Альпийн нуруунд Монголын далбаагаар “гангарсан" амралтын газрын эзэн Б.Үнэнбилэгтэй ярилцлаа

Альпийн нуруунд Монголын далбаагаар “гангарсан" амралтын газрын эзэн Б.Үнэнбилэгтэй ярилцлаа

Алс хол Альпийн нуруунд Монгол Улсын төрийн далбаатай нэгэн тохилог байшин байх аж. Харсан хүн хаа байсан энд Монголын туг яагаад мандсаныг гайхмаар. Энэ бол “Батцэрэн” амралтын газар. Альпийн нуруунд байх цорын ганц Монгол айл Батцэрэнгийн Үнэнбилэгийнх энэхүү амралтын газрыг 2018 онд байгуулжээ.

Гэхдээ энэ айл ашиг харж, амралтын газар бариагүй. Альпийн нуруунд амрахаар ирсэн Монголчуудыгаа хэдхэн хоног ч гэсэн ая тухтай байлгахын тулд өөрсдийнхөө гэрийн тал хэсгийг амралтын газар болгон тохижуулжээ. Мөн эх орноосоо хол харийн оронд удаан амьдарсан  элэг нэгтнүүддээ төрсөн нутгийг нь санагдуулам танил дотно мэдрэмж төрүүлэх зорилготой аж. Бид энэ удаа Альпийн нуруунд Монголынхоо далбаагаар “гангарч”, хүний нутагт буй Монголчууддаа сайхан сэтгэлээр тусалж буй Б.Үнэнбилэгтэй ярилцлаа.

Батцэрэн амралтын газар

-МОНГОЛЧУУДЫГАА ГАДНЫН ОРОНД ИРСЭН Ч ТАВ ТУХТАЙ
БАЙГААСАЙ ГЭЖ ХҮССЭН-

-Сайн байна уу. Хэд хоногийн өмнөөс “Дэлхийгээр аялагчид” фейсбүүк группд Альпийн нуруунд байдаг Монгол зочид буудлын талаар мэдээлэл тавигдаж хүмүүс их сонирхож хүлээн авч байлаа. Танай гэр бүл хэзээнээс Швейцарт суурьшсан юм бэ?

-Сайн. Сайн байна уу. Намайг Батцэрэнгийн Үнэнбилэг гэдэг. Би Швейцарт 2002 онд ирж одоог хүртэл амьдарч байна. Яг Альпийн нуруунд гэвэл 2018 онд нүүж ирсэн. Манайх их олуулаа, өнөр бүлтэй айл. Хүүхдүүд маань сургууль, соёл, ажил төрөл гээд тусдаа гарсны дараа байраа эзэнгүй байлгахын оронд энд ирсэн Монголчуудыгаа тав тухтай байлгая гэж эхнэр бид хоёр шийдсэн юм.

-Найман хүний багтаамжтай гэж дуулсан?

-Тийм. Унтлагын дөрвөн өрөө, том өрөө, гал тогоо гээд нийт таван өрөө орон сууц байгаа. Зочид буудал гэхээсээ илүү амралтын газар гэж хэлэх нь зүйтэй болов уу. Швейцар төдийгүй Европт байгаа Монголчууд маань амралтаараа Альпийн нуруунд ирье гэхэд замын зардал, буудал, хоол унд гээд нэлээд их зардал гарна шүү дээ. Эндхийн амралтын газрууд их үнэтэй, бас Монголчууд маань өөрсдийнхөө дураар байх сонирхолтой, гаднын оронд ирсэн ч бууз, хуушуураа хийж идэх дуртай байдаг. Монголчуудыгаа гаднын оронд ирсэн ч тав тухтай, Монгол ахуйдаа байгаа юм шиг мэдрэмж аваасай эхнэр бид хоёр нэг хүний өдрийн 25 франкаар /80 мянган төгрөг/ орон сууцандаа байрлуулах санааг анх гаргасан юм. Машины гараашаас эхлээд өөрсдөө хоол ундаа хийж идэх бүхий л зүйлс бий.

-Та анх 2002 онд Швейцарь очиж байсан юм байна. Суурин хотоос чухам яагаад Альпийн нурууг зорих болсон юм бэ?

-Яривал их урт түүх дээ. Товчхон яривал би Швейцарьт ирснийхээ дараа барилга дээр ажиллаж байгаад хөдөлмөрийн осолд орж, хүзүү нугасаа гэмтээсэн юм. Тэгээд хэсэг хугацаанд гэртээ сууж байгаад олон хүний хөл, дуу чимээнээс хол эрүүл агаарт амьдаръя гэж шийдэж Альпийн нуруунд нүүж ирсэн.

-Хот суурин газраас хүн хөл бага газар очоод хэр хурдан идээшиж, дасаж байв?

