Монголчууд бид “Бөх нь төрөө дагадаг юмаа” хэмээн ихэд бэлгэшээдэг ард түмэн. Тэгвэл бөхөөс гадна төсөв ч бас төрөө дагадаг бололтой. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн засаглаж, Б.Жавхлангийн данс атгаж байх жилүүдэд улсын төсөв Хэнтий аймаг руу цутгадаг байсан бол өнөө жилээс Ховд, Хөвсгөл, Увс аймгууд руу төвлөрч, нэг ёсондоо “Хангайгаа бараадаж” буй бололтой.
- 2027 ОНД ХОВДОД ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН ӨСНӨ -
Эдгээр аймгийн дундаас Ховд онцгой анхаарал татаж байна. Учир нь тус аймагт улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг сүүлийн жилүүдэд 11-14 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж ирсэн бол 2027 оны төсвийн төсөлд 27 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Тодруулбал, Ховд аймагт олгох санхүүгийн дэмжлэгийг 2022 онд 11 тэрбум 360 сая төгрөгөөр баталсан ч төсвийн тодотголоор 6 тэрбум 800 сая төгрөг болгон бууруулж байв. Үүний дараа 2023 онд 12 тэрбум 290 сая, 2024 онд 12 тэрбум 980 сая, 2025 онд 14 тэрбум 30 сая, 2026 онд 13 тэрбум 30 сая төгрөгөөр тус тус тооцжээ.
Харин 2027 оны төсвийн төсөлд энэ дүнг 27 тэрбум төгрөгт хүргэж, өмнөх оныхоос бараг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
- ХОВД АЙМАГТ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 300.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 49 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ -
Зөвхөн санхүүгийн дэмжлэгээр зогсохгүй, 2027 оны төсвийн төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас Ховд аймагт хамаарах 49 төсөл, арга хэмжээнд нийт 300.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөжээ.
Ингэснээр Ховд аймаг 21 аймгаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлж, Улаанбаатар хотын дараа улсын хэмжээнд хоёрдугаарт жагсаж байна. Харьцуулбал, Увс аймагт 190.3 тэрбум, Хөвсгөл аймагт 139.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөжээ.
Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад “Шинэ Ховд” үйлдвэр, технологийн паркийн төслийн нийт төсөвт өртгийг анх 19.2 тэрбум төгрөгөөр тооцож байсан бол 37.8 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ. Мөн Ховд аймагт барих арьс ширний үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртөг 42.1 тэрбум төгрөгөөр тооцогдсон байна.
Харин Зам, тээврийн сайдын багцад Ховд–Улиастай чиглэлийн авто зам болон Ховд–Мянгад чиглэлийн 25 км авто замын их засварын ажил багтжээ. Тухайлбал, Ховд–Мянгад чиглэлийн авто замын засварт 2027 онд 11.6 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Түүнчлэн эрчим хүчний салбарт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон орон нутгийн цахилгаан хангамжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг үргэлжлүүлэхээр тусгасан бол боловсролын салбарт Жаргалант сумын 240 ортой 11 дүгээр цэцэрлэгийн барилгад санхүүжилт төлөвлөжээ.
- ХОВДООС СОНГОГДСОН САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН НУТГИЙНХАНДАА БЯРАА ХАРУУЛЖ БАЙНА УУ -
Дээрх тоонуудтай холбогдуулан эргэн сануулах учиртай нэгэн албан тушаалтан бий нь 2-р тойрог буюу Баруун бүс (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг)-өөс сонгогдсон УИХ-ын гишүүн З.Мэндсайхан юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Н.Учралын Засгийн газарт Сангийн сайдаар томилогдон ажиллаж буй билээ. Ингээд тэрбээр улсын сан хөмрөгийг атгасныхаа дараа жилд 12 тэрбум төгрөг улсын төсвөөс “гуйдаг” байсан аймагтаа мөнгийг нь 27 тэрбум болгон нэмэгдүүж бяраа гайхуулж байна уу гэлтэй. Хааны суудал халаатайг санаж амжуулж авч буй нь ч байж мэдэх л хэрэг.
Түүнчлэн, Ховд аймгийн тухайд мөн заавал асуух ёстой нэг асуулт байдаг нь энэ аймаг үнэхээр улсын төсвөөс санхүүжихүйц “ядарсан” нутаг мөн үү гэж. Тодруулбал, Өмнөговь, Дорноговь, Дорнод зэрэг байгалийн баялагтай аймгууд бол улсдаа жил бүр орлого төвлөрүүлдэг жишигтэй. Тэгвэл Халзанбүрэгтэй гэдэг газрын ховор элементийн ордоо хааж зогсчихоод ашиглуулдаггүй ард түмэн татвар төлөгчдийн мөнгөөр “Шинэ Ховд” парк барих эрхтэй юу.
- ХАЛЗАНБҮРЭГТЭЙН ОРДОО АШИГЛАХГҮЙ БАЙЖ УЛСЫН ТӨСВӨӨС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ -
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэйн газрын ховор элементийн орд нь өндөр технологийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай стратегийн чухал түүхий эдийн асар том нөөцтэй боловч байгаль орчны аюулгүй байдал болон орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас үйл ажиллагаа нь гацаж, хүлээлтийн байдалд ороод буй орд юм. Хэрэв энэ төсөл цааш үргэлжилвэл орон нутагтаа хамгийн том төсөл болохоос гадна, одоо байгаа уул уурхайн төслүүдээс гурав дахин өгөөжтэй байна гэдгийг Халзанбүрэгтэйн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нейшнл рийр ийрт корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цолмон нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.
Түүнчлэн тус ордын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн талаар 2025 оны есдүгээр сарын 23-нд УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан юм. Сонсголын үеэр шинжээч Х.Лхагвабаатар ордын хүдэр дэх ураны агууламж 0.009 хувь, торийн агууламж 0.028 хувь гэсэн мэдээлэл танилцуулжээ. Харин ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Т.Аззаяа уран, торийн баяжмал болон хаягдал дахь тархалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах шаардлагатайг онцолсон байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонсголын тайланд Халзанбүрэгтэйг ураны бус, газрын ховор элементийн орд гэж тодорхойлж, хайгуулын ажлыг үргэлжлүүлэн нөөцийг бүрэн тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн байдаг.
Эцэст нь тэмдэглэхэд, Халзанбүрэгтэй тойрсон маргаан бол манай улсад шинжлэх ухааны баримт ба поп улс төр хоёр хэрхэн мөргөлдөж буйн тод жишээ боллоо. Шинжээчдийн танилцуулсан уран, торийн агууламжийн тоо баримт болон УИХ-ын сонсголын дүгнэлт нь Халзанбүрэгтэйг эдийн засгийн өндөр өгөөжтэй стратегийн орд гэдгийг баталж байгаа. Гэвч бодит байдал дээр тэмцэгч хэмээн тодорхойлсон Л.Наянцэцэг, Саак Сараа, Азаа тэргүүтэй цөөн хэдэн тэмцэгчдийн олон нийтийг төөрөгдүүлсэн тэмцэл уг төслийг гацаанд хэвээр үлдээв. Хамгийн гол нь бүс нутгийг төлөөлөн бодлого тодорхойлох ёстой Сангийн сайд нь үүнийг шийдэхийн оронд уул уурхайн орлогоос гурав дахин их өгөөж өгөх боломжийг хааж, тойрогтоо төсвийн мөнгийг дабльдаж хуваарилах замаар асуудлыг аргацааж суугаа нь туйлын ичгүүртэй хэрэг юм. Стратегийн том төслүүдээ хэдхэн хүний хардлага, улс төрчдийн тойргийн сэтгэлгээнээс ангид байлгаж чадахгүй бол Монгол Улс эдийн засгаа солонгоруулах тухай яриад ч хэрэггүй биз ээ.