"Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгах хуулийн зохицуулалттай

"Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгах хуулийн зохицуулалттай

Монгол Улсын “Үндсэн хууль”-ийн 14 дүгээр зүйлийн хоёрт, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээсэн байдаг. Гэтэл “Үндсэн хууль”-нд заасан энэхүү хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, Үндэсний эв нэгдлийг бусниулж байж болзошгүй үйлдлүүд сүүлийн жилүүдэд нэлээдгүй гарах болсон.    

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН "ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦ" ГЭСЭН ТӨРИЙГ ТҮШЭЭГ ОЛОН НИЙТ УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА-

Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх уг асуудалд анхаарал хандуулж, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөөд буй. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ долоо хоногийн эхээр Баян-Өлгий аймагт ажиллаж ирсэн даруйдаа Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзалт зохион байгуулах үеэрээ, “Үндэстэн, ястнуудыг хооронд нь хагаралдуулах, ард иргэдийг талцан хуваах үг, үйлдлийг гаргаж байгаа төрийн түшээд, жирийн иргэн хэн ч байсан хуулийн хатуу хариуцлага тооц” гэдгийг ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, АТГ-ын дарга болон Ерөнхий прокурор нарт хатуу сануулсан.

ВИДЕО:

Үүнийг ч олон нийт дэмжиж, талархан хүлээн авсан. Ингэхдээ Үндэсний эв нэгдлийг бусниулж, иргэдийг үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхаж буй хүмүүст ч хуулийн хариуцлага тооцох учиртай гэдгийг мөн хэлж буй. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн “Хасаг”, “Цагаач” гэх үгс болон хараалын ёс бус хэллэг ашиглан өөрийн цахим хуудсаараа дамжуулан хийж буй мэдээллүүд нь Казах иргэдийг доромжилсон, үндэстэн ястнуудыг хагарган бутаргах гэсэн үйлдэл гэдгийг тодотгож байна. 

Мөн Монгол Улсын Үндсэн Хуулийг эрхэмлэн дээдлэх ёстой төрийн түшээ бусдыг ялгаварлан гадуурхаж байгаа нь Үндсэн хуулийн 23.1-т заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэх хэсгийг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй гэдгийг хэлэх хүн олон байгаа юм.   

Монгол Улсын Үндсэн Хууль

-БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УРИАНХАЙ, ТУВА, КАЗАХ ИРГЭДИЙН ТАЛЦАЛ ХУВААГДАЛ, ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ХӨНДСӨН 15 ГОМДОЛ ХЭҮК-Т ИРЭЭД БАЙНА-

Тэгвэл энэ бүхэн ханаас эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны дөрөвдүгээр сард Казакстан Улсад хийсэн айлчлалын үеэр, “Казахстаны консулын газрыг Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Энэ саналыг бид дэмжиж байна" хэмээн мэдэгдсэн байдаг. Тус мэдэгдлийн араас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара тэргүүтэй хүмүүс үүнийг эсэргүүцэж Баян-Өлгий аймгийн Казах ястны талаарх сөрөг мэдээллүүдийг өөрийн цахим хуудастаа нийтэлж эхэлсэн. Гэвч энэ асуудал консулын газрын сэдвээс “хальж”, үндэсний эв нэгдэлийн асуудал болсон. 

Энэ талаар Либертари намыг үүсгэн байгуулагч Г.Амартүвшин өөрийн “Amaraa’s weekly show”-ны үеэр, “УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ястан хоорондын маргааныг дэврээх л сонирхолтой байна. Түүнээс биш үнэхээр асуудал байгаа бол хуулийн замаар шийдэх бүрэн боломжтой. Мөн М.Нарантуяа-Нарад хууль санаачлах гэх мэт хангалттай эрх мэдэл нь өөрт байгаа” хэмээсэн байдаг.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн цахим хуудастаа үлдээсэн сэтгэгдлүүд

Ийнхүү хөвөрч буй уг асуудал сүүлийн 5 сар орчмын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын иргэд бие биеэ үндэс, угсаа, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж байгаа тохиолдлууд ч улам ихсэж байгаа нь нууц биш.  

Тухайлбал, өчигдөр /2026.09.17/ Хүний эрхийн Үндэсний Комиссын  мэдээлснээр, “Баян-Өлгий аймагт сүүлийн үед үүсээд буй нийгмийн талцал, үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудлаар 15 иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд Урианхай, Тува болон Казах иргэдийн хооронд үүссэн нийгмийн хуваагдал, хүний эрхийн асуудлыг хөндсөн” гэдгийг тодотгосон.

-ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛСАН ЭТГЭЭДЭД ТАВАН ЖИЛЭЭС АРВАН ХОЁР ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛДАГ-

Тэгвэл Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан иргэдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ.

Эрүүгийн хуулийн 19.9.1-т зааснаар, “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан” бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулах хуультай. Харин Эрүүгийн хуулийн 19.9.2-т зааснаар, “Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулдаг байна.

Эрүүгийн хууль




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө