“Говь ХК”-ний бохирын станцад унаж нас барсан хүүгийн биед хөдөлмөрийн гэрээ нь байжээ

“Говь ХК”-ний бохирын станцад унаж нас барсан хүүгийн биед хөдөлмөрийн гэрээ нь байжээ

Машин авч ээжийгээ суулгаад явах гэнэн цагаахан мөрөөдөл тээсэн 18 настай хүү “Говь ХК”-нд ажилд ороод удаагүй ажлын байран дээрээ харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаач хүү тус компанид гурван сар ажиллаж улмаар жинхэнэ ажилтан болоод удаагүй байсан аж.

-ТУСГАЙ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ӨМСГӨЖ ОРУУЛААГҮЙ БАЙСАН-

Хэргийг тодруулбал, Долдугаар сарын 23-ны өдөр "Говь" ХК-ийн сантехникийн засварчин ажилтай 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан.  Тус компанийн удирдлага өглөөний 10:30 минутын үед түүнд "Говь" ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн байгаа юм. Харин талийгаач Л нь бохир соруулахаар муу усны худагт ажлын хувцас хэрэглэлгүй орсон аж. Улмаар муу усны худагт орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь харьсан эсэхийг тодруулснаар эрлийн ажиллагаа эхэлсэн байдаг.

Бохир соруулах үүрэг өгч оруулснаас хойш ажилтан нь оройн 23 цаг болсон ч гэртээ ирээгүйг байгууллагын нэг ч хүн нягталж, тодруулж асуугаагүй. Тэр ч бүү хэл хүүгээ хайж талийгаачийн ээж "Говь" ХК-ийн үйлдвэр дээр ирсэн ч дотогш нэвтрүүлээгүй байна.

Талийгаачийн ар гэрээс ээж, эгч нар нь ирж шаардлага тавьсаны эцэст оройн 23.00 цагийн үед хяналтын камерын бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан. Иймд Онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөнөөр аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулан авч, залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед гарган авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Цагдаагийн байгууллагад анх дуудлага мэдээллийг талийгаачийн эгч өгсөн бөгөөд тэрээр “Манай дүү Говь ХК-ний муу усны худагт ороод нас барсан байна хэмээн хэлсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгахад талийгаачийг онцгой байдлын алба хаагчид лагаас татан гаргасан байсан аж. Лаганд унаад нийтдээ 14 цаг байсан амь хохирогч 18 настай Л –ын цогцос лагын шахах хэсгийн сэнсний хажуунаас олдсон байна.

Эх сурвалжийн хэлснээр, талийгаачийн баруун нүд нь хөхөрсөн, баруун хацар нь шалбарсан байдалтай бохирын станцад унаж нас барсан байжээ.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн ба талийгаачийн биеээс эд мөрийн баримтаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа нэг ширхэг, хөдөлмөрийн гэрээ нэг ширхэгийг хураан авч хэрэгт хавсаргажээ.

-ГОВЬ КОМПАНИ ҮҮДЭНДЭЭ ХАМГААЛАЛТ ГАРГАЖ ДОТОГШ НЭВТРҮҮЛСЭНГҮЙ-

Бид дээрх харамсалтай мэдээллийг авч улмаар Говь ХК дээр очиж мэдээлэл авах гэсэн боловч тус компани үүдэндээ 2-3 гэрээт хамгаалалтын албаны хамгаалагч зогсоож гаднах үүднээсээ хаалгаа ч тайлж өгөхгүй байв. Хамгаалалтын албаныхан “тайлбар өгөхгүй”, “удирдлагуудаас мэдээлэл өгч болохгүй, нэг ч хүн битгий оруул гэсэн тушаал өгсөн” хэмээн хэлээд хаалгаа нээхгүй байсан юм. Хэвлэлийнхэн ирсэн ч хэн ч гарч ирэхгүй, ямар ч үг дугарахгүй байсан юм.

Ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллээр, Талийгаач залуугийн хувьд "Говь" ХК-д ажилд ороод гурван сар гаруй хугацаа өнгөрч байсан бөгөөд наадмын өмнө "жинхэлсэн" байжээ. Мөн лаг соруул гэж үүрэг өгч бохирын станц руу оруулахдаа тусгай тоног хэрэглэл, хувцас өмсгөөгүй гэхээс өөрөөр яриа өгөхгүй гэдгээ хэлсэн билээ.

Харин талийгаач хүүгийн ээж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа:

-“Миний хүү машин аваад таныгаа суулгаад явнаа гэдэг байсан. Эв эрүүл сав саруул хүү минь ажил хийнэ ээ гээд надад үнсүүлээд гарсан хүүхэд нас барчихлаа.

Нас барсан нь орой ирэхэд удирдлагууд нь хуралдаж байна, камер шүүж байна гэх зэргээр тайлбар хэлж олон цаг болсон. Би зөндөө хүлээсэн. Шүүгээд лаг руу ороод гарч ирээгүй байна гэж хэлээд онцгой байдал дуудсан. Говь компанийн удирдлагууд гарч ирээд бид нар цагдаа руу явлаа гээд яваад өгсөн” гэжээ.

У.УРАНЦЭЦЭГ