ВИДЕО: БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийн МЭДРЭМЖГҮЙ мэдэгдэл юуг ИЛТГЭНЭ вэ

ВИДЕО: БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийн МЭДРЭМЖГҮЙ мэдэгдэл юуг ИЛТГЭНЭ вэ

-ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР: ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХЭЭР СУДАЛСАН-

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.12.10/ хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонссон.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "Цаазын ялыг сэргээх хэрэгтэй" гэж хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж, түүнийг мэдрэмжгүй, мэдээлэлгүй, мэдлэггүй гэж хэлэхэд хүргээд байна.

Өчигдөр олон улсын Хүний эрхийн өдөр тохиосон. Бид энэ өдөр Хүний эрхийг дээдлэх асуудлаар нэг шат ахисан ажил, асуудал ярих байтал үлгэр жишээ гэх эмэгтэй сайд нь ухрах алхмын талаар ярьсан нь анхаарал татах нь аргагүй юм. 

Тодруулбал, тэрбээр "УИХ, Байнгын хорооны хуралдаан, харъяа яамд, эмэгтэй гишүүдийн төлөөллөөс хүчирхийллийн асуудлыг байнга ярьж байгаа. Магадгүй гэмт хэргийн тоо нь буурч байж  болох ч зөрчил нь буурахгүй байна. Есөн настай охины хүчирхийлэл, хамгийн сүүлд 16 настай охин ах болон ахынхаа найзуудаас нь айж байгаагаа удаа дараа мэдэгдсэн байна. Гэтэл амь насыг нь бүрэлгэсэн. Эмэгтэйчүүдийн асуудал там болсон байна. Уг нь эмэгтэйчүүдийг зодох нь битгий хэл түлхэж ч болохгүй. Х.Нямбаатар сайд хуулийн төсөл санаачилсан гэж байна. Ямар заалтууд тусгаж байна вэ. Баривчлаад үр багатай байна. Бид ойрын болон урт, дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Эх хүн эмэгтэй хүн цаазын ял ярих нь оновчгүй байж магадгүй. Гэхдээ бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд хуулийн хатуу заалт руу орох шаардлагатай. Ер нь манайх цаазын ялаас татгалзах болоогүй байсан юм биш үү. Цаазыг ялыг тодорхой хэмжээнд сэргээх боломж байна уу. Ингэж цочироо өгч эмэгтэйчүүд, охидуудаа хамгаалах хэрэгтэй" гэж хэлсэн. 

Д.Сарангэрэл сайдын дээрх яриа өнгөн дээрээ  хүмүүст таалагдаж алга ташуулж буй ч том зургаараа ямар үр дагавартай, хууль эрх зүйн зохицуулалтыг нь хэрхэх талаарх судалгаагүй хүний үг юм. Энэ тухай дор дурдах болно. 

Харин түүний асуултын хариуд нь Х.Нямбаатар "Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барина. Дэмжигдвэл УИХ-аар хэлэлцэнэ. Эрүүгийн хуульд бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн төрлүүд дээр хорих ялын хэмжээ хязгаарыг нэмэгдүүлж байгаа. 14-16 насны хүнтэй бэлгийн харилцаанд орсон бол хорих ялтай болгож, ялыг хүндрүүлнэ. 2013 онд Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдэж орсон. Ингэснээрээ манайх олон улс, НҮБ-ын байгууллагын өмнө цаазын ялаас татгалзах үүрэг хүлээсэн. 2017 оноос цаазаар авах ялыг халсан. Би энэ талаар судалсан. НҮБ-аас бидэнд "Монгол Улстай нийлж 54 улс энэ протоколд орсон. Энэ протоколоос гарахын тулд 54 улсаас нэг бүрчлэн зөвшөөрөл авч нэмэлт протоколоос гарах шаардлагатай. Ингэж байж цаазын ялыг сэргээх боломжтой" гэсэн тайлбар өгсөн юм.

Түүний хэлснээр манай улс цаазын ялыг сэргээх асуудлаар судалж бүр хөөцөлдөж үзсэн байна. Мөн өмнө нь Х.Баттулга цаазын ялыг сэргээх асуудлыг судлуулахаар ажлын хэсэг байгуулж байсан. Цаашлаад хэд, хэдэн удаа энэ асуудлаар ам нээж “Ер нь сэргээх л” хэрэгтэй гэх санааг олон нийтэд өгч байв.

Монгол Улс цаазаас татгалзаад найман жил болж буй. УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталснаар цаазаар авах ялаас татгалзсан юм. Уг протоколд нэгэнт орсон бол гарах эрхгүй. Гарлаа гэхэд Монгол улсын нэр хүнд, тусгаар тогтнолын баталгаа улам сулрах эрсдэлтэйг Ерөнхийлөгч Х.Баттулга мэддэг ч байнга энэхүү асуудлыг сэргээдэг билээ.

Өнгөрсөн хугацаанд уг асуудлаар хүний эрхийн мэргэжилтнүүд тайлбар өгч олон нийт ч уг асуудлаар маргаан, мэтгэлцээн өрнүүлж иржээ. 

-ЭРДЭМТЭН, ХҮНИЙ ЭРХИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУ ЯРЬЖ БАЙВ-

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: Дэлхийн нийтийн хандлагаас харахад дэлхийн 190 орчим улсаас 105 нь цаазын ялгүй гэдгээ албан ёсоор зарласан байдаг. Гэмт хэрэг хийсэн тухайн этгээд ял шийтгэлээ мэдээж хүртэх ёстой. Гэхдээ цаазын ялын нэг дутагдал нь гэмгүй хүнийг цаазлах тохиолдол гардаг. Хэрэв дараа нь хэрэг хийгээгүй нь тогтоогдлоо гэхэд цагаатгах ямар ч боломжгүй.

Жигшүүрт гэмт хэргүүдийн статистикт тоо баримтыг үзэхэд цаазын ялтай оронд жигшүүрт гэмт хэрэг илүү гарсан байдаг. Эндээс харахад, цаазын ялтай болсноор жигшүүрт гэмт хэрэг буурна гэж хэлэх баталгаагүй байгаа. Хамгийн гол нь цаазын ялтай боллоо гэхэд хүн хэлмэгдүүлэхгүй байж чадах уу, шударга шүүж чадах уу гэдэг нь чухал асуудал.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан: Цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэх долоон шалтгаан бий. Товчхондоо цаазаар авах ял ардчилсан нийгмийн суурь болсон хүмүүнлэг, иргэний нийгмийн амин сүнсийг үгүйсгэчихэж байгаа юм. Хүн болгон эрхэм чанартай буюу нэр төртэй. Хүн болгоны амьдрал үнэ цэнэтэй. Тэр хүний сайн, муугаас үл хамаарч салшгүй эрхэм чанар байна гэж хүлээн зөвшөөрдөг. Цаазаар авах ял нь энэ суурь зарчмыг үгүйсгэж, ийм ялаар шийтгүүлсэн хүнийг хүн биш, эрхэм чанаргүй гэсэн утгыг илтгэдэг. Энэ нь манай Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр хүн болгоныг эрхэм чанартай гэж үзнэ гэсэн зарчмыг зөрчдөг.

Хоёрдугаарт, цаазын ял амьд явах эрхийг нь зөрчдөг. Хүний амьдралыг тэр чигт нь тасалж, үгүй хийдэг, хүнийхээ хувьд эрх чөлөөгөө эдлэх ямар ч боломжгүй болгодог.

Гуравдугаарт, энэ ял нь эрүү шүүлтэд тооцогддог. Хүний бие махбодь төдийгүй сэтгэл санааны хувьд хүчтэй шаналал учруулдаг. Цаазаар авах ялыг тэр даруй гүйцэтгэдэггүй. Монголд доод тал нь 1-3 жилийн дараа уг ялыг гүйцэтгэдэг. Эдгээр шалтгааныг дэмждэггүй хүмүүс ч гэсэн одоо миний ярих үндэслэлээр цаазаар авах ялыг халах ёсгүй гэж үздэг.

Өөрөөр хэлбэл, хүний амь хөнөөсөн этгээд амьд явах эрхгүй гэж үздэг хүмүүс ч цаазаар авах ялыг халах ёсгүй гэсэн дүгнэлтэд хүрдэг юм. Алдаатай шийдвэр гаргах магадлал шүүхэд үргэлж байдаг.

Шүүгч бусдын адил алддаг, өнгөрсөн явдлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэдэг учраас буруу шийдвэр гаргах магадлалтай. 2000 оны судалгаагаар Монголд цаазаар авах ял ногдуулсан нийт шийдвэрийн 30 хувь нь алдаатай байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Одоо энэ хувь багассан байж болох ч үгүй болохгүй. Нэг жишээ хэлье. Бага насны хүүхдийг хүчиндээд амийг нь хөнөөсөн хэрэгт төрсөн ахыг нь буруутган, шүүхийн шийдвэрээр түүнийг цаазалжээ. Харин таван жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэн нь олдсон байна. Энэ явдлын дараа гэм буруугүй хүнийг ч цаазлах боломжтой, эргээд тэр хүний амийг сэргээж болохгүй юм байна.

