Г.Пүрэвбат агсны охин Анхаа Ханаа: Л.Отгонбаатар нарын цөөнх шавь нар нь хуурамч бичиг хийж, "Аглаг бүтээлийн хийд"-ийн тэргүүнээр өөрийгөө бүртгүүлсэн

Г.Пүрэвбат агсны охин Анхаа Ханаа: Л.Отгонбаатар нарын цөөнх шавь нар нь хуурамч бичиг хийж, "Аглаг бүтээлийн хийд"-ийн тэргүүнээр өөрийгөө бүртгүүлсэн

“Шугам” нэвтрүүлгийнхээ ээлжит дугаар Бурханч лам Б.Пүрэвбат агсны охин Анхаа Ханааг урьж, Б.Пүрэвбат агсны үлдээсэн “Аглаг бүтээлийн хийд”-ийн өмчлөл, энэ хүний үлдээсэн шашин соёлын өвийг хэн үргэлжлүүлэх вэ гэдэг маргааны талаар ярилцлаа.

ВИДЕО: 

- ААВЫН БҮТЭЭСЭН ЖИНХЭНЭ ӨВ БОЛ НОМ БҮТЭЭЛҮҮД БОЛОН ӨВ ТЭЭГЧ ШАВЬ НАР НЬ -

- Бурханч лам Б.Пүрэвбат агсны үлдээсэн Аглаг бүтээлийн хийд”, хийдийн өмчлөл, энэ хүний бүтээсэн шашин соёлын өвийг хэн үргэлжлүүлэх вэ гэдэг маргаан олон нийтийн дунд байгаа. Би ярианыхаа эхэнд танаас “Таны аавын үлдээсэн өв гэж та юуг хэлж байгаа” талаар асуумаар байна.

- Аавын үлдээсэн зүйлс асар их. Үнэхээр асар их. Тэр дундаас аавын байнга онцолдог байсан, манай ээжийн одоог хүртэл онцолсоор байгаа зүйл нь аав “Номоо л хийгээд үлдээчихвэл боллоо” гэдэг байсан. Манай ээж ч гэсэн хамгийн гол сүнс нь номонд нь бүгдийг шингээсэн байна, аавын насаараа судалж ирсэн “Монголын өв соёлыг үргэлжлүүлэх туйлын зорилго нь бүгд номонд нь шингэсэн байгаа. Онол, ярилцлагын номонд нь бүгд байгаа. Аавын үлдээсэн жинхэнэ өв бол аавын бүтээсэн бүтээлүүд буюу ном, аавын өв тээгч шавь нар нь юм. 80 гаруй шавь байгаа. Өв тээгч шавь, манай ах нар бол аавын хамгийн том өв гэж би боддог.

- Олон нийтийг төөрөгдүүлж байгаа асуултыг бид танаас шуудхан асууя. Яг өнөөдөр “Аглаг бүтээлийн хийд” хэний өмч вэ?

- Ямарваа нэгэн зүйлийг хэн нэгэн удирдаж зохион байгуулж авч явах ёстой шүү дээ. Гэтэл хуулийн хэл зүйгээрээ өмч эзэмшигч гээд нэр нь хэцүү өгүүлэгдээд байгаагаас биш “Аглаг бүтээлийн хийд” анхнаасаа аавын минь бүтээсэн, манай аавын л зүйл байсан, цаашдаа ч аавынх байх болно. Хэрвээ зөв ёсны утгаар нь ярих юм бол аавынх. Гэхдээ заавал хууль, бичиг цаасаар нь ярина гэвэл одоогоор Улсын бүртгэл дээр дүү бид хоёр байдаг. Гэхдээ энэ процесс хүртлээ асар их юм болсон юм. Анхнаасаа бид өөрсдийнхөө нэр дээр шилжүүлнэ гэдэг бодол байгаагүй. Аавын нэр дээр яаж үргэлжлүүлж авч явах вэ гэдэг л бодол байсан. Би чинь өөрөө киноны хүн болохоор сайн мэдэхгүй, тэр үедээ ч гэсэн суралцах ёстой байсан, судлах хэрэгтэй байсан. Гэтэл юу ч болоогүй, бид нар ч аавыг явсантай эвлэрч амжаагүй байтал Лхасүрэн, Отгонбаатар гээд  Би өмнө нь энэ хүний нэрийг нэг ч удаа дурдаж байгаагүй. Одоо дурдах хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ Отгонбаатар гэдэг лам гэнэт хаанаас ч юм надад “Удирдах зөвлөл хуралдаад чамд байгаа гэрчилгээ тамга тэмдгийг хүчингүй болгочихсон. Чи одоо наадахаа ашиглах юм бол хууль бус шүү” гэсэн мессеж ирсэн.

