“Apple” компани автомашин үйлдвэрлэлээ сэргээж байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тодруулбал, тус компани 2024 он гэхэд өөрөө жолооддог систем бүхий автомашин үйлдвэрлэх гэнэ. Ингэхдээ “Apple” өөрийн бүтээсэн батарейн шинэ технологийг ашиглах юм байна. Өөрөөр хэлбэл шинээр гаргах автомат жолоодлоготой машин нь тэдний бүтээсэн шинэ батарейтайгаар цэнэглэгдэж ажиллана гэсэн үг юм.
“Apple” компани анх 2014 онд өөрийн брэндийн автомашин бүтээх “Project Titan” нэртэй төслийг эхлүүлж байсан. Төслийн явцад бүрэн хэмжээний автомашин бүтээх санаанаасаа буцаж, зөвхөн автомат жолоодлогын программ хангамж бүтээхээр болсон тухай мэдээлэл тарж байсан юм. Гэсэн ч Тесла руу ажиллахаар явсан төслийн багийн мэргэжилтэн “Apple”-д буцаж ирснээр 2018 оноос эхлэн уг ажлыг дахин эхлүүлсэн байна.
Түүнчлэн шинэ автомашиндаа “Apple” олон тооны lidar мэдрэгчийг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Зайнаас объект мэдрэх зориулалттай уг лазерын технологийг саяхан iPhone 12 Pro загварын ухаалаг гар утасны камерт нэвтрүүлсэн билээ.
“Ройтерс” агентлагын мэдээлж буйгаар "Apple" шинэ бүтээлээ 2024 онд дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байгаа ч цар тахлын улмаас тодорхой ажлууд хойшлогдож 2025 он хүрэх магадлалтай байгаа гэжээ.
Эх сурвалж: TheVerge