ЖОЛООЧИЙН ДҮҮ МУБИС-ИЙН ОЮУТАН Г: Хүмүүсийн хэлсэн доромжлол, худал мэдээллүүдийг уншаад зөндөө уйлсан

ЖОЛООЧИЙН ДҮҮ МУБИС-ИЙН ОЮУТАН Г: Хүмүүсийн хэлсэн доромжлол, худал мэдээллүүдийг уншаад зөндөө уйлсан

2020 оны арваннэгдүгээр сарын 11. Үүрийн 04.00 цаг.  УОК шуурхай хуралдаж 21 хоног тусгаарлагдаж, гэртээ хариад дөрөв хонож буй олон улсын ачаа тээврийн жолооч болон түүний гэр бүлээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэв. Тус өдрийн 14.00 цаг. Жолоочийн ойрын хавьтал 16 хүнд шинжилгээ хийхэд жолоочийн ээж болон дүүгээс халдвар илэрсэн мэдээг ЭМЯ-аас дуулгасан.

Тэгвэл бид тус ачаа тээврийн жолоочийн дүү Г (хувь хүний нэр хүндэд халдахгүйн үүднээс нэрийн эхний үсгийг өөрчилсөн болно)-тэй утсаар холбогдож ярилцлаа. Энэхүү ярилцлагаараа бид хэн нэгний нэр хүндэд халдах гэсэнгүй. Харин халдвар авсан гэм зэмгүй тэдгээр иргэний талаар үнэн, зөв мэдээллийг нийтэлж, хүмүүсийн дунд үүсээд буй сөрөг сэтгэгдлийг эерэгжүүлэх зорилготой гэдгийг уншигч та тунгаан ойлгоорой.

-ЭРҮҮЛ ГЭЖ ТОГТООГДСОН АХААС МААНЬ ХАЛДВАР ИЛЭРНЭ ГЭЖ ХЭН Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ-

-Сайн байна уу. Юуны өмнө зориг гаргаж, бидэнд ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Таны биеийн байдал хэр байна вэ?

-Сайн. Сайн байна уу. Бие маань сайн байгаа. Одоогоор ямар нэгэн зовуурь илрээгүй, хэвийн байна.

-Та халдвар авснаа хэзээ мэдсэн бэ?

-Арваннэгдүгээр сарын 11-ны өдөр давтан шинжилгээ өгснийхөө дараа мэдсэн. Биднээс өглөө нэг шинжилгээ авч, өдөр нь мөн давтан шинжилгээ авсан. Ах, эгч хоёрт маань анх ХӨСҮТ-ээс мэдэгдсэн байх. Биднээс өглөө шинжилгээ авчхаад гэрээсээ гарч болохгүй гэсэн. Үүний дагуу ах, эгч хоёр гэрээсээ гараагүй, би ч тэдний гэрт ороогүй.

-Тухайн үед танд халуурах, ханиалгах гэх мэт халдварын шинж тэмдэг илэрч байв уу?

-Үгүй. Би эрт бага зэргийн ханиадтай байсан юм. Ахыг ирэхээс бүр өмнө хоолой бас бөөр маань өвдчихсөн байсан.

-Та ах эгч хоёртойгоо энэ сарын 8-нд “UB Palace”-д тоглолт үзсэн талаарх мэдээлэл цацагдсан. Хүмүүс энэ дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Ах тань олон хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээгээр хүртэл эрүүл гэж гарсны дараа тоглолт үзсэн. Тэр үед мэдээж халдвар авсан гэж төсөөлөх ч үгүй байсан байх?

-Тийм ээ. Эрүүл гэж мэргэжлийн байгууллагууд тогтоосны дараа тусгаарлалтаас гарсан ахаас маань ингээд халдвар илэрчихнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Тэр өдөр би ах, эгч дүүгийнхээ хамтаар тоглолт үзэхээр болсон юм. Ах маань өөр газраас ирсэн.

Харин би эгч, дүүтэйгээ Тоосгоны эцсээс такси барьж, “UB Palace” дээр очсон. Тоглолтоо үзэж дуусгасны дараа гэр рүү гээ таксигаар ирсэн.

-Ээжийн тань шинжилгээгээр бас коронавирус илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн. Бие нь хэр байгаа бол. Танд энэ талаар мэдсэн зүйл байна уу?

-Цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ахын маань хадам ээж, бас намайг ахын төрсөн дүү гэж бичсэн байсан. Манай ээж биш ээ, ахын маань төрсөн ээж нь юм. Бас миний төрсөн ах биш, хүргэн ах маань юм аа. Би эгчийндээ буюу хүргэн ахындаа амьдардаг байсан. Ахын маань ээжийн бие хэвийн, сайн байгаа.