- Таны аавыг бурхан болсноос хэдий хугацааны дараа вэ?

- Аавыг бурхан болсноос яг нэг жилийн дараа. Эхлээд бид нарыг Төв аймгийг цагдаагийн газарт эрүүгийн хэргээр өгчихсөн байсан юм. Тэгээд цагдаа нар бид нар дээр ирээд бүх үзлэг шалгалтыг хийсэн. Угаасаа бүх зүйл хэвэндээ байгаа аавынхаа зүйлсийг яаж хамгаалах вэ гэж толгой гашлаад явж байгаа хүмүүс шүү дээ бид нар чинь. Яаж өвөө хамгаалах вэ, яаж үргэлжлүүлэх вэ, яавал урт удаан хугацаанд зөв хамгаалж явах вэ, ард түмэндээ яаж байнга хүсэн мөрөөдсөн шиг хүртээлтэй байлгах вэ гэдэгт л гашлаад, тэрийгээ л судлаад явж байсан. Гэхдээ гаргалгаагаа олоогүй байсан юм. Тэгтэл л нэг жилийн дараа Эрүүгийн хэргээр шалгуулаад л, цагдаа нар нь ирээд угаасаа ямар ч нотлох баримтгүй хэрэгт өгчихсөн байсан. Угаасаа бүх юм нь байж байгаа. Бид нар бүр CCTV хяналтын камер тавьчихсан, цагдаа нарыг хамт хамгаалаад өгөөч гэж гуйгаад явж байсан үе. Тэгээд хэрэгсэхгүй болсон юм тэр хэрэг нь. Үүнээс хойш удаачгүй сар гаруй хугацааны дараа л тамга тэмдэг хүчингүй болчихсон, наадхаа ашиглавал хууль бус гэхээр нь “юу болчихов” гээд Улсын бүртгэл дээр яваад очсон чинь н.Отгонбаатар гэрчилгээ, тамга, тэмдгийг алга болгосон гэж худлаа зар гаргаад, Улсын бүртгэлд худлаа яриад, шинээр гэрчилгээ гаргуулаад, шинээр Удирдах зөвлөлийн гишүүдийг бүртгэчихсэн байсан. Бид нар улсын бүртгэлд бүх баталгаагаа өгөөд, энэ яг жинхэнэ тамга тэмдэг нь байна гэдгийг нь баталсан юм. Тэгээд буцааж тэргүүнээр нь аавыг бүртгээд, хуучин хэвэнд нь оруулаад өгөөч гэтэл эцсийн өмчлөгч бүртгэх шаардлага үүссэн. Тэр үед бидэнд итгэх хүн байхгүй хэцүү байсан үе учир эхний ээлжинд гэр бүлээ эцсийн өмчлөгч гэж бүртгүүлчихье, явцын дунд болно биз гээд гэр бүлээ эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн юм. Энэ бүртгэлээс хэдхэн хоногийн дараа бид нарыг шүүхэд өгчихсөн байсан. Шүүхэд хэрэг орчихоор нэмж бүртгэлийн шинэчлэл хийж болохгүй болоод, түгжигдчихдэг юм байна л даа. “Аглаг бүтээлийн хийд”-ийг үргэлжлүүлэн авч явахад хүндрэлтэй байгаа зүйл нь шүүхийн маргаантай байгаа учраас шинэ удирдах зөвлөлийг бид нар томилж чадахгүй байгаа. Аавын минь зөв шавь нар байгаа шүү дээ. Наян хэдэн шавь нараас нь Л.Отгонбаатар хүн цөөхөн хэдхэн, ганц хоёрхон байгаа. Бусад нь бүгд зөв сэтгэлтэй, “Урлахуйн ухааны төв” гээд шавь нарынх нь нэгдсэн холбоо бий. Тэд нар маань ТББ-тай, сургуультай. Аавын заасан бүх зүйлсийг тээгээд үнэхээр үнэ цэнтэй өвч тээгч нар болоод үргэжлүүлээд явж байгаа.

