Говь-Алтай аймгийн Хөхмөрьт суманд өндөр хүчин чадал бүхий шүүлтүүртэй, ухаалаг худаг ашиглалтад оруулсан байна. Уг худаг нь усны бүх төрлийн бохирдлыг шүүж, стандартад нийцэх хүртэл нь “ариутгадаг” технологитой аж. НҮБ-ын Хүүхдийн сан болон БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын 116,7 сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү ажлыг гүйцэтгэжээ.
Холдогдох албаныхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус аймгийн 18 сум, хоёр тосгоны ундны усны 77 эх үүсвэрээс дээж авч, нарийвчилсан шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнд Хөхморьт сумын иргэдийн ундны усанд 14-17 төрлийн хүнд металл стандартаас хоёр дахин их байгааг тогтоосон гэнэ.
Тиймээс аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан иргэдийг стандартад нийцсэн усаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулж эхэлжээ. Ус цэвэршүүлэгч бүхий ухаалаг худагтай болсноор Хөхморьт сумын тавдугаар багийн 117 өрхөөс гадна бусад багийн иргэд ч эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цэвэр ус уух боломж бүрдсэн байна.