Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Монголчуудын хэлж заншсанаар ес эхлээд дөрөв хонож байна. Өнгөрөгч өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байсан хэдий ч өнөөдрөөс эхлэн хүйтний эрч чангарахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Тодруулбал, “өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус. Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүрч хүйтэрнэ” гэж мэдээллээ.