ФОРБС: Youtube-ээс 29 сая ам.доллар олсон есөн настай хүү оддын жагсаалтыг тэргүүлжээ

ФОРБС: Youtube-ээс 29 сая ам.доллар олсон есөн настай хүү оддын жагсаалтыг тэргүүлжээ

Тун удахгүй 2021 он айлчлан ирэх гэж байна. Энэ жилийн хувьд дэлхий даяар нүүрлээд буй цар тахлын улмаас ихэнх улс орнууд шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан ч салбар бүр энэ жилийн шилдэгүүдээ тодруулсаар байна. Тэгвэл дэлхий даяар алдартай “Youtube” платформын энэ жилийн хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг есөн настай хүү тэргүүлж, хүмүүсийг гайхшруулжээ.

Тэрбээр энэхүү жагсаалтын эхэнд гурав дахь жилдээ дараалан бичигдэж байгаа бөгөөд энэ жил тус платформоос 29 сая гаруй ам.долларын орлого олсон гэж “Форбс” сэтгүүл мэдээллээ.

9 настай Райан Каже хүү

-YOUTUBE-Н ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ ОДДЫН ЖАГСААЛТЫГ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭРГҮҮЛЖ БУЙ ХҮҮ ЖИЛД 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ-

Райан Каже нь АНУ-ын Техас мужид гэр бүлийнхээ хамт амьдардаг, гуравдугаар ангийн сурагч бөгөөд дөрвөн настайгаасаа эхлэн бичлэг хийж эхэлжээ. Ихэвчлэн шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэдэвтэй тоглоомын бичлэгүүдээрээ олонд танигдсан түүний хувьд анх хүүхэд багачуудын үзэх дуртай "Машинууд" киноны тоглоомуудаар тоглож байгаа бичлэг юүтүүбд цацагдаж, тэрбум гаруй үзэгч цуглуулж чаджээ.

Үүний дараа "Райаны ертөнц" хэмэх youtube сувгаа нээж олон мянган хүүхэд багачууд болон тоглоом сонирхогчдын дунд алдаршиж эхэлсэн байна. Түүнээс хойш сар бүр мянга мянган хүн түүний сувагт нэгдэж, үнэнч үзэгчидтэй болж чаджээ. Түүний энэхүү амжилтанд хүрэхэд мэдээж эцэг, эхийн оролцоо чамгүй их байсан бөгөөд хүүгийнхээ талаар “Business Insider” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Райаны шүтэн бишрэгчидтэйгээ харьцах харьцааг нь маш өвөрмөц гэж боддог. Камер асаж, бичлэг эхэлсэн цагаас түүний үзэгчдээ татаж буй байдал нь томоохон телевизийн шоуны хөтлөгч шиг л байдаг. Тэрээр бүх үзэгч хүүхдүүдийн дотны найз шиг нь байж, амьд харилцааг үүсгэж чаддаг. Тэгэхээр түүний энэхүү амжилт нь үзэгчидтэйгээ онцгой харилцаа тогтоож чадсаны үр дүн байх” хэмээн хэлжээ.

9 настай Райан Каже хүү

-ТЭРЭЭР 5000 ГАРУЙ АЛДАРТАЙ БРЭНДТЭЙ ГЭРЭЭ ХИЙЖ, ХҮҮХДИЙН СУВГУУДАД ӨӨРИЙН ГЭСЭН ШОУ НЭВТРҮҮЛЭГТЭЙ БОЛЖЭЭ-

“Форбс” сэтгүүлд бичсэнээр хүү өөрийн “Райаны ертөнц” сувгаар дамжуулан 5000 гаруй нэрийн бүтээгдэхүүнтэй гэрээ байгуулж чаджээ. Мөн гэр бүлээрээ томоохон сүлжээ тоглоомын дэлгүүрүүдэд зориулж олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд Райан хүү “Nickelodeon”, “Roku” гэх мэт алдартай хүүхдийн сувгуудад өөрийн гэсэн шоу нэвтрүүлэгтэй болж чадсан байна. Мөн тэрээр энэ сарын эхээр алдартай видео тоглоомын “Roblox” хэмээх платформ дээр өөрийн виртуал ертөнцийг эхлүүлжээ. “Wall Street Journal”-ийн мэдээлснээр Райан Кажи хүү одоогоор 500 сая орчим долларын хөрөнгөтэй хэмээн бүртгүүлжээ.

9 настай Райан Каже хүү