Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАС ОРЖ, ЖАВАРТАЙ ХҮЙТЭН БАЙНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАС ОРЖ, ЖАВАРТАЙ ХҮЙТЭН БАЙНА

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 21-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-нд Алтайн салбар уулсаар, 22-24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Энэ сарын 23, 24-нд ихэнх нутгаар жавартай хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.