УОК-ын мэдээллийг Д.Сарангэрэл “хов жив” шиг нийтэд мэдээлээд байх нь зөв үү

УОК-ын мэдээллийг Д.Сарангэрэл “хов жив” шиг нийтэд мэдээлээд байх нь зөв үү

Коронавирусийн халдвар тээгч иргэн Улаанбаатар хотод явсан маршрутаа нуусан гэх мэдээлэл бий. Тэгвэл тус мэдээллийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өөрийн facebook хуудастаа анх нийтэд мэдээлсэн юм. 

Тэрээр "Мэдээллээ нууж гэр бүл, хамаатан саднаа бүгдийг нь эрсдэлд оруулна гэдэг хэтэрхий хариуцлагагүй үйлдэл. Караокед орсноо хэлээгүй л гэнэ. Бодит үнэнийг хэллээ гээд барьж хорино гэж үү дээ. Эх орон, элгэн саднаа хайрлая" хэмээн мэдэгдсэн юм.

Д.Сарангэрэл сайдын мэдээлэл

Гэтэл түүний энэ мэдээлэлд хаана, ямар нэртэй Караокед үйлчлүүлсэн иргэд эрсдэлд ороод байгаа талаарх сэрэмжлүүлсэн нэг ч үг байсангүй, цаашлаад “хов жив”-ийн гэж болох мэдээлэл байв. Учир нь тэрээр Эрүүл мэндийн сайдаар цар тахлын энэ үед ажилласан туршлагатай, иргэдэд ямар мэдээлэл хүргэх, хэн хүргэх ёстой зэрэг мэдлэг туршлагатай баймаар. 

Гэтэл Улсын Онцгой комисс /УОК/-оос албан ёсоор нийтэд мэдээлэл ёстой цар тахлын талаарх цаг үеийн мэдээллийг БОАЖ-ын сайд нийтэд зарлаад “хамраа дарж аальгүйтэх хүүхэн шиг аягалаад байх нь” хэр зохимжтой вэ гэсэн асуулт  ч гарч байна. 

Харин Д.Сарангэрэлийн тус мэдээллийн дараа УОК мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдвар тээгч нь явсан маршрутаа нуусан уу, мартсан уу ямартай ч өөр маршрут өнөөдөр дахин асуумжаар тодорхой боллоо. Энэ сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Топаз зочид буудал, Өгөөж цайны газар, Говьсайхан караокед үйлчлүүлсэн хүмүүс сайн дураараа 119 дугаарт залган мэдээлэх, яаралтай хандахыг мэдэгдье" гэсэн юм. 

Энд нэг зүйлийг сануулахад, Цар тахлын энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагууд дотоодод үүсээд байгаа коронавирусийн талаарх мэдээллийг нийтлэхдээ зөвхөн ЭМЯ, УОК-ын мэдээллийг л эх сурвалжаа болгож хуулиа сахин биелүүлж байгаа шүү гэдгийг сануулъя.