Гайхаад гайхаад ханамгүй, “эх орондоо хайргүй” ч юм уу гэмээр хүмүүс яасан их юм бэ. Ядаж тэд яасан их эрх мэдэлтэй болсон юм бэ.
Монгол Улсад газрын тосны үйлдвэр, цахилгаан станц, автозам, төмөр зам гээд томоохон бүтээн байгуулалтууд ус агаар мэт хэрэгтэй байгаа, хөгжил дэвшлийн эрин зуунд монголчуудыг л хөгжүүлэхгүй байлгахын төлөө амьдардаг мэт хэдэн хүн байх юм. Тэдний нэгээр Ц.Даваасүрэнг нэрлэхэд хол зөрөхгүй болов уу.
- ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИХ ХУВИЛБАР 2020 ОНД ӨӨРЧЛӨГДСӨН -
Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын төслийн талаар “Би л байсан бол Багануурын цахилгаан станцын төслийн оронд Тавдугаар цахилгаан станцыг зүтгүүлэх байсан” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Мөн Багануурын станцын 350 МВт-ын генератор нь Монголын эрчим хүчний системд хэт өндөр хүчин чадалтай, гэнэт зогсвол системийн тогтвортой ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй гэж тайлбарлажээ. Тухайн үед Багануурт тус бүр 350 МВт-ын хоёр блок бүхий, нийт 700 МВт-ын станц барихаар төлөвлөж, концессын гэрээ байгуулсан байсан. Ц.Даваасүрэн харин системд тохирох хүчин чадал нь 150 МВт орчим байх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байжээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, 2018 оны арванхоёрдугаар сард “Оюу толгой” ХХК Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Тавантолгойн цахилгаан станц барих гэрээ байгуулсан. Тухайн үед Эрчим хүчний сайд байсан Ц.Даваасүрэн гэрээнд гарын үсэг зурж, 300 МВт-ын станцыг “Оюу толгой” компани ажиллуулж, дор хаяж 51 хувийг эзэмших, 2023 оноос Оюу толгойг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах төлөвлөгөөтэй байгааг танилцуулж байв. Гэвч 2020 онд энэ загвар өөрчлөгдөж, Тавантолгойн цахилгаан станцыг “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтаар бус, төрийн өмчийн хөрөнгөөр барихаар Засгийн газар шийдвэрлэсэн.
Тухайн үед Ц.Даваасүрэн Оюу толгойн санал болгож буй хувилбараас 30 хувиар бага хөрөнгө оруулалттай, цахилгааны өртөг 50 хувиар хямд хувилбар гэж тайлбарлаж, 450 МВт-ын станцын санхүүжилтийг төр өөрөө босгохоор болсныг мэдээлсэн.
Мөн тэр үед Оюу толгой 2015-2019 онд БНХАУ-аас цахилгаан импортлоход 569.4 сая ам.доллар зарцуулсан гэж Засгийн газар мэдээлж, Тавантолгойн станц баригдсанаар энэ мөнгөн урсгалыг дотоодод үлдээх боломжтой гэж тайлбарлаж байв.
- О.БАТНАЙРАМДАЛ, Ц.ДАВААСҮРЭН НАР ИЖИЛ ЗҮЙЛС ЯРЬЖ БАЙНА -
Түүнчлэн О.Батнайрамдал гишүүн Оюу толгойн гэрээ болон “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг удаа дараа хөндөж, байр сууриа илэрхийлж ирсэн. Тэрбээр “Оюу толгой” ХХК “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлүүдийг өөртөө шилжүүлэн авахтай холбоотойгоор арбитрын ажиллагаа явуулсан байж болзошгүй, улмаар лицензүүдийг шилжүүлэх шийдвэр гаргуулсан байж болзошгүй хэмээн мэдэгдэж, энэ асуудлаар олон нийтийн анхаарлыг багагүй татсан. Тиймдээ ч О.Батнайрамдалын байр суурь Ц.Даваасүрэнгийнхтэй ижил өнгө аястай байгаа нь харагдаж байна.
- ОЮУ ТОЛГОЙ ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ БНХАУ-ААС ХАНГАДАГ -
Тэгвэл Оюу толгойн цахилгаан станц яг ямар учиртай талаар ярих нь зүйтэй. Оюу толгойн цахилгаан хангамжийн тухайд уурхай өнөөг хүртэл БНХАУ-аас цахилгаан импортолж байгаа бөгөөд жилд 120-140 сая ам.долларыг импортын эрчим хүчинд зарцуулж ирсэн талаар Эрчим хүчний яам мэдээлсэн. 2026 оны есдүгээр сарын 9-нд тус яамны мэдээлснээр өнгөрсөн хугацаанд энэ мөнгөн урсгал 1.8 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа аж.
Эрчим хүчний яамнаас Говийн бүсийн цахилгаан хангамжийг 99.5 хувийн найдваржилттай хангах сэргээгдэх эрчим хүчний төслийн нээлттэй аукцион зарлаж, 600 МВт-ын нар, салхины эрчим хүчээр Оюу толгойг хангах төслийг сонгон шалгаруулахаар болсон. Төслөөс үйлдвэрлэх цахилгааныг зөвхөн Оюу толгойд нийлүүлэх бөгөөд төвийн эрчим хүчний системд худалдахгүй гэж мэдээлсэн байна. Энэ төслийн хүрээнд жилд 1.7 тэрбум кВт.ц орчим цахилгаан үйлдвэрлэхээр тооцсон бөгөөд сонгон шалгаруулалтыг үнэ болон 99.5 хувийн найдвартай ажиллагааны шалгуураар явуулахаар төлөвлөжээ.
Харин УИХ-ын гишүүн М.Энхцэцэг 600 МВт-ын хүчин чадлыг аукционы зарлалд шууд тусгаагүй, нар, салхины эх үүсвэрийн хэлбэлзлээс шалтгаалан Оюу толгойн найдвартай цахилгаан хангамжийг хэрхэн хангах нь асуудал гэж шүүмжилсэн байна. Тэрбээр уг төслийг Оюу толгойг дотоодоос цахилгаанаар хангах зорилготой гэж тайлбарлажээ.
Үүний дараа Ц.Даваасүрэн байр сууриа илэрийлж, Монгол Улс өмнө нь ОХУ-аас эрчим хүч импортолдог байсан бол одоо БНХАУ-аас эрчим хүчний хамааралтай болох гэж байна гэж ярьсан бөгөөд өөрийгөө Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа 500-600 МВт-ын салхины станц барих саналд Хятадаас хамааралтай болох эрсдэлтэй гэж үзэн татгалзаж байсан хэмээн мэдэгдсэн.
Харин салбарын сайдын мэдээлснээр, Оюу толгой өнөөдөр цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь БНХАУ-аас импортлон хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, шинээр дотоодын эх үүсвэр бий болсноор БНХАУ-аас импортолж буй цахилгаанаас хамааран Монгол Улс жил бүр гадагш урсгадаг 140 сая ам.доллараа дотооддоо үлдээх боломжтой юм.