УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг төсвийн 500 орчим сая төгрөгөөр өөрийн эзэмшлийн “Мон Полимет” ХХК-ийн охин компани “Нар урт” ХХК-тай зэрэгцээ байрлах гэр рүү гээ зам бариулахаар бэлтгэж байгаа талаар www.Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг олон нийтэд мэдээлсэн.
Уг асуудлыг мэдээлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нь сэтгүүлч Н. Өнөрцэцэгийг нэр төрд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан байна. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нь төсвийн 500 сая төгрөгөөр гэр рүү гээ зам тавиулж буй нь ёс зүйн хувьд хэр зохимжтой вэ, үйл явдлыг газар дээрээс нь мэдээлсэн сэтгүүлчийг цагдаад өгч айлгах оролдлого хийж байна уу гэх мэт сэдвээр олон нийтийн сүлжээнд ихээхэн маргаан үүсгээд байна. Тиймээс бид www.Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй ярилцаж түүний байр, суурийг сонслоо.
-ТЭР ЗАМААР УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ӨӨРИЙН ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ Л ЯВНА. ӨӨР ХЭН Ч ЯВАХГҮЙ-
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав таныг өөрийнх нь нэр төрд халдсан хэрэгт буруутган цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа юм байна. Энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?
-Иргэн н.Мандахын өгсөн мэдээллийн дагуу www.zarig.mn видео сайт нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хамаарал бүхий “Нар урт” ХХК-ийн эзэмшлийн дөрвөн ширхэг барилгаруу 60 метр зам барьж байгаа талаарх мэдээллийг бэлтгэн газар дээрээс нь сурвалжилж хүргэсэн. Мөн бид энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон “Мон Полимет” компанийн ажилчдаас тодруулж, байр, суурийг нь хүргэсэн байгаа юм. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ЦЕГ-ын “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газар”-т гомдол гаргасан байна. Тэрбээр www.zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг УИХ-ын гишүүн миний нэр хүндэд удаа, дараа халдаж байна гэдэг үндэслэлээр гомдол гаргажээ. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гомдлыг ЦЕГ хянаж, шалгадаг. Гомдлын дагуу өнөөдөр би мэдүүлэг өгсөн.
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийн амьдардаг байр руу зам тавьсан гэх асуудлаар та хоёр ойлголтын зөрүүтэй байгаа юм биш биз дээ. Тухайлбал, Ц.Гарамжав Шангрилла зочид буудал руу барьж буй зам гэрийнх хажуугаар өнгөрч байгаа гэж ярьж байна. Харин та өөр тайлбар хийж байгаа шүү дээ. Тэнд барьж буй замын талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Авто замчдын гудамжнаас “Мон Полимет” ХХК-ийн орон сууцны комплекс хүртэлх замыг барих тендер зарлагдсан байдаг. Уг замыг барих мөнгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас гаргахаар төсөвт тусгасан байна. Ц.Гарамжав гишүүний хувьд иргэдийг төөрөгдүүлэх мэдээллийг иш татан яриад байгаа юм. Тухайлбал, тэрбээр Сүхбаатар дүүрэгт байрлах Авто замчдын гудамжнаас Шангрилла хүртэл барихаар төлөвлөсөн зам өөрийнх нь хувийн эзэмшлийн объектоор дайрч байгаа гэж ярьж байгаа. Гэтэл Авто замчдын гудамжнаас Шангрилла хүртэлх тавьж буй 500 метр зам Ц.Гарамжав гишүүнтэй огт хамаагүй. Харин уг замаас салаалж “Мон Полимет” комплекс руу барихаар зураг төсөлд тусгагдсан 60 метр замын зураг байна. Уг 60 метр замыг тавихад аль хэдийн бэлдэж газар чөлөөлөлт нь хийгдсэн байна билээ. Энэ зам цааш Юнескогийн гудамжтай холбогдоогүй харин Ц.Гарамжав гишүүний объектуудынх нь урд талын талбайтай нийлж байгаа юм. Түгжрэлийг багасгахад огт нэмэргүй зам байна лээ. Орон сууцыг тойрч буй л зам юм. Ц.Гарамжав гишүүн “Энэ замаар би ганцаараа явахгүй” гэж хэлсэн. Түүний хэлсэн үг үнэн, тэр замаар Ц.Гарамжав гишүүн, түүний хүүхдүүд болон “Нар Урт” компанийн ажилчид л явна. Яг тэнд Ц.Гарамжав гишүүн охид болон хүргэнүүдтэйгээ амьдардаг гэх мэдээллийг иргэдийн зүгээс өгсөн. Тэд л энэ замаар явна. Татвар төлөгчдийн мөнгөөр өөрийн барилгуудруу зам тавьж буй явдал нь шударга үнэнд нийцэхгүй байна. УИХ-ын гишүүн давуу эрх боломжоо ашиглаад асуудлыг ингэж зохицуулж байна гэдэг үүднээс сэтгүүлчийнхээ хардах эрхийн хүрээнд би энэ тухай мэдээллийг хүргэсэн.
