Цалин, тэтгэврийн зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд ХАМРАГДАЖ БОЛНО

Цалин, тэтгэврийн зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд ХАМРАГДАЖ БОЛНО

Нийслэлийн орон сууцны корпорацаас “Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж байна. Цахим бүртгэл энэ долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлнэ.

Бүртгэл наймдугаар сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Иргэдэд түрээслүүлэх байр 49.23 мкв бүхий хоёр өрөө, 39.30 мкв бүхий хоёр өрөө, 68.59 мкв бүхий гурван өрөө байр юм. Иргэдийг түрээсийн орон сууцанд оруулах хөтөлбөр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэж буй тул гэр хорооллын иргэдийг л хамруулах аж.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан уг асуудлыг хэлэлцэхдээ дээрх орон сууцуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулж байсан.

Өнөөдөр тус байгууллагаас мэдээлэл хийхдээ иргэдийг найман ангиллаар бүртгэж гэлээ.

Түүнчлэн цалин, тэтгэврийн зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдаж болно. Тухайн иргэний орлогын байдал зээлийн төлбөрөө төлөхөөс гадна түрээсийн  төлбөрөө төлж чадах хэмжээнд байх ёстой. Тэрийгээ нотлох ёстой гэв.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Багш, эмч гэх мэт хэн нэгэнд квот өгөхгүй. Мөн түрүүлж, сүүлд бүртгүүлсэн гэх мэтээр эрэмбэлэхгүй. Шаардлагыг хэрхэн хангаж байна вэ гэдгээс л хамраана. Хэрэв тэтгэвэртээ гарсан ахмад багш бол ахмад гэдэг ангилалд, ажиллаж байгаа багш бол төрийн албан хаагч гэсэн ангилалд бүртгэнэ. Аль нэг байгууллага, мэргэжилд давуу эрх үүсэхгүй. Цахим ертөнцөд мөн худал мэдээлэл түгж байгаа. Иргэдийг түүнд хууртахгүй байхыг хүсье. Одоогоор “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл ороогүй, ямар ч гэрчилгээ өгөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

Түүнчлэн орон гэргүй иргэд энэ байранд цахимаараа бүртгүүлээд орох боломжтой. Тэдэнд нийгмийн даатгал хамаарахгүй аж.

“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд гурван төрлийн байр байгаа юм байна. Тухайлбал, байрууд нь 68.39, 49.39, 39.39 ам.метрийн хэмжээтэй аж. Түрээслээд өмчлөх хэлбэрийн байр нь ам.метр нь 1.4 сая төгрөг юм байна. Хэрэв 30 хувиа төлөөд байрандаа орсон бол хамгийн багадаа сард 280 мянган төгрөг төлөөд өмчлөх боломжтой юм байна. Харин хамгийн дээд хэмжээндээ сард ам.метрээсээ шалтгаалаад 1.6 сая төгрөг төлөөд өмчлөх гэнэ. Өмчлөхгүйгээр энгийнээр түрээслэвэл, ам.метрээсээ шалтгаалаад сард 137-411 мянган төгрөг төлөх юм байна.

-Эдгээр байрыг түрээслэхтэй холбоотой журам баталсан. Журамд хэрхэн заасныг доор хүргэе ээ-

Түрээсийн орон сууцанд хэн хамрагдах вэ?

Журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгажээ.

Залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр- 20%

Төрийн албан хаагч- 25 %

Хувийн байгууллагад ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч- 20%

18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл- 5%

Өрх толгойлсон эцэг, эх- 5%

Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан- 15%

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл- 5%

Гамшигт, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн- 5%

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох түрээсийн орон сууцуудыг дараах байдлаар хуваарилна.

Харааны бэрхшээлтэй-1%

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй-1%

Хөдлөх, тулах эрхтний бэрхшээлтэй-1%

Оюун сэтгэцийн бэрхшээлтэй-1%

Бусад-1%

Түрээсийн орон сууцанд яаж хамрагдах вэ?

Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулжээ. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсвэл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгасан аж.