Д.Амартүвшин “Цолмон албан тушаал хүртэж байгааг гайхаж байна. Арай ч дээ” гэх мессежийг гишүүдэд илгээж

Д.Амартүвшин “Цолмон албан тушаал хүртэж байгааг гайхаж байна. Арай ч дээ” гэх мессежийг гишүүдэд илгээж

“Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан компани юм. 

Иймд сайдын энэтээ тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, гүйцэтгэх захирлыг томилоход Засгийн газар төдийгүй засаг барьж байгаа улс төрийн нам чухалчилж оролцдог. Тэгвэл саяхан тус компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа томилогдсон. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй, улмаар түүнд МАН-аас ямар нэг албан тушаал өгөхгүй нь, учир нь тэрээр М.Энхболдын хүн гэж байсан ч, түүнийг тус албан тушаалд томилсон юм. 

-НЭГ ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ, ГУРВАН ДЭД ЗАХИРАЛТАЙ АЖИЛЛАХ БҮТЭЦ БАТЛАГДЖЭЭ-

Харин тэрээр өчигдөр /2020.12.14/ Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-даа шинэ бүтэц, зохион байгуулалтаа танилцуулсан байна. Тухайлбал, тэрээр нэг тэргүүн дэд захиралтай, гурван дэд захиралтай байх бүтцийг батлуулжээ. Улмаар дэд захирлууд нь “Санхүү, эдийн засаг хариуцсан”, “Захиргаа хариуцсан”, “Салбарын үйл ажиллагаа хариуцсан” гэсэн чиглэлд ажиллах аж. Эдгээр гурван дэд захирлуудаас “Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал” нь томоохон байр суурийг эзэлж, тус компанийн гол үйл ажиллагааг авч явах төлөвтэй байна. Учир нь тус дэд захирал нь “Нүүрс, эрчим хүч, хий, хариуцсан”, “Метал хариуцсан”, “Дэд бүтэц хариуцсан” гэсэн гурван менежертэй байх юм байна. 

Эрдэнэс Монгол ХХК-ийн шинээр батлагдсан бүтэц

-УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРТҮВШИН “Ц.ЦОЛМОНГ ТОМИЛОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ” МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮДДЭЭ МЕССЕЖ ИЛГЭЭЖЭЭ-

Тэгвэл Эрдэнэс Монгол ХХК-ийн тэргүүн дэд захиралд н.Анаяа гэх эмэгтэй томилогдож байгаа юм байна. Тэрээр өмнө нь Уул уурхайн яаманд дарга байсан нэгэн аж. Харин гурван дэд захиралд УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн баз Л.Хосбаяр /Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү/, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон нарыг томилоход “ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх”-ийг тодруулахаар АТГ-д хандсан гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмонг “МАН-ын бодлогын эсрэг ажилласан” хэмээн зарим гишүүд нь үзэж дэмжихгүй гэдгээ илэрхийлж, нэрийг нь тус албан тушаалаас татуулсан гэх мэдээлэл байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин МАН-ын бүлгийн гишүүддээ хандаж “Энэ одоо манай намтай өрсөлдөж ХУД 29-р тойрогт намын бодлого сөрж бие даасан нэр дэвшсэн Цолмон гэж нөхөр ийм албан тушаалд албан тушаалд томилогдож байгаа юм уу?! Миний эсрэг сошиалаар баахан сэвж сэвж дийлээгүй байж одоо намын залуучуудын очих ёстой томилго дээр албан тушаал хүртэж байгааг гайхаж байна. Арай ч дээ” гэсэн мессеж илгээсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Г.Амартүвшингийн илгээсэн мессеж

Учир нь Г.Амартүвшин УИХ-ын 29 дүгээр тойрогт буюу Хан-Уул дүүрэгт Ц.Цолмонтой өрсөлдөж, ялалт байгуулсан юм. Харин Ц.Цолмонд МАН-аас нэр дэвших эрхийг МАН-ын дарга У.Хүрэлсүх өгөөгүй байх талтай байгаа.

Ингээд Ц.Цолмонгийн оронд Ж.Тана гэх эмэгтэйг дэд захирал томилохоор болжээ.

Сонирхуулахад, Ц.Цолмон нь  “Монгол Тамхи Со” компанийг үүсгэн байгуулагч, Уул уурхайн сайд асан, МАН-ын ууган гишүүдийн нэг Ц.Дашдорж агсны дүү гэдэг. Мөн хууль, зүйн салбартаа туршлагатай нэгэнд ордог тэрээр МАН-ын шилдэг боловсон хүчин, идэрчүүдийн тоонд ч багтдаг аж. Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын үед УИХ-ын Тамгын газрын албан тушаалыг хашиж байсан тул М.Энхболд хүн ч гэдэг байна. Харин МАН-д Г.Амартүвшин саяхан /1-2/ жилийн өмнө МАН-д гишүүнээр элссэн байх талтай. 

-ЭРДЭНЭС МОНГОЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ДЭД ДАРГЫН АЛБАН ТУШААЛД Л.ЭНХБОЛД ОЧИХ УУ-

Улмаар Эрдэнэс Монгол ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захиралд Л.Хосбаяр, Захиргаа хариуцсан дэд захиралд Ж.Тана нарын нэр яригдаж байгаа бол тус компанийн хамгийн чухал болох “Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал”-д Л.Энхболд нар яригдаж байгаа ажээ.  Л.Энхболдын хувьд 2016-2020 оны хугацаанд УИХ-ын гишүүний албан тушаалыг хашиж байсан бөгөөд энэ жилийн УИХ-ын сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнийг дахин нэр дэвшүүлээгүй гэх мэдээлэл байдаг. 

Сонирхуулахад, өмнөх парламентын үед Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг эгүүлэн татах саналаа хүргүүлж байсан ч олонхийг бүрдүүлж суусан МАН тэднийг авч үлдсэн юм. Улсын ерөнхий прокурорын зүгээс эдгээр дөрвөн хүний хэрэг нь илт хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдгийг ч тухайн үед тодотгож байв. Тэгвэл энэ дөрвөн хүний хоёр нь буюу УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нар ял авсан бол Б.Ундармаа торгууль төлөөд өнгөрсөн. Харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байсаар өнөөдөртэй золгож байгаа бөгөөд тэрбээр бүр “шагнуулахаар” болжээ.

Энэ талаар Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа өөрийн твиттер хуудастаа ийнхүү байр сууриа илэрхийлжээ.