-Альпийн нурууг хүмүүс их хүйтэн газар гэж ойлгодог. Гэхдээ тийм ч хүйтэн биш. Биднийг ирснээс хойш хамгийн хүйтэндээ -18 градус л хүрсэн байх. Манай Монголын хүйтнийг бол гүйцэхгүй. Хоёр долоон хоногийн өмнө хоёр метр хэртэй цас орсон. Өнөөдөр +3 хэмийн дулаантай байна. Цаг агаар нь сайхан болохоор идээшиж дасахад тийм ч хэцүү байгаагүй ээ.

-Танайх Альпийн нурууны яг хаана байдаг вэ. Ямар унаа, тэргээр очих боломжтой вэ?

-Манайх яг төв хэсэгт нь байдаг. Швейцарийн нутаг дэвсгэрт хамаарагдах Альпийн нурууны төв хэсэг гэж ойлгож болно. Энэ хэсэгт амралт, явган аялал, уулын дугуй, цан чарганы томоохон бааз бүхий газрууд төвлөрсөн байдаг. Манайх руу ганц автобус л явна. Галт тэргээр ирэх боломжтой ч 30 км-ийн цаана буудал нь байдаг. Заримдаа машингүй ирсэн хүмүүс галт тэрэгний буудлаас манайх руу холбогдоход би очиж авдаг. Буцахад нь бас хүргэж өгөөд дараагийн зочдоо угтана даа/инээв/.

Дотор тохижилт

-МОНГОЛЫГ САНАГДУУЛАХ БҮХИЙ Л ЗҮЙЛИЙГ БАЙЛГАХЫГ
ХИЧЭЭЖ ТОХИЖУУЛСАН-

-2018 оноос хэчнээн Монголчууд танайд ирсэн бэ. Та хоёр маань тооцоо гаргасан уу. Одоо бас Монголчууд байрлаж байгаа юу?

-Барагцаагаар 400-500 хүн ирсэн байх. Одоо Францаас нэг гэр бүл ирчихсэн байгаа. Үдээс хойш бас нэг гэр бүлийг хүлээж авах гэж байна. Ер нь өвөл зунгүй л манайх хүн ихтэй байдаг. Надад ч бас Монголчуудтайгаа уулзаж, ярилцах, үзэх харах газруудыг зааж өгөх сайхан байдаг.

-Альпийн нуруунд байдаг цорын ганц монгол айл гэж хүмүүс их хэлж байсан. Ер нь танайхаас өөр монгол айл байдаг уу?

-Яг Альпийн нуруунд суурьшсан айл гэвэл манайхаас өөр байхгүй ээ. Гадаад хүнтэй суусан ганц нэг монголчууд Альпийн нурууны ойролцоох хотуудад амьдардаг.

-Альпийн нуруунд Монголын далбаа мандуулсныг хараад их сайхан санагдаж байлаа. Үүнээс гадна дотор бөхчүүдийн зураг харагдаж байсан?

-Энд ажил төрөл гээд Монгол руугаа явж чадаагүй бичиг баримттай, баримтгүй гээд олон хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүст Монголдоо, өөрийн гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхийн тулд ингэж тохижуулсан юм. Ойр хавийн зочид буудлууд унтах орноос өөр зүйл байдаггүй. Харин эхнэр бид хоёр Монголыг санагдуулах бүхий л зүйлийг байлгахыг хичээсэн.  Бөхийн зургийн тухайд эхлээд Монголынхоо уулын зургуудыг ханан дээрээ өлгөе гэж байсан ч тийм зургууд ховор байдаг юм байна лээ. Тэгээд 2017 оны бөхийн календариас зургууд авч ханаа “чимсэн”.

-Альпийн нуруу үзэсгэлэнт байгалиараа алдартай газар шүү дээ. Монголын уур амьсгалаас ялгаатай санагддаг уу?

-Монголын уур амьсгалтай их төстэй шүү. Тухайлбал, манай Хөвсгөлтэй их төстэй уур амьсгалтай. Уулын орой дээрээ нуур ихтэй, модорхог, самар, мөөг, жимс гээд Монголын байгальд байдаг бүхий л зүйлс ургана. Хөвсгөлийг Монголын Швейцар гэдэг нь их ортой үг юм билээ/инээв/.

-Хүмүүс мэдээж зургаас харах байх. Гэхдээ бидэнд төсөөлөл өгөх үүднээс танай буудлаас гадагш харагдах орчны талаар ярьж өгөөч.

-Манайхаас урагш Альпийн өндөр уулс харагдана. Цаад хэсэгт мөнх цаст уулс байдаг бол арай наана байх уулс зун болохоор ногоордог. Хажууханд хоёр уулаас эх авсан гол бий. Альпийн нуруунаас эх авч гүнзгий хавцал дээгүүр урсан Герман, Францын нутаг дэвсгэрээр Хойд далайд цутгадаг Райн мөрний эх бий. Эргэн тойрондоо мод, уул, гол, горхиор хүрээлүүлсэн газар даа.

Гадаах тохижилт

-ШВЕЙЦАРЬЧУУД МОНГОЛЧУУДЫГ САЙН ТАЛААС НЬ ИЛҮҮ ҮНЭЛДЭГ-

-Монголоос өөр орны хүмүүс танайд байрлаж болох уу?

-Энэ хавийн амралтын газрууд хүн ихтэй болохоороо манайх руу утастаж “сул өрөө байгаа юу, хүн авах боломж байна уу” гэдэг. Монголчууд маань давхцаад ороод ирдэг болохоор эхнэр бид хоёр “Үгүй ээ. Сул өрөө байхгүй” гэдэг. Монголчуудыгаа л юун түрүүнд хүлээж авахыг бодно шүү дээ.

-Та эхнэрийнхээ талаар ярьж өгөөч. Ямар ажил мэргэжилтэй хүн бэ?

-Эхнэрийг маань О.Сарангэрэл гэдэг. Оросод хими цэвэрлэгээний технологич мэргэжил эзэмшсэн. Энд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Өдрийн талыг ажил дээрээ, талыг нь гэртээ ирсэн зочдоо хүлээж авах, байр сууцаа цэвэрлэх, ор дэрний даавуунуудаа угаахад зарцуулж их л завгүй өнгөрөөдөг дөө. Энд их цастай болохоор хотоос ирж байгаа хүмүүс цасны хувцасгүй ирээд амархан норгочхоод байдаг юм. Эхнэр маань тэр болгонд санаа тавьж, хувцас нь норсон байна уу, угаах яах уу гээд ирсэн зочиддоо их санаа тавина.

-Өөр туслах ажилтан байгаа юу.

-Байхгүй ээ. Хүн авч ажиллуулж болно л доо. Гэхдээ цалин хөлсний асуудал үүсэх учраас одоохондоо боломжгүй байна. Бид ирсэн Монголчуудыгаа л ая тухтай байлгах зорилготой. Түүнээс ямар нэгэн ашиг хонжоо хараагүй болохоор эхнэр бид хоёр л ажиллаж байна.

-Дэлхийн бүх орон л ковидтой “тэмцэж” байна. Улаанбаатарт ч хөл хорио тогтоочихсон байгаа. Швейцарт байдал хэр байна?

-Коронавирусийн улмаас Австри, Чех, Франц, Бельги, Голланд гэх мэт орнуудад байдаг Монголчууд маань танайд очиж болох уу гэж их утастаж байгаа. Бид ч дуртай хүлээгээд л авна гэдэг. Швейцарт халдварын тархалт их, хөл хорио тогтоосон байгаа ч хилээ нээлттэй байлгаж эдийн засаг, аялал жуулчлалаа орхигдуулахгүйг хичээж байгаа. Мэдээж иргэд хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалт тогтмол зүүнэ.

-Та хэзээ хамгийн сүүлд Монголд ирсэн бэ. Эх нутгаа санаж байна уу?

-2016 онд гэр бүлийнхээ хамт аавынхаа нутаг Завхан аймагт очиж, Монголынхоо байгалийг биширч байгаад ирсэн дээ. Эх орноо саналгүй яахав. Хил нээлттэй байсан бол өнөөдөр ч гэсэн явах юмсан гэж бодож байна.

-Ярилцлагаа өндөрлөх тийш нь хандуулъя. Орон оронд Монгол хүнийг үнэлэх үнэлэмж гэж бий. Зарим орны иргэд биднийг Чингис хаанаар таньдаг бол зарим нь бүр Монгол гэж орон байдгийг ч мэддэггүй. Зарим нь Монголчуудыг өрөвч, нинжин сэтгэлтэй гэж сайшаадаг байхад муу хэлэх ч ард түмэн байна. Та Швейцарт олон жил амьдарсан. Таны ажигласнаар Швейцарчууд биднийг аль талаас нь илүү “үнэлдэг” юм шиг санагддаг вэ?

-Сайн талаас нь гэж хэлнэ. Бусад гадаад хүмүүсийг бодвол Монгол хүн их үнэлгээ сайтай байдаг. Нэгдүгээрт хэл ус сурахдаа хурдан. Хоёрдугаарт ажлыг сэтгэлээсээ сайн хийдэг гэж ярьдаг. Гэтэл Монголд нэг нэгнийгээ ажил голдог, цалин голдог, архи уудаг гэж муу талаас нь их дүгнэдэг. Би үүнийг гайхдаг юм. Энд ирсэн Монголчууд муу талаа харуулаад байдаггүй. Тиймээс Швейцарчууд Монгол хүнийг сайн талаас нь үнэлдэг. Монголчуудыг их уриалах дуртай ард түмэн гэж хэлдэг. Нэг нэгнээ сайн сайханд уриалж байдаг. Гэхдээ сүүлийн үед хувиа бодсон үзэл их дэлгэрэх болж. Нэг нэгэндээ тустай, дэмтэй явбал бүх зүйл сайхан болно гэж би боддог. Тиймээс Монголчуудыгаа харийн оронд ч, эх нутагтаа ч бие биедээ тустай дэмтэй амьдраасай гэж хүсэж байна.

-Баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье.

-Баярлалаа.

Дотоод тохижилт