Б.Баярмаа: Ханийнхаа хамт бүхнийг тэгээс эхэлж, өөрсдийнхөө гараар гэрээ тохижуулсан

Б.Баярмаа: Ханийнхаа хамт бүхнийг тэгээс эхэлж, өөрсдийнхөө гараар гэрээ тохижуулсан

Цагаан, цэнхэр өнгийг хослуулсан тансаг хауснаас дутахааргүй монгол гэрийн зураг хэд хоногийн өмнө цахим сүлжээнд түгж, олны анхаарлыг татсан билээ. Тус гэр нь Өмнөговь аймгийн иргэн Б.Жавхланбаярын гэр бүлийнх бөгөөд  залуу хос хамтдаа мөрөөдлийнхөө гэрийг бүтээж, саяхан гал голомтоо бадраажээ. Бид энэ удаа тус залуу хосын гэрээр зочилж, мөрөөдлийнхөө гэрийг хэрхэн бүтээсэн талаар ярилцлаа.

-ГЭРЭЭ ТОХИЖУУЛАХДАА МАШ ИХ СУДАЛГАА ХИЙСЭН-

-Сайн байна уу. Хэд хоногийн өмнөөс танай гэр бүл олон нийтийн сүлжээнд нэлээдгүй алдаршлаа. Юуны өмнө бидэнд гэр бүлээ танилцуулаач.

-Сайн. Намайг Б.Баярмаа гэдэг. Би 25 настай. 2017 онд их сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажиллаж, амьдарч байна. Гурван сарын өмнө манай гэр бүлд баярт үйл явдал тохиож нөхөр бид хоёр хүүтэй болсон. Би одоохондоо хүүгээ хараад гэртээ сууж байгаа. Нөхрийг маань Б.Жавхланбаяр гэдэг. “Энержи Ресурс” компанид ажилладаг. Одоо ажилдаа явчихсан байгаа болохоор ярилцлага өгөх боломжгүй байна. Та бүхэн ойлгоорой. 

-Та хоёрын гэртээ хуримын хувцастай авахуулсан зураг цахим сүлжээнд тархсан. Хуримаа саяхан хийсэн юм уу.

-Үгүй ээ. Хүмүүс хурим гэж ойлгосон байна лээ. Бид хоёр одоохондоо хуримаа хийгээгүй байна. Яваандаа маш гоё хурим хийнэ гээд төлөвлөчихсөн байгаа. Өнгөрсөн долдугаар сард бид гурав тусдаа гараад, гэрийнхээ найрыг хийсэн юм. Би төрөх дөхчихсөн байсан болохоор найраа хойшлуулсаар, төрснийхөө дараа хүүгээ хоёр сар хүрэх үед найраа хийсэн. 2018 онд нөхөр маань манай компанид ажилд орсноор бид хоёр анх танилцаж, хоёр жилийн дараа гэр бүл болж, гал голомтоо бадраасан.

-Ийм гоё гэр барих санаа анх хэрхэн төрж байв.

-Манай гэрийн нэг сонирхолтой зүйл нь аав ээж маань амьдардаг байсан гэр юм. Би зургаан хүүхдийн дундах охин. Аав, ээж маань залуудаа гэрээ томсгож, аав гэрийн модыг урлаж байсан. Эцэг эх хоёрын маань олон хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай гэр болохоор бид хоёр тусдаа гарахдаа энэ гэрийг будаж янзлан, тохижуулж орохоор болсон юм. Гэрээ барихаас өмнө бид хоёр маш их судалгаа хийсэн. Монгол гэртэй холбоотой янз бүрийн фейсбүүк группээс өвөрмөц байдлаар гэрээ тохижуулсан айлуудын зургийг харж, бас зурган дээр бичсэн хүмүүсийн сэтгэгдлээс хүмүүс юун дээр илүү анхаарсан байна, юун дээр алдсан байна зэргийг уншиж, маш их судалсны үндсэн дээр гэрийнхээ тохижилтын санааг олсон. Хүүхэдтэй болохоо мэдээд бид хоёр тусдаа гарах гэж их яарсан. Анх би нөхөртөө “гэрийнхээ модыг цагаанаар будмаар байна” гэхэд намайг дэмжиж, гэрийн мод цагаан юм чинь тавилгаа ч гэсэн цагаанаар сонговол гэгээлэг гоё харагдах юм байна гэж бие биенээ дэмжээд л гэрээ тохижуулах ажилдаа орсон доо.