Тиймээс цаазаар авах ял байж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай туршлагатай хуульч, шүүгч хүн ярьсан. Тэгвэл шүүхээ л алдаагүй шийдвэр гаргадаг болгочихвол болно гэж зарим хүн хэлдэг. Шүүх алдаа гаргахгүйн төлөө чадах бүх зүйлээ хийх ёстой ч огт алдаа гаргахгүй байх ямар ч боломжгүй. Эрх зүйн тогтолцоо нь өндөр хөгжсөн улсад ч гэсэн цаазаар авах ял гүйцэтгэсний дараа гэм буруугүй нь тогтоогдсон олон жишээ байдаг. АНУ-д 1994-2000 онд цаазлуулсан хүмүүсийн 64 нь гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Японд мөн иймэрхүү тохиолдол гарч байж. Гэм буруугүй хүнийг цаазлах явдал дандаа байдаг нь хамгийн аймшигтай.

Дүгнэлт: Манай улс нь гадаад бодлого болон бүтээж буй нийгмийн хувьд ч төвийг сахисан, хүнлэг энэрэнгүй байхыг эрхэмлэж буй. Тэгэхээр хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулж байгаа бол хүмүүнлэг талдаа сэтгэлгээ явах ёстой.

Нөгөөтэйгүүр Д.Сарангэрэл сайдын хэлээд буй шиг бага насны хүүхэд хүчирхийлсэн хүмүүст цаазын ял өгье гэж буй нь мөн л хоёр талтай. Тухайлбал, бага насны хүүхэд хүчиндэж, амийг нь хохироосон хэргийн 70 хувийг гэр бүл, төрөл, төрөгсөд ойрын хүмүүс нь үйлддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр цаазын ялыг сэргээснээр уг хэрэг нуун дарагдах магадлалтай. Ойр, дотны хүмүүсээ цаазаар авахуулыг хүсэхгүй байх хүмүүс олон шүү дээ.

Дэлхийн 100 гаруй улс цаазын ялыг халсан. Шалтгаан нь маш энгийн.

Цаазаар авах ял байснаараа онц ноцтой гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. НҮБ-аас ажлын хэсэг гарч, 1988, 2000 онд энэ асуудлыг тусгайлан судлаад цаазаар авах нь бүх насаар нь хорих ялаас илүү хүнийг санаатай алах зэрэг онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь олон улсад ч нотлогдсон. Канад улсад цаазаар авах ялыг халснаас хойш 30 жилийн дараа судалгаа хийхэд хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо энэ ялыг халахын өмнөхөөс 40 хувь буурсан байна. Энэтхэгт мөн цаазаар авах ялыг долоон жил гүйцэтгээгүй. Энэ хугацаанд Энэтхэгт онц хүнд гэмт хэргийн тоо 23 хувиар буурчээ. Монголын Статистикийн мэдээллийн санд буй мэдээллийг харахад энэ нь мөн нотлогдож буй юм.

Цаазаар авах ялыг манай улс 2010 оноос хойш гүйцэтгээгүй. 2002-2009 онд хүнийг санаатай алах гэмт хэрэг жилд дунджаар 294 орчим гардаг байж. Харин 2010-2016 онд энэ төрлийн гэмт хэрэг буурч, жилд дунджаар 216 орчим болжээ. Жишээ нь, 2009 онд хүнийг санаатай алах гэмт хэрэг 223 үйлдэгдсэн бол 2016 онд 174 болж буурсан. Цаазын ялыг халснаас хойш долоо дахь жилд хүнийг санаатай алах гэмт хэргийн гаралт 22 хувь буурсан байна. Түүнчлэн, хүчингийн гэмт хэрэг гэхэд 2002-2009 онд жилд дунджаар 352 гарч байсан бол 2010-2016 онд дунджаар 318 болж буурчээ.

Цаазаар авах ялыг халахын яг өмнөх жил буюу 2009 онд хүчингийн 332 гэмт хэрэг гарсан бол 2016 онд 290 тохиолдол болж, 13 орчим хувиар багассан. Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн гаралт нь цаазаар авах ялтай байсан үеийнхтэй харьцуулахад тогтвортой байна.  Цаазаар авах ял Эрүүгийн хуульд байлаа гээд хүнийг санаатай алах, хүчин зэрэг онц хүнд хэрэг гарахгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ялыг хэрэглэж байсан үед ч онц хүнд гэмт хэргүүд гарч л байж гэж мэргэжилтнүүд хэлжээ.




Өнөөдөр бич өдөр

38 минутын өмнө