Г.Пүрэвбат агсны охин Анхаа Ханаа

 - ШҮҮХИЙ МАРГААНЫ ГОЛ АГУУЛГА НЬ "АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД" -ИЙН ӨМЧЛӨЛТЭЙ ХОЛБООТОЙ - 

- Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол агуулга нь яг юу юм?

- Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл нь Ганхүүгийн Пүрэвбатыг эцсийн өмчлөгчийг гэж бүртгэсэн бүртгэлийг хууль бус болгох нэхэмжлэл байсан. Гурван нэхэмжлэл байгаа. Нэг нь бид нарын нэрээ бүртгүүлсэн бүртгэлийг хууль бус болгох. Аавын эцсийн өмчлөгч гэдэг нэрийг хууль бус болгох. Гуравт өөрсдийнхөө гэрчилгээг жинхэнэ болгож буцаах гэсэн байсан. Би тэрийг харчихаад “одоо эд нар буруудаад байна аа” л гэж бодсон. Бид нарыг үгүйсгэж болно шүү дээ. Гэхдээ хэний ч мэдэх зүйлийг, багшийгаа үгүйсгэж болохгүй шүү дээ. Үнэхээр багшийгаа хайрладаг, хүндэлдэг, хийсэн бүтээснийг нь үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлтэй шавь нар нь харин хийж байсан ажлыг нь үргэлжлүүлээд л явж байгаа. Хамбын овооны дурсгалын хүрээлэн, аавын номыг үргэлжлүүлэн дуусгах, англиар хэвлүүлэн олон улсад гаргах, монголын өв соёлыг олон улсад таниулах, бүтээлүүдийг нь хамгаалж бүртгэлжүүлэх гээд олон ажил бий. Ганцхан “Аглаг бүтээлийн хийд” биш шүү дээ. “Аглаг бүтээлийн хийд” -ээс гадна манай аавын үнэ цэнтэй, хийж үргэлжлүүлж дуусгах ёстой асар олон ажил байсан. Гэтэл тэр бүхнийг хаяад зөвхөн “Аглаг бүтээлийн хийд”-ийн өмчлөлийн асуудал дээр төвлөрөөд, тэгснээ сүүлдээ анхан шатны шүүхийн нэхэмжлэл нь Бурханч лам Г.Пүрэвбатыг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хууль бус болгох. Тэгэхээр миний тэр хүмүүсийг шавь нар нь юм даа гээд хүндэлдэг байсан маань байхгүй.

- Бид бол анхан шатны шүүхийн процесс үргэлжилж байгаа гэж ойлгоод байсан. Харин таны ярианы байдлаас бол анхан шатны шүүхийн шийдвэр гарсан, дахиад давж заалдах шатны шүүхийн процесс үргэлжилж байгаа гэдэг зүйлийг хэлчих шиг боллоо.

- Анхан шатны шүүх дээр гурван нэхэмжлэлийн хоёрыг нь хэрэгсэхгүй болгоод, нэгийг нь нэмж нотлох баримт хэрэгтэй гээд дуусгасан юм. Давж заалдах шатын шүүх дээр нотлох баримт дутуу учраас анхан шатнаасаа ахиж эхэлье гэдэг шийдвэр гарсан. Тэгэхээр нь бид нар хянан шалгуулмаар байна гэдэг хүсэлт гаргаад одоо Дээд шүүх тэр хүсэлтийг маань хүлээж аваад одоо хэлэлцүүлэгтээ оруулах гээд явж байгаа. Тэр шийдвэр гарчих юм бол хэрэг нэг тийшээ болчих байх л гэж найдаад байна. Монголын шүүх яалтчгүй шударга байдгийг мэдрээд явж байгаа. Анхнаасаа л цагдаа дээр ч, шүүх дээр ч тэд нарын нэхэмжлэл бүгд хэрэгсэхгүй болоод яваад байгаа. Угаасаа нотлох баримтууд нь байгаа юм чинь. Бид үйл хэргийг нь үргэлжлүүлээд “Аглаг бүтээлийн хийд” -ийн хаалгыг нэг ч удаа барьсангүй. Дөрвөн улирал хүмүүсийг мөргүүлж, номыг нь хуруулаад л. Давхар би аавынхаа ажлыг үргэлжлүүлж хийгээд л явж байна. Энэ шүүх хурлын асуудлаас болоод бүтээн байгуулалт л зогсчихсон байгаа. Бид нар өмнө нь хийсэн бүтээн байгуулалтынх нь барилгын хог новшийг бүгдийг нь цэвэрлэчихсэн байгаа.

