Э.Содномпилжээ: 2020 оны Токиогийн олимпод бүх хүчээ гаргана

Э.Содномпилжээ: 2020 оны Токиогийн олимпод бүх хүчээ гаргана

Казахстан улсын Нур-Султан хотноо долдугаар сарын 11-21-ний өдрүүдэд пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Уг тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож дэлхийн дээд амжилтыг тогтоон, алтан медаль хүртсэн билээ. Тодруулбал, тэрбээр 107 кг жинд 247 кг өргөж, хувийн болон дэлхийн дээд амжилтыг гурваар ахиулж, дэлхийн аваргын алтан медаль хүртсэн юм.

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч Биеийн тамир спортын газарт Пауэрлифтингийн холбооны менежер, шүүгч Б.Энхбаярын хамт  /2019.07.25/ мэдээлэл хийлээ.

Хоёр жилд нэг удаа болдог, олимпийн наадмын дараа ордог тус томоохон тэмцээнд энэ жил 77 орны 2700 тамирчин хүч үзсэн байна. Манай -107 кг жинд 20 орны 22 тамирчин оролцжээ. Ингэхдээ А,Б,С гэсэн гурван хэсэгт хувааж оролцсон байна. Энэ 22 тамирчнаас Содномпилжээ хамгийн хүнд буюу 244 кг жин захиалж эхлүүлсэн ажээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэлэхдээ, “Дэлхийн аваргад явахын өмнө бэлтгэл сургуулилтын үеэр 252 кг байнга өргөж байгаад тэмцээнд ороод 247 өргөсөн. Тэмцээнүүд ойр ойрхон болж буй учир дунд нь 260 кг хоёр удаа өргөснөөс бусдаар 250 кг дээр тогтсон байлаа. Өргөж байсан жингээсээ багыг өргөсөн нь тактиктай холбоотой. 2020 оны Токиогийн олимп дээр бүх хүчээ гаргана.  Би олон улсад болон Монголд тус бүр хоёр холбоонд харьяалагдаж явдаг. Пара пауэрлифтинг болон олон улсын пауэрлифтингийн холбоо, энгийн тайлбарлахад, эрүүл болон энгийн төрөл гэсэн үг. Энэ жилийн хувьд Монгол улсад есдүгээр сард ААШТ болно. Мөн есдүгээр сарын 22-24-ний хооронд Испаний Мадрид хотод ахин нэг тэмцээнд оролцоно.

Ирэх онд миний төлөвлөсөн хоёр тэмцээний бий. Нэг нь Английн Манчестер хотод Европын дэлхийн цомын аварга, дөрөвдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсад мөн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнээс хойш тэмцээнд орохгүй байж байгаад наймдугаар сард Паралимпийн тэмцээндээ оролцоно.

Сэтгэлзүй өндөр байх ёстой. Хүнд жин авч байх үед мэдээж хамаг цус дээш хөөрч, нүүр рүү, нүд рүү чинэдэг. Тэмцээн дууссаны дараа нүүр гараа угаах гээд толинд харахад нүүрэн дээгүүр улаан толбоо үүссэн, нүдний судас улайссан байх жишээтэй” хэмээн ярилаа. 




Өнөөдөр хулгана өдөр

25 минутын өмнө