-Хэдий хугацаанд гэрээ бүрэн барьж, тохижуулж эхэлсэн бэ?

-Ерөнхийдөө таван сард бид хоёр хотоос тавилгуудаа авч ирэх үеэс гэрээ барьж эхэлсэн. Нөхрийн маань ажил 14 хоног ажиллаж, долоон хоног амрах журмаар явагддаг. Долоон хоногийн хоёр нь замдаа өнгөрдөг болохоор таван хоногт нь л ерөнхийдөө амардаг гэсэн үг. Тавилгаа хотоос авч ирснийхээ дараа нөхөр маань ажилдаа явсан. 14 хоногийн дараа гэртээ ирж, буйраа цутгаж эхэлсэн. Нөхөр маань амарч байгаа таван хоногоо аль болох гэрийнхээ ажилд зориулахад л анхаарч байсан. Тав хоног гэртээ юм хийж байгаад л буцаад ажилдаа явчихна. Би гэдэг хүн энд  нөхрөө хурдан ирээсэй гэж хүлээгээд л, тэнд нөхөр маань гэртээ хурдан харих юмсан, гэрээ хурдан тохижуулж дуусгах юмсан гээд л хоёр талд яарсан хүмүүс байдаг байлаа. Авсан тавилгуудаа гэртээ угсраад хурдхан шиг л бүрэн тохижсон гэртээ орохсон гэж их яарсан.

-ГЭРЭЭ БАРЬЖ, БҮРЭН ТОХИЖУУЛАХАД НИЙТ 15 САЯ ТӨГРӨГ
ЗАРЦУУЛАГДСАН-

-Гэрт тань гал, яндан байхгүй харагдаж байна. Халаалтаа хэрхэн шийдсэн юм бэ?

-Шалны "плёнкон" халаалт тавьж гэрийнхээ дулааныг шийдсэн байгаа. Ер нь сүүлийн үед маш олон төрлийн халаалт гарсан байна лээ. Гэхдээ халаалт тавьж байгаа тохиолдолд гэрээ маш сайн дулаалах хэрэгтэй юм шиг санагдсан.

-Танайх хэдэн ханатай гэр юм бэ. Анх гэрийнхээ интерьерийг гаргахдаа яагаад заавал цагаан, цэнхэр өнгөөр хослуулах болов?

-Манайх таван ханатай гэр. Дээр дурдсанчлан анх би нөхөртөө цагаан өнгөөр гэрийнхээ модыг будмаар байгаагаа хэлсэн юм. Харин цагаан дээр цэнхэр өнгө гоё зохицдог болохоор нь сонгосон. Дан цулгуй цагаан өнгө жаахан уйтгартай, гундуу харагдуулдаг шүү дээ. Эхэндээ ногоон, үзмэн ягаантай хослуулах талаар бодож байсан ч өмнө нь тэгж тохижуулсан айлуудыг хараад тийм ч гоё санагдаагүй. Нөгөөтээгүүр цэнхэр тэнгэр, цагаан үүл гэдэг утгаараа цэнхэр,цагаан өнгийн хослуулбал гоё харагдах юм болов уу гэж бодсон.

-Гэрээ тохижуулахад хамгийн их ажиллагаа шаардсан зүйл нь юу байв?

-Гэрийн буйраа цутгах хамгийн том ажил байсан. Буйраа тэр чигт нь ухаж байгаад хоёр блок суурилуулсан юм. Нэг блок нь 20 сантиметрийн хэмжээтэй. Цутгасны дараа хатаах гэж бас нэлээн хүлээсэн.

-Орчин үеийн залуус ер нь аль болох л байранд амьдрахыг эрмэлзэх болсон юм шиг санагддаг. Та хоёр яагаад заавал монгол гэрийг сонго болов?

-Нэгдүгээрт монгол гэрийг сонгосон шалтгаан нь санхүүгийн асуудал байсан. Бид хоёр  аав ээжүүддээ хүндрэл учруулахгүйгээр хоёулаа бүхнийг тэгээс эхэлж, өөрсдөө бүхнийг зохицуулаад болгочих юмсан, тэдэндээ төвөг учруулахгүй юмсан гэж монгол гэрт амьдрахаар шийдсэн. Байранд ороход урьдчилгаа гэхэд л хэдэн төгрөг билээ, цаашлаад ипотекийн зээлд хамрагдлаа гэхэд хүү нь өсөхөөс гадна маш удаан төлнө. Нөгөөтээгүүр нярай хүүхдэд агаар маш чухал шүүгдээ. Харин монгол гэрт агаар сэлгэлт маш сайн хийгддэг. Би анх гэрт биш заавал байранд амьдарна гэж боддог байсан. Ханьтайгаа учирч монгол гэрт амьдаръя гэж тохиролцсоны дараа ер нь яагаад шинэлэг байж болохгүй гэж бодсон. Зүгээр нэг энгийн айл биш өвөрмөц шинэлэг баймаар санагдсан.

