Б.Ганзориг: “Монгол хүн ямар тэсвэртэй байдгийг үзүүлье” гэж бодоод 80 кг-ын уян савааг 84 удаа дарсан минь дээд амжилт болсон

Б.Ганзориг: “Монгол хүн ямар тэсвэртэй байдгийг үзүүлье” гэж бодоод 80 кг-ын уян савааг 84 удаа дарсан минь дээд амжилт болсон

БНХАУ-ын Хайнань мужийн Даньжөү хотод наймдугаар сарын 29-30-нд зохион байгуулагдсан World Orsay Pro цувралын 10 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, хэд хэдэн төрөлд шагналын байр эзэлжээ. Тэдний нэг болох бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганзориг 80 кг-ын уян саваа нугалах төрөлд өрсөлдөж, тэргүүн байр эзлэн, тус төрлийн дээд амжилтыг шинэчилсэн байна.Isee.mn мэдээллийн сайт энэ удаагийн Social ID булангийн зочноор Б.Ганзоригийг урьж, Хятадад болсон тэмцээний сонин сайхан болон цаашид Монголд энэ спортыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

ВИДЕО: 

-  Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу.

- Намайг Б.Ганзориг гэдэг. Би бодибилдингийн спортын Монгол Улсын мастер цолтой багш дасгалжуулагч хүн байна. Бодибилдингийн Азийн хошой хүрэл медалтай, үүгээрээ олон улсын хэмжээний мастер цолоо хамгаалсан.

- Хэд хоногийн өмнө БНХАУ-д зохион байгуулсан World Orsay Pro тэмцээний сонин сайхнаас яриагаа эхлүүлье.

- World Orsay Pro  холбоонд Монгол Улсаас хоёр дахь жилдээ очиж, тэмцээнд орж байгаа. Бид туршлага судлаад, тамирчдынхаа ур чадварыг ч сайжруулаад явж байгаа.  World Orsay Pro холбоо 2016 оноос фитнес, бодибилдингийн цуврал тэмцээнийг зохион байгуулж байгаа.  Тэмцээн маань байгалийн бодибилдинг, фитнесийн төрөлд мэргэжлийн болон сонирхогчдын тамирчдыг хамруулдаг, эрэгтэй, эмэгтэй төрөл, насны ангилал, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилал зэрэг олон төрлөөр явагддаг онцлогтой. Миний оролцож түрүүлсэн дардаг төрөл нь Хятад улсдаа сүүлийн 5,6 жил болж байгаа, жижиг жижиг мужуудад байнга тэмцээн уралдаан зохион байгуулдаг юм билээ. Сая болсон тэмцээнд бол энэ төрөл шинээр орж ирсэн байна.

Бодибилдингийн спортын ОУХМ Б.Ганзориг

Та ийм спортын төрөл байдаг талаар хэзээ мэдсэн бэ. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангав.

- Би өөрийнхөө бодибилдингийн тэмцээнд ер нь түлхүү бэлдсэн л дээ. Үүнийхээ хажуугаар л ийм төрөл болно гэдгийг нь мэдчихээд энд байхдаа 40 кг уян саваагаар бэлтгэлээ хангаж байгаад явсан. 80кг -аар бол огт хийж үзээгүй яваад, очоод л хийж үзсэн.

- Тэмцээнд орж байх үед ер нь танд ямар санагдаж байв. 

- Би очсон өдрийнхөө орой очоод ямар ч бие халаалт хийлгүйгээр 80 кг-ыг дарж үзэхэд 15 удаа л дарж байсан юм. Тэр нь хол зам туулаад ядарсан, бас халаалт хийгээгүйтэй ч холбоотой байх. Харин тэмцээний тайзан дээр гараад ч 15 удаа дарах байх гэж бодтол 45 дарчихсан. Тэгээд л би тоогоо алдчихсан л даа. Би шавь нартайгаа хамт явсан юм. Шавь нар минь урдаас харж суугаад дэмжээд, алга ташиж байсан нь надад маш том урам болсон. Хүн чинь бас бие халаалтгүй хийх болон бие халаалттай хийх, тэр ч байтугай тэмцээний тайзан дээр гараад шавь нарынхаа өмнө зогсож хийх хоёр чинь шал өөр юм билээ.

45 хүргээд тоогоо алдчихсан байгаа шүү дээ. Үргэлжлүүлээд л байсан, хийгээд л байсан, хугацаа дуусах хүртэл бүх хүч чадлаараа зүтгэсэн. Эцэст нь 88 хүргэж рекордыг нь эвдсэн. 

Бүх хүн бичлэг хийж байгаа. Цаг дуусахад хонх цохиод зогсоох ёстой. Манай шавь бас цаг харчихсан, одоо 1 минут, одоо 30 сек гээд л орилоод байгаа юм. Тэр болгонд нь л би монгол эх орноо төлөөлөөд явж байгаа шүү дээ гэсэн бодол хамгийн их нөлөөлсөн.

Бодибилдингийн спортын ОУХМ Б.Ганзориг

- Та өөрийн оролцсон төрлөө тайлбарлаж өгөхгүй юу. 

