1985 оны "Super Mario Bros" тоглоом 96,875 ам.доллароор зарагдаж, хоёр дээд амжилт тогтоожээ

1985 оны "Super Mario Bros" тоглоом 96,875 ам.доллароор зарагдаж, хоёр дээд амжилт тогтоожээ

Японы “Nintendo” компанийн 1985 онд гаргасан алдарт “Super Mario Bros.” видео тоглоомын нэг хувь АНУ-д болсон дуудлага худалдаагаар 96,875 ам.доллароор зарагдаж, хоёр төрлийн дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Тодруулбал, уг тоглоомыг энэ сарын 20-21-нд АНУ-ын “Heritage Auctions” дуудлага худалдааны байгууллагаас зохион байгуулсан видео тоглоомын цуглуулгын дуудлага худалдаагаар худалдсан байна. Энэ нь 1985 онд үйлдвэрлэсэн “Super Mario Bros.” тоглоомын анхны үйлдвэрлэлийн хувилбар бөгөөд хайрцаг, тоглоомын кассет, заавар зэрэг анх худалдаанд гарахдаа дагалдаж байсан бүх зүйлээ хадгалсан байжээ. Мөн хайрцаг нь нээгдсэн боловч битүүмжилсэн наалт нь бүрэн бүтэн үлдсэн байна.

Мэргэжлийн үнэлгээний PSA байгууллагаас уг тоглоомд 10 онооноос 9.0 үнэлгээ өгчээ. Ингэснээр анхны үйлдвэрлэлийн хувилбарын хамгийн өндөр үнээр зарагдсан тоглоом болон хайрцаг, дагалдах хэрэгсэлтэйгээ бүрэн хадгалагдсан видео тоглоомын хамгийн өндөр үнэтэй хувь гэсэн хоёр амжилт тогтоосон байна.

Сонирхолтой нь, тус дуудлага худалдаагаар “Super Mario Bros.” тоглоомын 1985 оны хоёр дахь үйлдвэрлэлийн хувилбар ч 131,250 ам.доллароор зарагджээ. Энэ хувилбар нь хайрцагтаа задлагдаагүй, үйлдвэрийн битүүмжлэлтэй хэвээр байсан аж. “Super Mario Bros.” нь 1985 онд “Nintendo Entertainment System” (NES) тоглоомын төхөөрөмжид зориулан худалдаанд гарсан бөгөөд дэлхийн хамгийн алдартай видео тоглоомуудын нэг юм. Тус тоглоомын ховор хувилбарууд цуглуулагчдын дунд өндөр үнэ хүрдэг болсон байна.




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө