Ш.Энхтөр: Бид бүхий л шаардлагатай эмчилгээг хийсэн ч охин амьдарч чадаагүй

Ш.Энхтөр: Бид бүхий л шаардлагатай эмчилгээг хийсэн ч охин амьдарч чадаагүй

Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумаас тархины цус харвалт оноштой 10 настай охин ээжийнхээ хамт сумынхаа эмнэлгийн түргэний машинаар Улаанбаатарт ирээд нас барсан талаарх мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, тэднийг шинжилгээний бичиггүй гэдэг шалтгаанаар 22-ын товчооны орчимд хоёр цаг гаруй хүлээлгээд, ЭХЭМҮТ-д хүргэсэн ч яаралтай тусламж үзүүлэлгүй коронавирусийн шинжилгээний хариу хүлээнэ гэснээс болж охин амиа алдсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. 

Мөн эмнэлэгт хүргэснийхээ дараа эх, охин хоёрыг тус тусад нь өрөөнд тусгаарласан бөгөөд охин ганцаараа байхаас айж уйлж байсан. Харин ээжийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсны дараагаар охиных нь өрөөнд оруулахад охин аль хэдийн нас барсан байсан талаар мэдээлэл нийтлэгдсэн юм.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр тайлбар өгчээ. Тэрбээр "Сэлэнгийн Зүүнхараа сумаас тархины харвалт гэсэн оноштой ирсэн. Хөл, хорио тогтоосон үед голомтоос ирсэн мөн Дарханыг дайрсан учир манайх тусгай өрөө тусгайлан эмч, сувилагч гаргаж бүхий л эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарч Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж шаардлагатай эмчилгээг хийсэн ч амьдарч чадаагүй. Хүүхдийн талаарх мэдээллийг яам болон УОК-т цаг тухайд нь өгч байсан. Одоо ч өгч байна. Манай эмч, сувилагч нараас гадна Гуравдугаар эмнэлгийн мэс заслын тусгай баг гарч охинд эмчилгээ хийсэн ч биеийн байдал нь хүнд байсан учир яаж ч чадаагүй юм" гэлээ.