- Энэ төрлийн хувьд 5 минутын хугацаанд л тэрийг хамгийн олон удаа дарах нь чухал. Ингэхдээ дээш нь доош нь, хааш нь харуулж дарах нь хамаагүй.  Хамгийн гол нь өөрийнхөө биед хүргэхгүйгээр л нугалах ёстой.  Миний хувьд хамгийн давуу булчин маань цээж болон мөрний урд тал гээд том булчингууд ажиллаж байсан тул дээшээ дарах нь надад ашигтай байсан. Харин доошоо дарвал далбаа, гарын булчин ажиллаж байгаа. Тэгэхээр далбааны урд тал нь сайн ажиллахгүй учраас нэлээдгүй хүч шаардаад байсан.

- Тэмцээн дуусаад хариу сонсох агшинг та үгээр дүрсэлж хэлж чадах уу. Ямархуу байсан бэ.

- Тэмцээний хариу хоёр цагийн дараа гарсан юм. Би бол зөвхөн өөрийнхөө даралтанд л анхаараад хажуу талын хүмүүс яаж байгааг огт анзаараагүй. Харин манай шавь нар бүгдийг харж байсан учраад “Өө та дабльдчихсан” гээд бас тэр хүлээх хоёр цагийн хооронд сэтгэл санааг маань өргөж өгч байсан.

- Бас бүхэл бүтэн 80кг савааг таван минутын турш нугалж дарна гэдэг баргийн хүнээс гарахгүй тэвчээр гэж би ойлгоод байгаа юм. Тэмцээн дууссаны дараа биед ямар нэг таагүй мэдрэмж төрсөн болов уу.

- Дууссаны дараа гар янгинаад энэ шуу бүр атгаж чадахгүй болчихсон байсан. Тэгээд л хэсэг хугацааны дараа эргээд мэдээ орж эхэлж байгаа юм.

- Олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг төлөөлж оролцоно гэдэг бол маш нэр төрийн хэрэг төдийгүй бас их хариуцлагатай ажил л даа.

- Би тэр тайзан дээр гараад монгол хүн ямар тэсвэртэй байдгийг үзье гэж бодоод л зүтгэсэн. Сайн хийвэл түрүүлнэ л биз, түрүүлэхгүй байсан ч монгол хүний тэсвэр тэвчээр хаана хүрдгийг харуулна даа гэж бодоод л шүдээ зуусан. Харуулсан байх аа ч гэж найдаж байгаа.

Бодибилдингийн спортын ОУХМ Б.Ганзориг

- Манай улсад ийм төрлийн тэмцээн зохион байгуулдаг уу?

Энэ тэмцээн бол өмнө нь Монгол Улсад зохиогдож байгаагүй. Харин энэ тэмцээн надад боломжийн санагдаад байгаа юм. Манай хүчний байгууллагууд болон суугаа ажилтай хүмүүс ажлынхаа завсар зайгаар хийхэд яг тохиромжтой. Зай талбай, цаг хугацаа ч нэг их шаардахгүй. Бас янз бүрээр өөрийнхөө биед тохируулаад хийх боломжтой олон техник байдаг юм байна. Үнэхээр сонирхож хичээллэж байгаа хүмүүс нь гадагшаа тэмцээн уралдаанд оролцоод, амжилт гаргаад явах ч боломжтой гэдгийг нь харлаа. Тиймээс энэ спортыг судлаад монголдоо хөгжүүлье гэсэн бодол байгаа.

- Таныг монголчууд “Ганзориг багш” гэдэг нэрээр нь илүү сайн мэдэж байгаа. Тиймээс фитнесийн багш хүнийг урьж ярилцаад хөдөлгөөний ач холбогдлын талаар ярилцахгүй бол алдас болно байх. Та ярилцлагыг уншиж байгаа хүмүүст богинохон, нэг гоё зөвлөгөө өгвөл.

- Хөдөлгөөнгүй байх тусам таны ирээдүйн амьдралаас баг багаар багасаж байгаа гэж би боддог юм. Би өөрөө ч олон төрлийн спортыг сонирхон хичээллэж, өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсгийг хөдөлгөөн болгосон хүн л дээ. Тиймдээ ч чаддаг мэддэг зүйлсээ хүмүүст хуваалцахын тулд багш болсон. Олон шавьтай болж тэднийхээ хүндэтгэлийг хүлээж явах сайхан л байдаг юм. Тиймээс нэг зөвлөгөө хэлэхэд, та ямар ч ажил хийдэг бай, өглөө босоод 30 минут алхахад энэ нь нэг цаг бэлтгэл хийсэнтэй тэнцдэг. Тиймээс өдөр бүр 30 минут алхаад, хөнгөн сунгалт хийгээд байхад л өөртөө маш том хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Эрүүл биед саруул ухаан оршино. Эмийг орлох хөдөлгөөн байна, хөдөлгөөнийг орлох эм гэж байхгүй шүү л гэж хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа.

Бодибилдингийн спортын ОУХМ Б.Ганзориг




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө