Хоногоор байр түрээслүүлэх үйлчилгээний үнэ 60-150 мянган төгрөгний хооронд байдаг гэв

Хоногоор байр түрээслүүлэх үйлчилгээний үнэ 60-150 мянган төгрөгний хооронд байдаг гэв

Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоогоод 20 гаруй хонож байна. Харин энэ хугацаанд худалдаа, үйлчилгээний ихэнх газрын үйл ажиллагаа бүрэн зогсоод буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор  “хоногоор байр түрээслүүлэх” шинэ үйлчилгээ гарч, хөл хорионы өдрүүдэд эрчимтэй хөгжиж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд гарч эхэлжээ.

-ХӨЛ ХОРИОНЫ ӨДРҮҮДЭД “ХОНОГООР БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ”-Г ИРГЭД ИХЭЭР АВЧ БАЙГАА ЮУ-

Бид энэ талаар интернетээс мэдээлэл хайхад үүнтэй холбоотой хэд, хэдэн зар гарч ирсэн бөгөөд тавьсан дугаар луу нь холбогдож тус үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч тус зарыг тавьсан гэх иргэн “байрыг хоногийн 60 мянгаар түрээслэж байсан. Гэхдээ нэг дор олон хүн оруулдаггүй. Одоогоор түрээслүүлэхгүй байгаа” гэдгээс өөр мэдээлэл өгөлгүй утсаа тасалсан юм.

Үүнээс гадна байрны хэмжээ, талбайгаас шалтгаалан үнэ нь хоногийн 60-150 мянган төгрөгний хооронд байдаг бөгөөд зарим түрээслэгчид гурваас дээш хоног түрээслүүлдэггүй гэх мэдээллийг ч мөн олсон юм. Харин өнгөрсөн хугацаанд орон нутгаас ирээд нийслэлд гацах хугацаандаа хоногийн байр түрээслэх үйлчилгээ авж байсан гэх иргэнтэй бид холбогдож дараах мэдээллийг авлаа.

-ОРОН НУТГААС ИРЭЭД НИЙСЛЭЛД ГАЦАЖ, ОЧИХ АЙЛГҮЙ БОЛСОН
ИРГЭД ТУС ҮЙЛЧИЛГЭЭГ АВЧ БАЙЖЭЭ-

-Та хэзээ, хаанаас нийслэлд ирсэн бэ? Хэд хоногийн хугацаанд хөл хорионд байв?

-Би арваннэгдүгээр сарын 8-нд Завхан аймгаас нөхөртэйгээ хамт хотод ирсэн. Тэгээд буцаж нутагтаа ирээд одоо хоёр л хонож байна.

-Хөл хорионд байх хугацаандаа хаана байрлаж байсан бэ. Хоногоор байр түрээсэлж байсан гэсэн?

-Тийм ээ, анх ирээд буудалд байрлаж байгаад 12-нд буцах гэж байтал коронавирус гараад зам хааж, байрлаж байсан буудал ч ажиллахгүй болсон.  Нөхөр бид хоёр хотых биш болхоор дотно таньдаг айл бараг л байхгүй. Хамаатны ганц нэг айл байсан ч халдвар гарчихсан учраас очих хэцүү. Тэгээд нөхрийн маань найз хоногоор түрээслүүлдэг байр байдаг гээд таньдаг хүнтэйгээ холбож өгсөн юм.

-Тус байрыг хоногийн хэдээр түрээсэлж байсан бэ, нийт хэд хоног байсан?

-Хоногийн 60 мянга гэсэн юм. Тэгээд найзын минь танил болхоор хоногийн 50 мянгаар түрээслэхээр болсон. Удахгүй зам нээх байх гээд тав хоног л түрээсэлсэн юм. Гэтэл бүр арванхоёрдугаар сарын 1-н хүртэл байхаар болоод энэ хугацаанд түрээслэх мөнгө байхгүй тул бүр Нисэхэд байдаг нөхрийнхөө хамаатныд очиж гэр лүүгээ явах хүртлээ байсан.

Хөл хорионы өдрүүдэд зочид буудал, ресторан гээд нийтийн үйлчилгээний газрыг хаасан тул хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацан, очих айлгүй байсан иргэд ч  “хоногийн байр түрээслүүлэх үйлчилгээг” авч байжээ. Цахим орчинд мэр сэр зар харагддаг ч ихэвчлэн мэддэг хүмүүс нь нэгэндээ хэлж, санал болгодог. Зарим талаараа зочид буудал зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудаас давуу талтай гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм. Энэхүү үйлчилгээг хувь хүмүүс үзүүлдгээс гадна гадаадын жуулчид болон иргэдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага байдаг бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг airbnb.com хаягнаас авах боломжтой аж.