Ч.Хүрэлбаатар: Вакцин авах гэрээ, хэлцэл ид хийгдэж байна

Ч.Хүрэлбаатар: Вакцин авах гэрээ, хэлцэл ид хийгдэж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчид асуулт асуулаа. Энэ үеэр вакцин авах асуудал ямар шатанд байгааг тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гурван чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. 

Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудтай харилцаж байна. Үүний нэг нь COVAX хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байна. 

Хоёрдугаарт, улс орнуудтай вакцины чиглэлээр хамтран ажиллаж байна. 

Гуравдугаарт, вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байгаа. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 

2020-2021 оны төсөвт 51 тэрбумыг төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Мөн Эрүүл мэндийн сангийн эрсдэлийн сангаас гаргах боломж байгаа ч түүндээ гар хүрэхгүй байхыг эрмэлзэж байна. Бид вакцинжуулах эрэмбэлэн ангилал хийсэн. Тухайлбал, эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил гааль, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулна. Түүнчлэн эдийн засгийн суурь салбарын ажилтнуудыг дархлаажуулах юм. Гэрээ, хэлцэл ид хийгдэж байгаа. Эцэслэн тодорхой болсны дараа та бүхэнд мэдээлнэ" гэлээ.