10-Р ХОРООЛЛЫН ОРШИН СУУГЧИД: Зун шугам засаж байна гээд халуун ус тасалдаг. Гэтэл дүн өвлөөр дулаангүй

10-Р ХОРООЛЛЫН ОРШИН СУУГЧИД: Зун шугам засаж байна гээд халуун ус тасалдаг. Гэтэл дүн өвлөөр дулаангүй

Баянгол дүүргийн хамгийн олон оршин суугчтай хэсэг бол 10-р хороолол. Гэтэл энэ хорооллын айл өрхүүд 12 дугаар сарын 10-ны шөнийн 03.00 цагаас эхлэн дулаангүй байна.  Өмнө нь 11 дүгээр сарын 26-ны өдөр хотын баруун бүсийг хангагч гол шугамд гэмтэл гарсныг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн “Шуурхай бригад” бүрэн засварласан юм.

Гэвч засварласан цэгээс 50 метрийн зайд гэмтэл гарч, шугам задарчээ. Улмаар маргааш нь буюу 11-ний өдөр бүрэн засварлаж дууссан ч дулаан тавих үед өөр газар дахин гэмтэл илэрсэн аж. Энэ хугацаанд 10-р хорооллын нийт 63 байрын айл өрх шөнөдөө -30 хэм хүрч буй дүн өвлийн хүйтнээр дулаангүй байгаа юм. Бид оршин суугчидтай холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.

Оршин суугч Б.Баярсайхан: ЗУН ЗАСВАР ХИЙЖ БАЙНА ГЭЭД ХАЛУУН УС ТАСАЛСАН, ОДОО ДҮН ӨВЛӨӨР ДУЛААНГҮЙ СУУЖ БАЙНА

“Би 10-р хорооллын VI хороонд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт оршин суудаг. Бага хүү маань есөн сартай. 10-ны шөнөөс эхлээд манайх халаалтгүй хоносон. Өглөө сэрэхэд паар цэв хүйтэн, гэр маань нэлээд жиндүү байсан. Гайхаж хөршүүдээсээ асуутал адилхан байна гэсэн. Тэгээд дулаан руу залгахад “нэг их удахгүй” гэсэн ч одоог хүртэл хэвээрээ. Манайх нэг давхарт байдаг болохоор бүр хүйтэн. Хадам аавын маань гэр хажуу байранд байдаг. 70 гарсан хоёр хөгшин бүр л хэцүү байна. Би холбогдох хүмүүс рүү нь залгахад “Гэмтэл чинь хэцүү шүү дээ. Энэ зун ухаагүй газар гэмтэл үүссэн” гэж хариулсан. Энэ зунжингаа бид халуун усгүй байсан. Гэтэл одоо дүн өвлөөр дулаангүй сууж байна. Хүүхдүүд маань бүгдээрээ бага насных. Гэртээ хэчнээн дулаан хувцас өмссөн ч хоолой нь өвдөөд эхнээсээ ханиаж байна. Хэрэв хүндэрвэл эмнэлэгт очно. Коронагийн үед эмнэлэг хамгийн эрсдэлтэй газар болчхоод байна. Нялх хүү маань даарч уйлаад л байна. 21-р зуунд ийм асуудалтай сууж байгаа нь үнэхээр эмнэгэлтэй юм”.

-Оршин суугч Г.Нандин-Эрдэнэ: НЯЛХ ХҮҮХДЭЭ ОРНООС НЬ БОСГОЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ БАЙДАЛД БАЙНА

“Би саяхан нярайлсан, хүүхэд маань төрөөд хоёр долоо хоног л болж байгаа. Хүүхдээ давхар хөнжлөөр хучиж, орноос нь босгож чадахгүй байна. Нөхөр маань ээлжийн ажилтай болохоор гэртээ 24 цаг ирээгүй. Нөхрөө ирэхээр аавынхаа гэрт очих санаатай. Гэсэн ч коронавирус гарчхаад байхад нялх үрээ ийш тийш авч эрсдэлд оруулмааргүй байх юм. 48 цаг тэслээ. Шөнөдөө -30, өдөртөө -26 хүрч байхад үнэхээр хариуцлагагүй юм. Над шиг ийм байдалд орсон ээжүүд олон байгаа байх. Хүйтэн гэрт саяхан төрсөн хүүхэдтэйгээ хоёулханаа юу ч хийж чадахгүй ингээд сууж байна. Өнөөдөр дулаан өгөхгүй бол үнэхээр тэсвэр, тэвчээр алдарч байна”.

-Тавдугаар хороонд оршин суугч ГАМЬЖИРГААГАА АРАЙХИЙН ЗАЛГУУЛЖ БАЙХАД ХАЛААГУУР ЗАЛГАСНААС ҮҮДЭЛТЭЙ ТОГНЫ МӨНГӨ НЭМЭГДЭЖ БОДОГДОХ БОЛЛОО

“Би гэртээ хоёр эгч, эмээгийнхээ хамт амьдардаг. Эмээ маань саяхан даралт харваж, эмнэлэгт хэвтэж байгаад гэртээ ирсэн. Одоо олон давхар хөнжлөөр хучаад хөлийг нь бүлээцүүлж өгч байна. Бид ч яахав залуу хүмүүс болохоор тэсээд гарна. Гэтэл манай яг хажуу айлд 68-тай эмээ, ачтайгаа байдаг. Төрсөн хүү нь хот хоорондын жолооч болохоор гэртээ тэр болгон байдаггүй. Санаа зовоод хаалгыг нь тогштол ач хүүгээ тэврээд дээл нөмөрчихсөн сууж байсан. Өөр харах, хандах хүнгүй хөгшин настай хүмүүс зөндөө бий шүү дээ. Зунжин л шугам сүлжээ засаж байна гээд халуун ус тасалдаг. Гэтэл өвөл нь дулаангүй. Ер нь байнга л ийм асуудал гардаг. Хэнд хандах эсэхээ ч мэдэхгүй байна. Манайх энэ хоёр хоног хамаатны айлаасаа халаагуур авч ирж залгасан. Хөл хорио гээд иргэд ажилгүй, орлогогүй, зарим нь гэрээсээ ажиллаж байгаа тул хагас цалинтай. Амьжиргаагаа арайхийн залгуулж байхад дээр нь тенн залгаснаас үүдэлтэй тогны мөнгө өндөр гарна. Үнэхээр бухимдалтай байна” гэсэн юм. 

Оршин суугчид ийнхүү ярьлаа. 10-р хороолол орчмын дулааны сүлжээ болох 8А магистраль нь анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсрагдаж байсан бөгөөд 23 жил ажиллаж буй шугам юм байна. Уг шугамыг 2020 онд Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр бүрэн шинэчлэхээр байсан боловч европын холбооны улсуудад “Covid-19”-ийн халдвар эрчимжиж хөл хорио тогтоосны улмаас уг ажил хойшлогдсон тул ирэх хавар шугамыг бүрэн солих аж. Гэвч ид есийн хүйтэн эхлэхэд энэ байдал дахин давтагдвал яах вэ гэдэг асуудал санаа зовоосон хэвээр хоцорч байна.