-Та сая байрны урьдчилгаа, хүү зэрэгт их мөнгө төлдөг талаар ярилаа. Магадгүй танайх шиг гэрээ ингэж тохижуулах хүсэлтэй айлууд байгаа байх. Гэрээ бүрэн тохижуулахад нийт хэдэн төгрөг шаардагдсан талаар асууж болох уу?

-Гэрийн шалны халаалт, тавилга, цахилгаан хэрэгсэл, мөн жижиг зүйлсийг оруулаад нийт 15 сая төгрөг болсон.

-НЭГЭНТ Л ТУСДАА ГАРЧ, АМЬДРАЛАА БҮТЭЭЖ БАЙГАА БОЛ ГЭРТЭЭ ОРОХОД Л ШУУД АЗ ЖАРГАЛ МЭДРЭГДТЭЛ ТОХИЖУУЛААРАЙ-

-Гэрээ бүрэн тохижуулж, барьж дууссаны дараа харахад ямар мэдрэмж төрж байв?

-Маш гоё, үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Бид хоёр хурдхан гэртээ орох юмсан гээд л өдөр хоногийг тоолж, их яарсан. Санасандаа хүртэл тохижуулж чадсан болохоор үнэхээр сайхан мэдрэмж төрж байлаа. Одоо ч гоё мэдрэмж төрсөн хэвээрээ байна.

-Монгол гэрт амьдардаг айл болгон танайх шиг тохижуулаад байдаггүй шүү дээ. Гэрийг тань харсан хүмүүс яаж хүлээж авч байна?

-Үнэндээ гэрийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд тавихад ингэж их хандалт авна гэж ерөөсөө бодоогүй. Бид хоёр фейсбүүкт постоо оруулчхаад цагийн дараа маш их гайхсан. Хүмүүс үнэхээр эерэгээр хүлээн авч, сайхан үгс харамгүй хэлж байсан болохоор их урам зориг авсан. Манайд ирсэн хүмүүс гэрийн модоо ингэж будвал гоё харагддаг юм байна, халаалтаа ингэж шийдвэл зүгээр юм байна гэх мэтээр их санаа авдаг. Бас өндөрлөг барьсан нь хүмүүсийн сонирхлыг их татдаг юм байна лээ. Манайх шиг гэрт амьдрах хүсэлтэй залуу хос байвал хоорондоо сайн ярилцаж, гэрээ яаж тохижуулмаар байгаа төсөөллөө бие биедээ хэлж, ойлгуулаарай гэж хэлмээр байна. Нэгэнт л тусдаа гарч амьдралаа бүтээж байгаа болохоор өөрсдийнхөө санасан, мөрөөдсөн шигээ, гэртээ ороход л  шууд аз жаргал мэдэрдэг болтол гэрээ тохижуулаарай. Бас сайн судалгаа хийгээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцлагаа өндөрлөх тийш нь хандъя. Таны ярианаас нөхөртэйгөө маш сайн ойлголцдог юм шиг санагдлаа. Залуу хосуудын харилцаанд юу хамгийн чухал вэ.

-Ярилцдаг, ойлголцдог,шүүмжилмээр байвал магтаал дундуураа “шүргүүлж” хэлж байх, аль болох хамтдаа байх хором мөч бүхнээ хайрлаж, дурсамж дүүрэн өнгөрүүлж байх нь хамгийн чухал гэж бодож байна. Нөхөр маань уурхай дээр ихэнх хугацааг өнгөрүүлдэг болохоор ажлаас ирээд хамт байх цаг хугацаа үнэхээр аз жаргалтай байдаг. Залуу хосууддаа бие биенийхээ санал бодлыг нь дэмжиж, урмаар тэтгэдэг байгаарай, бас хэн хэнийхээ алдаа дутагдлыг уучилдаг байгаарай гэж хэлье. Мөн манай гэр бүлд сайхан үгийг харамгүй хайрласан бүх хүнд маш их баярлалаа. Амьдралдаа хүмүүсийн анхаарлыг ингэж татна гэж бодож байгаагүй шүү /инээв/.

-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүл уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.

-Баярлалаа.