-“Мон Полимет” ХХК нь өөрийн комплекс дотор зам бариулах хүсэлтийг өмнө нь гаргаж байсан гэх баримтыг та дэлгэсэн байсан?
-2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Нар Урт” ХХК-иас өөрийн хөрөнгөөр тус замыг баръя, зураг төслийг нь хийлгэсэн гэх утгатай албан бичгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хандан явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Нар Урт” ХХК болон түүний хажууханд байрлах Ц.Гарамжав гишүүний гэр рүү орох 60 метр замыг өөрийн хөрөнгөөр тавих гэж байсан байна шүү дээ. Гэтэл хэсэг хугацааны дараа тендер зарлагдахдаа тус замыг төсвийн хөрөнгөөр барихаар болсон байна. Үүнээс үзэхэд УИХ-ын гишүүд өөрсдийнхөө кнопыг үнэлдэг үү, уг замыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар болчхов гэх мэт эргэлзээтэй асуудлууд гарч ирж байгаа юм. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тайлбар өгч чадахгүй байгаа учраас би дээр хэлснийхээ адилаар хардаж байна. Харин ч эрхэм гишүүн Шангрилла зочид буудал хүртэлх замыг өөртөө хамааруулж уснаас хуурай гарах гэсэн оролдлого хийж байгаа.
-Уг зам яг одоо баригдаж байгаа юу. Зам барих ажил эхэлсэн юм уу?
-Зам барихтай холбоотой баримт бичиг 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн 318 дугаар захирамжаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас Нийслэлийн Засаг даргын тамгын газар шилжиж ирсэн. Тухайн өдөр нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас үнэлгээний хороо байгуулж 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр тендерийг зарласан байдаг. Ингээд тавдугаар сарын 17-ны өдөр тендер нээлтээ хийхэд нэг л компани оролцсон. Гэвч тухайн компани шаардлага хангаагүй учраас тендерийг түдгэлзүүлээд дараагийн тендерийг зарлаад явж байтал Нийслэлийн шүүхээс мөн л түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан. Одоо тендер түдгэлзсэн байдалтай байгаа учраас зам тавигдаагүй байна.
-Уг замыг тавих хөрөнгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас гаргасан нь анхаарал татаад байна. Энэ талаар судалж үзсэн үү?
-Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас уг төсөв гарахаар төсөвт тусгагдсан. Авто замын тухай хуульд зааснаар Зам, тээврийн сайдын багцаас олон улсын болон улсын чанартай өөрөөр хэлбэл томоохон хэмжээний замыг санхүүжүүлдэг юм байна. Гэтэл орон сууц доторх замыг Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас санхүүжүүлсэн нь анхаарал татаж байна. Цаашлаад энэ үйлдэл нь Авто замын тухай хуулийг зөрчиж байна. Бид энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос тодруулахад “Улсын төсөв батлагдах үеэр төсөв нь суугдсан. Төсөв батлахыг Засгийн газар бус УИХ мэддэг” гэж хариулсан. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав уг зам баригдахыг олон жил мөрөөдсөн гэж ярьсан. Тэгэхээр төсөв батлагдахад эрх мэдлээ ашиглаж нөлөөлсөн байх магадлалтай гэж хардаж байна.
-Таныг Солонгосын компанийн захиалгаар Ц.Гарамжав гишүүнийг гүтгэж байна гэж хүртэл ярьж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-“Мон Полимет” болон урд талд нь үйл ажиллагаа явуулдаг Солонгосын компани хоорондоо газрын маргаантай юм шиг байна лээ. Уг асуудлыг би сайн ойлгоогүй. “Мон Полимет” компанийн ажилчид намайг Солонгосын компанид худалдагдсан гэж ярьж байна. Ажлаа хийгээд явж буй сэтгүүлчийн нэр хүндэд халдсан энэхүү үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг АТГ-т шалгуулахаар өргөдөл гаргана. Эмнэлэг, сургуулийн хүрэлцээ муутай төсвийн мөнгө хүрэлцдэггүй энэ үед УИХ-ын эрхэм гишүүн өөрийнхөө гэр рүү зам тавиулахаар болсон нь ямар учиртай юм. Төсвийн мөнгө энэ хүний гэр рүү барих замын ажилд зарцуулагдахаар болсон асуудлыг шалгуулна.
