Гар утас, таблет, компьютер ашиглан газрын дуудлага худалдаанд оролцох эрхтэй боллоо

Гар утас, таблет, компьютер ашиглан газрын дуудлага худалдаанд оролцох эрхтэй боллоо

Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо.

Газрын биржийн цахим төвийг нээснээр иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ  хамрагдахын зэрэгцээ газартай холбоотой мэдээ мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж, арилжаалах боломж бүрдэж байгаа юм. Мөн иргэд газрын үнэ, Кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт авах гэх мэт бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болохоос гадна түрээсийн бүртгэл хийх, газрын барьцааны талаар болон зах зээлийн үнийн бодит мэдээллийг нэг дороос авах зэргээр газрын харилцаатай холбоотой далд зах зээлийг нээлттэй болгож байгаа юм.

Тус системийг иргэдэд илүү ойртуулах зорилгоор “Газрын биржийн цахим төв”-өөр дамжуулан Газрын биржийн цахим систем/www.mle.mn/-тэй холбоотой бүх үйлчилгээг авахын зэрэгцээ Лавлах үйлчилгээний нэгдсэн систем “Call center” болон Газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлөх “Гэрэгэ Киокс”-оор үйлчлүүлэх боломжтой болжээ.

Цаашид Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлж, газрыг эрэлт хэрэгцээ, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд нийцүүлэн хөгжүүлэлт хийж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс газрын сан байгуулж, газар хөгжүүлэлт хийн, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй юм байна.

Газрын биржийн цахим системтэй холбоотой мэдээллийг www.mle.mn цахим хуудас болон 7777-1285 дугаараар холбогдож авах боломжтой юм.