АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын ойролцоо Бямба гараг /2026.11.28/-ийн өглөө 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Лос-Анжелесийн олон улсын нисэх буудалд мэдрэгдсэн бөгөөд нислэгийн хөдөлгөөний удирдагч буухаар ойртож байсан нисэх онгоцны нисгэгчдэд буулт хийхээ түр зогсоож, дахин тойрч нисэх заавар өгсөн байна.
ВИДЕО:
Газар хөдлөлтийн голомт Манхэттен-Бич хотоос баруун өмнө зүгт, Номхон далайн эргээс ойролцоогоор 6 км зайд, 12 км орчим гүнд байсныг АНУ-ын Геологийн алба мэдээлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 09:30 цагт болсон байна.
Лос-Анжелесийн олон улсын нисэх буудлын терминалд чичирхийлэл мэдрэгдэж, таазны зарим хавтан унасан талаар мэдээлжээ. Мөн нисэх буудлын хяналтын камерын дүрс бичлэгт газар хөдөлж байх үед буухаар ойртож байсан онгоц харагдах бөгөөд нислэгийн удирдагч нисгэгчидтэй холбогдон дахин тойрч нисэхийг зааварласан байна.
Газар хөдлөлтийн дараа эхний 45 минутын хугацаанд 2.5-3.7 магнитудын хүчтэй хэд хэдэн давтан чичирхийлэл бүртгэгджээ.
Лос-Анжелес хотын Гал түймэртэй тэмцэх газар хотын 106 гал унтраах ангийн алба хаагчдыг газар хөдлөлтийн дараах үзлэг, шалгалтад дайчилж, барилга байгууламж болон дэд бүтцэд учирсан болзошгүй хохирлыг шалгасан байна. Эхний мэдээллээр хүний амь нас эрсэдсэн, ноцтой хохирол учирсан тохиолдол бүртгэгдээгүй байжээ. Энэхүү газар хөдлөлт нь Лос-Анжелес орчимд сүүлийн 12 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг гэж мэдээлэгдсэн байна.