- Та аавыгаа бурхан болсны дараа хэвлэлээр их яриагүй учраас бид нар ерөнхий ойлголтгүй байж магадгүй. Хийдийн зөвлөл Бурханч лам Г.Пүрэвбат агсны хүүхдүүдтэй л маргаан үүсгээд байгаа гэнэ лээ гэсэн л ойлголт байсан. Тэгэхээр энэ удирдах зөвлөлд байгаа хүмүүс хуулийн хувьд хүчинтэй юу?

- Хуулийн хувьд бол одоо бүртгэл дээр хүчингүй. Уг нь эрх зүйн хүрээ нь бүрдээгүй хүмүүс шүү дээ. Нөгөө талаас хуурамч гарын үсэг зураад яваад байна лээ. Удирдах зөвлөлийн бүх хүний санаа нийлээгүй гэсэн үг. Өөр хүмүүсийн өмнөөс гарын үсэг хуурамчаар зурсан баримт цааснууд гарч ирсэн. Энийг бид нар цагдаагаар шалгуулах гэж байгаа. Тэндээс би сэдэл би аваад, 2016 онд аав Өлзий бадрал сүмийн дүрмийн шинэчлэлийг оруулсан улсын бүртгэл байсан юм. Тэнд Л.Отгонбаатар, н.Төгөлдөр гэх мэт таван шавийнхаа нэрийг оруулсан тогтоол бас давхар явж байсан. Юмыг яаж мэдхэв гээд бүгдийг нь дэлгэж хараад гарын үсгүүдийг нь харсан чинь яг тогтоолын гарын үсэг нь аавын гарын үсгээс өөр байсан. Бид нар аавынхаа гарын үсгийг мэднэ шүү дээ. Гэхдээ батлагдаагүй байгаа л даа. Хуурамч гэдэг нь бол мэдэгдэж байсан. Тэр үед аавын туслах хийдэг нэг хүн аавын өмнөөс хэд хэдэн удаа гарын үсэг зурж байсныг нь би мэднэ. Аав өөрөө зөвшөөрөөд зуруулж байсан. Бид энэ түүхийг нь мэддэг учраас тэр гарын үсэг хуурамч байх магадлал өндөр юм байна гэсэн сэжиг төрсөн. Энэ хүмүүс маань ийм зүйл хийхээсээ санаа зовдоггүй хүмүүс байгаад байна. Хуулийг зөрчин барин хүний өмнөөс гарын үсэг зурна гэдэг бол байж боломгүй асуудал. Гэтэл ийм зүйл хийгээд байна. Нотолгоо нь гарч ирээд байна.

Г.Пүрэвбат агсны охин Анхаа Ханаа

- ААВЫН ҮЛДЭЭСЭН ӨВ "АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД"-ЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ -

- Шүүхийн маргаан бол үнэндээ хийдийг л авах юм байна тийм ээ.

- Тэд нарын нэхэмжлэл бол тийм.

- Гэтэл энэ хүний өв бол “Аглаг бүтээлийн хийд”-ээр хязгаарлагдахгүй том өв.

- Тийм шүү дээ. Шашин соёлоос гадна урлаг, уран сайхан, монголын урлахуйн ухаан байна, ном, онол нь байна. Энэ бүхэн чинь агуу зүйлс шүү дээ. Хамбын овооны дурсгалын хүрээлэн ч асар том түүхийг баталж харуулж байгаа. Аавын үлдээсэн зүйлсийн цаана монголын өв соёл түүхийг яаж үргэлжлүүлж, монгол гэдэг үндсийг яаж бүтээх вэ гэдэг зүйл яваад байгаа шүү дээ. Энэ чинь өмчлөхдөө гол нь биш юм шүү дээ. Хуулийн нэр томъёо нь л ийм сонин байгаа юм. 