-147 АЛХАМ ГАЗАРТ АЯ, ТУХТАЙ ЗОРЧИХЫН ТУЛД ТӨСВИЙН ЖААХАН ХӨРӨНГӨНӨӨС ХУМСАЛСАН УУ ГЭЖ ХАРДАЖ БАЙГАА-
-Маргаан цаашид үргэлжилнэ. Танд хэр сайн баримтууд байгаа вэ?
-Баримт өөрөө ярьдаг гэдэг. Tender.gov.mn сайт руу хандахад уг замыг барих тендер зарлагдсан баримт бий. Замын трасс зураг нь бий. Уг зургаас харахад яах аргагүй “Мон Полимет” ХХК-ийн охин компани “Нар Урт” компанийн таван объект руу барьж буй зам байгаа юм.
Бүх материал нээлттэй, ил тод байна. Би ч энэ хүрээндээ л мэдээлсэн. Ийм байхад УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийн эрх мэдэлдээ эрдэж, бярдаад байгааг ойлгохгүй байна. Сэтгүүлч рүү улайран дайрч эрхэнд нь халдаж байгаад гайхаж байна.
-Сүүлийн үед сэтгүүлчийг цагдаад өгч айлгах, хэлэх үгийг нь хааж, боох оролдлогыг эрх баригчдын зүгээс их гаргадаг болсон байна. Таны эсрэг гаргасан Ц.Гарамжав гишүүний үйлдлийг ч ингэж харах хүмүүс олон байна. Та өөртөө хэр итгэлтэй байгаа вэ?
-Өмнө нь прокурор А.Цэрэнсодном нэр төрд халдсан хэргээр намайг шүүхэд өгсөн. Эхнэр нь мөн прокурор. Ясаа цайтал шүүхдэлцэнэ гэж хэлээд цагдаад хандсан байдаг. Уг хэргийг ЦЕГ шалгаад хэрэгсэхгүй болгосон. Мөн Хөх хотын консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ гэх залуу намайг цагдааг шалгуулсан, одоо хэрэгсэхгүй болж байна. Эрх мэдэлтэй албан тушаалтнууд хуулийн байгууллагаар биднийг айлгах гэж оролдож байгаа. Харин бид баримт мэдээллээ хуулийн байгууллагад гаргаж өгөөд явж байна. Тухайн хүмүүс шүүхэд өгөх эрх нь нээлттэй. Харин УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг хуулийн байгууллагад хандсанд нь гайхаж байна. Учир нь бүхий л баримтууд нээлттэй, ил тод байна шүү дээ. Яалт ч үгүй өөрийнх нь хашаа руу зам орж байна. Түүнийг мэдээлсэн. Мөн мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс өөрөөс нь тайлбар авсан шүү дээ. Ийм тохиолдолд сэтгүүлчийн үйл ажиллагааг мохоох үйлдэл гаргаж буйд гайхаж байна. Өөрөө санаачилж баталсан хуулиа сэтгүүлч дээр туршиж эд шидийг нь үзэх гээд байна уу гэж хардаж байна.
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нь 500 сая төгрөгийг хувиасаа гаргаад зам барьчих хэмжээний хөрөнгөтэй хүн шиг харагддаг?
-Бизнес нь амжилттай яваа эмэгтэй шүү дээ. Хэд, хэдэн алтны уурхай ажиллуулахдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэх мэдээллүүд өмнө нь хэвлэлээр гарч байсан. Мөн бусдад олддоггүй урт хугацаатай, бага хүүтэй зээлийг Хөгжлийн банкнаас аваад өөрийнхөө бизнесийг дэмжээд явж байна. Нүүрэн дээрээ ард түмэн гэж ярьдаг мөртлөө цаанаа төсвийн мөнгөнөөс хумслах оролдлого хийж байгаа үйлдэлд нь олон нийт эгдүүцэж байна. Тухайлбал, Ц.Гарамжав гишүүний сонгогдсон тойрогт тулгамдсан олон асуудал бий. Маш олон иргэн эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй амь насаа алдаж байна. Олон хүүхдэд сургууль хүрэлцэхгүй гурван ээлжээр шөнө дөл болтол хичээллэж байна. Энэ бүгд төсөв, мөнгөний хүрэлцээ муутай холбоотой. Гэтэл тарчигхан төсвөөс УИХ-ын гишүүн Ц.Гарамжав маш богино зайд шороо босохгүй, дардан замаар явахын тулд хумсалж байна уу гэж харж байна. Би тэр замаар алхаж үзсэн. Ердөө 147 алхам газар байна лээ. Гэтэл энэ зайд ая, тухтай зорчихын тулд ийм үйлдэл гаргаж байна. Монголын ард түмэн эрхэм гишүүдийн энэ хандлагыг анхааралтай харж байгаа байх. Олон иргэнээс “Битгий бууж өгөөрэй. Хуулийн хүрээнд асуудлыг гаргаж тавиарай” гэж хэлж дэмжлэг их үзүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД