“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан анх удаагаа Монгол Улсад ирэх сарын 3-8-ны өдрүүдэд болох гэж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд анх удаагаа зохиогдох гэж байгаа энэхүү тэмцээнд найман орон оролцох бөгөөд үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг дөрвөн улс оролцох юм.
Тэгвэл уралдааны үндсэн оролцогчид болох ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев ахлагчтай баг тамирчид манай улсад хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан уралдаан зохион байгуулах хорооныхон өнөөдөр уралдааны үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг уралдаан зохион байгуулах хорооны Аюулгүй байдал, харуул хамгаалалтын бүлгийн дарга, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын тасгийн дарга, дэд хурандаа Ш.Эрдэнэбаатар, морь, түүний арчилгаа, уналгад бэлтгэх талаарх зөвлөмжийг тус хорооны Мал эмнэлгийн бүлгийн дарга, Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн Мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторийн дарга, ахмад Ж.Даваадорж, уралдаанаас бусад цагт явагдах соёл урлаг, спорт, сурталчилгааны арга хэмжээний мэдээллийг мөн уралдаан зохион байгуулах хорооны Соёл, сурталчилгааны бүлгийн дарга, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Ууганбаяр нар танилцуулсан юм.
Хурлын эхэнд "Аравт" уралдаан зохион байгуулах хорооны ажлын албаны дарга, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга "Аравт" морин цэргийн олон улсын анхдугаар уралдаанд оролцохоор манай сайхан оронд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ уралдаан өрсөлдөөний гэхээс илүү нөхөрлөлийн талбар байна гэдэгт зохион байгуулагч бид бүхэн итгэлтэй байна. Та бидний баримтлах гол зарчим бол аюулгүй байдлаа хангах юм. Өөрийн болон нөхрийнхөө аюулгүй байдлыг хангана гэдэг хүн бүхний үүрэг гэдгийг ойлгоорой.