- Шашин соёлын өвийг нь та цаашид ямар зарчмаар үргэлжлүүлнэ гэж бодож байгаа вэ? 

- Аавын шавь нь ганц Л.Отгонбаатар биш шүү дээ. Олон мундаг лам шавь нар байгаа. Тэр хүмүүстэй хамт аавын үлдээсэн шашных нь зан үйл, соёлыг үргэлжлүүлээд явахын тулд би чадахаараа зохион байгуулна. Соёл, урлахуйн ухаан талдаа өв тээгч шавь нар нь бий. Тэд нар нь хангалттай үргэлжлүүлээд явж байгаа. Бид "Пүрэвбат сан"-гаараа дамжуулан менежментийн хувьд тусалж чадах юм байвал, олон улс руу холбож өгч чадах юм байвал хангалттай дэмжээд явна. Одоо ч хамтраад явж байгаа. 

- "Аглаг бүтээлийн хийд" та бүхнийх гэдэг нь тогтоогдвол хийдийн үйл ажиллагааг цааш нь яаж авч явна гэж тооцож байгаа вэ? 

Пүрэвбат сан Төв аймагтай хамтраад сангаараа дамжуулан үйл ажиллагааг нь явуулна. Төв аймагтай хамтраад хамгаалалтанд аваад, бүтээн байгуулалтыг нь ч сангаараа дамжуулан үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

- Ээжийнх нь бие сайн уу? 

Манай ээж саяхнаас тайвширсан. Энэ чинь манай ээжийн бас насаараа хийсэн ажил шүү дээ. Буруу хүмүүст алдчих вий гэдгээс айна шүү дээ. Би судалж, гадуур явж байгаад “Пүрэвбат сан” хамгийн зөв гаргалгаа юм байна, хууль журмын дагуу зөв хамгаалж, удаан хугацаанд авч явах зүйл юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд “Пүрэвбат сан”-гаа байгуулж, ээжид гаргалгаагаа хэлж өгөөд саяхнаас санаа нь амарсан. Одоо “Аглаг бүтээлийн хийд” дээрээ цэцэг, навчаа тариад л байж байгаа.

- Сая таны нэр дурдсан шавь нар нь гэгдэх зарим хүмүүс та бүхнийг зуны дэлгэр цагт хийд дээрээ очиход хөөж туусан харамсалтай үйл явдал болсон гэсэн. Энэ талаар яривал... 

- Биднийг хамгаалах гэр бүлийнхээ ганц эр хүнийг алдчихаар айдастай болчихдог юм билээ. Бид нар орой болгон хаалгаа түгжиж унтдаг юм. Яагаад гэвэл нөгөө талын хүмүүс Аглаг бүтээлийн хийд дотор амьдарч байгаа юм чинь. Улам айдастай болсон зүйл нь долоодугаар сарын 11-нд наадмын өдөр цагдаа нар ид завгүй, бас тэр үеэр хийд маань маш ачаалалтай болдог. Бид нарыг баттай гурвуулхнаа байгаа өдөр тав , зургаан эрчүүд ороод ирчихсэн байсан. Бүх түлхүүрний голыг солино одоо та нар яв гээд бид нарыг хөөсөн. Манай ээж дүү хоёр бол бүлтэгнээд л сууна шүү дээ. Би айлын том хүүхэд, бас хэрэлдэх гэж үзсэн ч өөрийн эрхгүй айдас гомдол давхцаад бөөн уйлаан хайлаан болсон юм. Азаар дахиж ирээгүй л дээ. Аавыг амьд байхад Л.Отгонбаатар лам цагаан сараар ирж ном хурж өгдөг байсан юм. Гэхдээ мөнгөө аваад л явдаг байсан шүү дээ. Бүгд цалинтай л ажилладаг байсан. Тэгчихээд одоо ирээд сайн дураар ажилладаг байсан юм шиг яриад байдаг. 

- Ярилцсанд баярлалаа. 


Г.Пүрэвбат агсны охин Анхаа Ханаа                                       




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө