Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас Казахстан Улсад зорчих болон тус улсаас гарахаар төлөвлөж буй иргэдэд зориулан бэлэн мөнгө авч явахтай холбоотой анхааруулга гаргажээ.
Тодруулбал, Евразийн эдийн засгийн холбооны гаалийн нутаг дэвсгэрт (Казахстан Улс тус холбооны гишүүн) нэг удаа бэлнээр оруулах, эсвэл гаргах бэлэн мөнгө болон аяллын чекийн нийт дүн 10,000 (арван мянган) ам.доллар буюу түүнээс дээш бол иргэн гаалийн байгууллагад заавал мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулсан байна.
Мөн Казахстан Улсаас 10,000 ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний бэлэн гадаад валют, эсвэл гадаад валютаар илэрхийлэгдсэн төлбөрийн хэрэгслийг улсын хилээр гаргахыг хориглодгийг онцолжээ. Дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд Казахстаны хууль тогтоомжийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд аялалын өмнө авч явах бэлэн мөнгөний хэмжээг урьдчилан нягталж, гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөсөн байна.