НОК: Иргэн О-д анхны тусламж үзүүлэх хооронд нас барсан

НОК: Иргэн О-д анхны тусламж үзүүлэх хооронд нас барсан

Өчигдөр /2020.12.07/ Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн гарсан байна. Мөн 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн  хот руу нэвтэрсэн байна. Үүнд, Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан аж. Мөн 22-ын  товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан иргэний талаар дараах мэдээллийг өгөв.

-УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС УЯЛДААГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА- 

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.ЭРДЭНЭБААТАР: -УОК-ын шийдвэрийн дагуу хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн шөнө Архангай аймгаас хувийн автомашинтай  ирсэн зургаан зорчигч шинжилгээ өгөөгүй байсан.  Тиймээс бид PCR шинжилгээ авахаар төлөвлөөд байсан. Энэ хугацаанд тус аймгаас ирсэн  иргэн О-гийн биеийн байдал муудаж, нийслэлийн түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлэх хооронд тухайн иргэн нас барсан. Цагдаагийн байгууллагаас нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. НОК-оос ялангуяа өвчний голомт бий Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг PCR шинжилгээ өгсөн тохиолдолд Улаанбаатар хот руу нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирж буй иргэд PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

Гэтэл Улсын онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас ирэх иргэдийг заавал PCR шинжилгээ хийлгэх шаардлагаггүй түргэвчилсэн оношлуурын хариуг харж Улаанбаатар руу нэвтрүүлнэ гэсэн зөвшөөрлийн бичиг гаргаж байжээ. Сэлэнгэ аймаг нь Архангайтай адил халдварын голомт болсон бүс юм. Гэтэл яагаад Архангайн иргэдээс PCR шинжилгээний хариу нэхсэн нь анхаарал татаж байна. 

УОК-оос PCR шинжилгээний хариу шаардлагагүй гэж байхад Нийслэлийн онцгой комиссоос PCR шинжилгээний хариу нэхэж буй нь тус хоёр газар уялдаагүй ажиллаж байгааг илэрхийлж байгаа юм.