Л.Мөнхтүшиг: Франкфуртэд үлдсэн эмэгтэйг Чех рүү буцааж дараагийн нислэг хүртэл тусгаарлах байранд байлгана

Л.Мөнхтүшиг: Франкфуртэд үлдсэн эмэгтэйг Чех рүү буцааж дараагийн нислэг хүртэл тусгаарлах байранд байлгана

-ХОЁР МЯНГАН ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЭ ТАВЬСАН-

Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газар гадаадад гацсан иргэдээ зохион байгуулалттайгаар татаж байна. Өнөөдрийг хүртэл нийт 27729 иргэнийг эх оронд нь авч ирлээ.

Тодруулбал, гадаадын 93 орноос тусгай үүргийн 111 нислэгээр 21 мянга гаруй иргэн, автозамаар нийт 6637 иргэн эх орондоо иржээ. Хоёр хоногийн өмнө Япон улсаас 156 иргэн эх орондоо ирснээр энэ онд үйлдэгдэх тусгай үүргийн нислэг зогсож байна. Одоогоор гадаадын 30 орноос хоёр мянга гаруй иргэн яаралтай нутаг буцах хүсэлт тавьсан байна. Үүнээс 1500 гаруй нь БНСУ-д байгаа иргэд байна” гэв.

Мөн тэрбээр "Энэ сард үйлдсэн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгт нэг иргэн Covid-19 халдвартайн улмаас багтаж чадаагүй. Энэ асуудлаар Герман улс дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргасан, мөн тухайн иргэн цахим орчинд мэдээлэл гаргасан. Гадаад харилцааны яамны зүгээс тухайн иргэний эрүүл мэндийн нууц болон хувийн нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж байсан учраас дэлгэрэнгүй мэдээлэл хийхгүй байсан.

Өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг татан авах хүртэл санхүүгийн хүндрэлтэй үед нь тусалж байсан иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье. Мөн Франкфуртэд үлдсэн иргэнд сайн дураараа тусалж гэртээ байлгасан, нэрээ нууцалж буй иргэддээ талархаж байна. Уг иргэнийг Чех рүү буцааж, дараагийн нислэг хүртэл тусгаарлах байранд оруулах санал тавьсныг зөвшөөрсөн” гэлээ