Хүргэн ах маань “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ ирэхэд нь би аав, ээжтэй нь хамт хэд хоног байсан.

Энхсаран сувилал

-МУБИС-ИЙН ОЮУТНУУДЫГ ГАДУУРХАЖ, ЭЛДВЭЭР ХЭЛЖ БУЙ ХҮМҮҮСЭЭС “БИТГИЙ ТЭГЭЭЧ” ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ГУЙЯ-

-Ах тань тийм удаан хугацаанд тусгаарлагдсаны дараа халдвар илэрсэн. Анх сонсоод их цочролд орсон байх.

-Тийм ээ. Анх сонсоод их цочирдож айсан. Өөрийгөө ч халдвар авсан гэдгийг сонсоод итгэж өгөөгүй. Төсөөлөө ч үгүй. Бас хүмүүсийн хэлсэн доромжлол, худал мэдээллүүдийг уншаад зөндөө уйлсан.

-Ах тань хаанаас халдвар авсан гэж үзэж байгаа талаараа танд болон эгчид тань ямар нэгэн зүйл хэлсэн үү.

-Хэлээгүй ээ.

-Таныг спортын тэмцээнд оролцсон гэдэг мэдээлэл мөн цацагдсан. Ямар тэмцээнд, хэзээ оролцсон юм бэ?

-Би арваннэгдүгээр сарын 8-нд волейболын тэмцээнд оролцсон.

-Тэгэхээр ах тань тусгаарлалтаас гарсны дараа гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ тэмцээнд оролцох үед би ахынхаа гэрт байгаагүй. Хүргэн ахынхаа аавынх нь гэрт байсан.

-Цахим сүлжээнд танай сургуулийн хүүхдүүдийг янз бүрээр хэлж байсан. Танд их хүндээр туссан байх даа?

-Тийм ээ. Үнэхээр аймар байсан. Өөрийгөө буруутгаж, “шок”-ны байдалтай л байлаа.  Өвчин хэлж биш, хийсэж ирдэг гэж үнэн үг юм байна лээ.

Хэн ч ингэж сургуулиа эрсдэлд оруулна гэж бодохгүй шүү дээ. МУБИС-ийн оюутнуудыг гадуурхаж, элдвээр хэлж байгаа хүмүүс их байсан.

Та бүхнээс “битгий тэгээч” гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Хүнд хэцүү үед гэр бүл, найз нөхөд, сургуулийн маань оюутнууд надад зөндөө сэтгэлийн дэм, урам өгсөн.

МУБИС-ийн оюутны дотуур байрнуудад хөл хорио тогтоогоод байна

-Та сая манай сургуулийн хүүхдүүд надтай холбогдсон гэлээ. Оюутнууд юу гэж хэлж байна?

-Намайг таньдаггүй хүүхдүүд хүртэл “хурдан эдгээрэй”, “чиний төлөө залбирч байгаа шүү”, “биеэ бодоорой” гэх мэт үгсийг хэлж, надад сэтгэлийн дэм өгсөн. Одоо ч өгсөөр байна. Би маш их баярлаж байгаа. МУБИС-ийнхандаа маш их баярлалаа. Та нарынхаа халуун дулаан үгний хүчээр би хурдан эдгэрч гарах болно оо.

-Сургуулиас тань холбогдов уу?

-Холбогдсон. Сургалтын албаны эгч өдөр болгон залгаж, миний биеийн байдлыг асууж холбоотой байгаа.

-Эгчийн тань биеийн байдал хэр байгаа бол?

-Эгч сайн байгаа. Манайхны биеийн байдал бүгд хэвийн байгаа.

-Эмч нар ямар эмчилгээ хийж байна вэ?

-Эмчилгээ хийхгүй байгаа. Дархлаа дэмждэг эм ууж байгаа.

-Тэгэхээр одоо ямар ч ханиалгах халуурах шинж тэмдэг илрэхгүй байгаа юм байна. Тийм үү?

-Тийм ээ. Биед маань ямар нэгэн зовуур илрээгүй, хэвийн байна.

-Эмч нар сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна уу.

-Тийм ээ. “Эдгэхгүй өвчин биш, эдгэрдэг өвчин”, “Сэтгэлээр бүү унаарай, цоглог байгаарай” гээд их дэмжиж, тайтгаруулж байгаа. Бид бүхний төлөө нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдадаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Та хүчтэй байж, хурдан эдгээрэй.

-Тэгнэ ээ. Монгол хүн бүр эрүүл энх байгаасай гэж хүсэж байна. Баярлалаа.

Засгийн газрын тогтоолын дагуу мэдээний сэтгэгдлийг хаасан болно!