсан чинь миний биеэс илэрсэн бодис гээд байгаа зүйлийг бие маань өөрөө ялгаруулсан гэсэн бичиг байсан. Таван жилийн дараа харсан хариу маань ийм байсан учир Б сорьцоо шинжлүүлье гэж хүсэлт гаргасан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг учраас 10 жил хадгалах байсан сорьцыг зургаахан сарын дараа устгачихсан байсан. Энэ бол процедурын маш том зөрчил шүү дээ. Ингээд би 2025 оны есдүгээр сард Давж заалдах комисст гомдол гаргаад 2026 оны нэгдүгээр сард асуудал миний талд шийдэгдэж байгаа юм.

Шүүхийн шийдвэр таны талд гараад “Цолыг нь сэргээ” гэж даалгасан байхад одоог хүртэл яагаад таны цолыг олгохгүй байгаа вэ?

ХЗДХЯ зарим ажилчид энэ хугацаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн байдаг. Өгсөн мэдүүлэгт нь “Б.Бат-Орших 2020 онд шинжилгээтэйгээ танилцалгүй зугтаасан, дуудаад ирээгүй, Б сорьцын шинжилгээ өгөхгүй гэсэн” гэж хэлсэн байдаг. Ингээд мэдүүлэг зөрсөн учир Арбитрын шүүх ХЗДХЯ-ны архивд үзлэг хийнэ гээд үзлэг хийхэд надад шинжилгээний хариу танилцуулсан баримт, Б өгөхгүй гэсэн бичиг гээд ямар ч зүйл байгаагүй учраас ХЗДХЯ-ны гэрчүүд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдоод би ялсан байдаг. Ингээд миний харцага цолыг сэргээх шийдвэрийг Арбитрын шүүх гаргасан. Гэтэл ХЗДХЯ өөрсдийн бурууг хаацайлахын тулд цол сэргээж өгөхгүй байна.

-ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ҮЕД ШЭЭС СОЛИХ ЗЭРГЭЭР БУДИЛУУЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ-

Допингийн шинжилгээ өгч байхдаа шээсээ сольдог өмнө бэлдсэн шээсний дээжээ хийчихдэг гэх мэт маш олон хардлагууд байдаг. Тэгвэл тус шинжилгээнд хамрагдаж байсан хүний хувьд энэ хардлагууд хэр үнэнд нийцнэ гэж бодож байна вэ?

Би нэг л удаа наадмаар допингийн шинжилгээ өгч байсан. Тэр үед яг л олон улсын стандартын дагуу авч байсан. Тухайн үед таваас дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг байсан. Хэрэв таваас дээш даваад магадгүй зургаагийн даваанд өвдөг шороодох юм бол допингийн төвийн хөтөч гээд хүн байнгын намайг дагаад явж байдаг. Нэг ёсондоо намайг сэжигтэй үйлдэл гаргах вий, шинжилгээнээс зугтаах вий гээд хянаад явж байна гэсэн үг. Үүний дараа шинжилгээ өгөх газар руугаа ороход ТЕГ, ЦЕГ, АТГ гээд байгууллагуудаас төлөөлөл байлцаж хянадаг. Ороод асуумж бөглөөд цаасан хайрцагтай сорьцын саван дундаас бөхчүүд өөрсдөө сонгодог. Савны хувьд гадуураа ялгар ууттай, битүүмжлэлтэй сав байдаг. Саваа эвдрэл гэмтэл байна уу шалгаад дээж хийх буюу шээнэ. Энэ үед нөгөө хөтөч маань яг миний хажууд байсаар л байна. Ингээд дээжээ хийгээд эмчдээ шээснийхээ дулааныг хэмжүүлээд, өөрийн шээс гэдгээ бататгаад өөрийн гараар лацдаж асгарч байгаа эсэхийг шалгаж код наагаад бусад дээжүүдтэй нийлүүлдэг. Ийм нарийн зүйл болдог учраас яг шинжилгээ авч байх үед ямар нэгэн будилаан хийх боломжгүй гэж бодож байна.

Энэ жилийн бөхийн барилдаан гурван өдөр барилдахаар боллоо. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Хувь хүний хувьд эсэрг байр суурьтай байгаа. Есөн хөлт цагаан тугаа нэг хоёрын даваанд тойрмоор байна шүү дээ. Хүмүүсийн ярьж байгааг сонсоход найрааг багасгаж байгаа гэж байна лээ. Миний бодлоор харин ч найраа бүтэн өдрийн турш үргэлжилж улам л хавтгайрах болов уу гэж бодож байна.

Монголын ард түмэндээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүлээд ярилцлагаа өндөрлөе.

Нийт монголынхоо ард түмэндээ тэгш ойгоороо бөх нь бяртай, морь нь хурдан, сум нь мэргэн сайхан наадаарай гэж хүсье.

No description available.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө