Орхон аймагт очсон хүмүүсийг хянана гэж “үнэгүй татдаг” аппликейшнийг 5600 төгрөгөөр иргэдийн утсанд суулгасан уу

Орхон аймагт очсон хүмүүсийг хянана гэж “үнэгүй татдаг” аппликейшнийг 5600 төгрөгөөр иргэдийн утсанд суулгасан уу

Энэ сарын 1-нээс эхлэн нийслэлд гацаад байсан орон нутгийг иргэдийг “хариад 14 хоног гэрийн тусгаарлалтад байна” гэсэн нөхцөлтэй буцааж эхэлсэн. Тэгвэл энэ байдлыг ашиглан “байршил тогтоох аппликейшн” суулгах нэрийн дор Орхон аймагт очсон иргэн бүрээс 5,600 төгрөг хураасан байж болзошгүй байна. Харин тус аппликейшн нь “google store” буюу IOS, Android утасны аппликейшн татах цэснээс “үнэгүй татагддаг аппликейшн” байсан талаарх мэдээлэл гарч, иргэдийг нэлээдгүй бухимдуулжээ.  

-ОРХОН АЙМАГ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 1000 ГАРУЙ ИРГЭДЭЭ ТАТАН АВАХДАА, ИРГЭН БҮРИЙН ГАР УТСАНД “GPS TRACKER” ГЭХ АППЛИКЕЙШН СУУЛГАЖ, АШИГЛУУЛСНЫ ТӨЛБӨР ХЭМЭЭН 5600 ТӨГРӨГ АВЧ БАЙЖЭЭ-

Тодруулбал, Орхон аймаг энэ өдрүүдэд нийт 1065 гаруй иргэдээ татан аваад байна. Ингэхдээ тус аймаг руу орж буй иргэдийг "Улаантолгойн пост" дээр зогсоож бүх иргэдийн гар утсанд байршил тогтоодог гэх “GPS Tracker” аппликейшнийг татуулаад, тус аппликейшний төлбөр хэмээн 5600 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар хурааж авсан байна. Учир нь иргэд гэртээ нийт 14 хоног тусгаарлагдах бөгөөд тэднийг гэртээ байгаа эсэхийг тус аппликейшнээр дамжуулан аймгийн онцгой комиссоос хянана гэж тайлбарлажээ. 

Бид энэ талаар Орхон аймгийн онцгой комиссын шуурхай штабаас тодруулахад “Тийм ээ, аймаг руу нэвтэрсэн бүх иргэдэд энэ аппликейшнийг хэрэглүүлж байгаа. Иргэд гар утсандаа татаж аваад, мөнгөө төлснөөр шуурхай удирдлагын системд бүртгэгдэж ашиглах боломжтой. Иргэдээс авч буй мөнгө нь ямар учиртай вэ гэхээр энэхүү аппликейшн нь өөрөө гадаадын компанийн өмч учир монголчууд хэрэглэхийн тулд серверийн мөнгө гэж авч байгаа юм. Тус программыг үнэгүй татаж авсан ч шууд ажиллах боломжгүй” хэмээн тайлбар өглөө. 

Хачирхалтай нь тус аппликейшны төлбөрийг Орхон аймаг хэрхэн шилжүүлэх вэ, цаашлаад аппликейшн татахад төлбөрийг app цэсэд бүртгэлтэй банкны картаас яагаад татаагүй вэ гэсэн асуултууд гарч байгаа юм. 

-ХАРИН ИРГЭДЭЭС АВЧ БУЙ ТУС МӨНГӨ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗАРДАЛ НЭРЭЭР УЛСААС ОЛГОГДСОН УУ-

Бид мөн Улаанбаатар хотоос Орхон аймагт байх гэртээ очсон нэгэн иргэнтэй холбогдож энэ талаар тодруулсан юм. 

-Бүх иргэдэд гар утсанд нь байршил тогтоох аппликейшн суулгаж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Тийм ээ, пост руу нэвтрэхэд  бүх машин, автобуснуудыг зогсоогоод иргэдийн гар утсанд нь аппликейшн суулгаад 5600 төгрөг хурааж байсан. Иргэдийг 14 хоног гэртээ байгаа үгүйг тус аппликейшнээр дамжуулан хянана гэж хэлсэн л дээ. Иргэдийг бэлэн мөнгөтэй яв гэж таньдаг хүмүүс нь анхааруулж байсан харин бэлэн мөнгөгүй иргэдээс картыг нь уншуулан авч байна гэсэн. 

-Гэр бүлээрээ нэвтэрлээ гэхэд бүх хүн суулгаж байсан уу?

-Үгүй юм шиг байна лээ. Гэр бүлээс нэг л хүн суулгана гэж байсан.

-Таны хувьд уг аппликейшн хэр үр дүнтэй санагдаж байгаа вэ. Google store-с үнэгүй татаж авч байна лээ?

-Мэдэхгүй ээ, иргэдийг ямар аргаар яаж хянаж байгаа нь сайн ойлгомжгүй л санагдсан. Зарим иргэд ухаалаг утасгүй, утас авъя гэсэн ч энэ хөл хорионы өдрүүдэд бүх зүйл хаалттай байгаа. Мөн тухайн иргэн гэртээ утсаа орхиод гадуур явахад энэ нь ямар ч үр дүнгүй хяналт санагдсан. Серверийн төлбөр гээд аваад байгаа тэр мөнгө нь үйл ажиллагааны зардал нэрээр улсаас олгогдсон ч гэж зарим хүмүүс ярьж байсан. Өөр ч мэдээлэл алга” гэсэн юм.

Үүнээс үзэхэд Орхон аймгийн иргэд гэртээ харих гэж гар утсандаа аппликейшн татан, төлбөр төлж байгаа хэдий ч тус аппликейшн нь ямар аргаар хянаж, хэрхэн үр дүнтэй ажиллах вэ, 1000 гаруй иргэдээс авсан аппликейшний төлбөр гэх 5600 төгрөг нь юунд зарцуулагдаж байгаа , ямар учиртай төлбөр болох талаар хангалттай ойлголтгүй нь байгаа нь харагдаж байсан юм. Гагцхүү иргэдийн дунд үнэгүй аппликейшн татуулан, иргэдээс мөнгө идэх арга хэлбэр юм биш биз гэсэн хардлага үүсээд байна. Тиймээс ч Орхон аймгийн онцгой комисс энэ асуудал дээр онцгой анхаарч, иргэддээ тодорхой тайлбар мэдээлэл хийх нь зүй ёсны асуудал болоод байна.